Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
Ерэн жилийн түүхтэй “Улаанбаатар” нэрийг халах нь хэнд ашигтай гэж

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн төв талбай буюу Д.Сүхбаатар жанжины талбайн нэрийг "Чингис хааны талбай" болон өөрчилсөн. Үүний дараагаас ЗХУ-ын цаашлаад коммунизм, социализмын нэршил хэмээх "Улаанбаатар" нэрийг ад үзэж, "Чингис"-ээр солих нь гэх яриа гараад эхэллээ. Зарим телевизүүд ч энэ асуудлаар иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсож сурвалжлага хийж харагдсан.

Тэгвэл ирэх 2014 онд 90 жилийнхээ ойтой золгох Улаанбаатар нэрийг солих нь хэнд ямар ашигтай гэж. Зүгээр л социализмыг үзэн ядах сэтгэлийн хөөрлөөр өмнөх түүхээ арчин хаяж болно гэж үү. Мөн "соц нийгэм"-ийг үзэн ядаж, түүний гэх тодотголтой болгоныг утсгаж, үгүй хийж байгаа эдгээр хүмүүс аль нийгэмд хүмүүжсэн, аль нийгмээс төрсөн бэ.

Ямартаа ч миний мэдэхээр 40 мянгатад төрж өссөн сэхээтэн айлын хүү болоод тэдний нөхөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх соёл болсон хөшөө, талбайн нэрийг эрэмбэ дараатайгаар өөрчлөх бодол тээж энэ төрд гарч ирэв үү гэх бодол төрөөд байгаа нуугаад яах вэ.

Гэхдээ нийслэлээс гарч буй шийдвэр бүхэн иргэдийн саналаар гэдэг тайлбартай байдаг нь тун харамсалтай. Нэг хэсэг хүн иргэдийг цаашлаад нийслэлчүүдийг төлөөлж чадна гэдэгт итгэл хомс л байна. Харин нийслэлийн удирдлагуудад нэг ч байсан үнэтэй санал байдаг бололтой.

Тэгвэл Д.Сүхбаатарын талбайг "Чингис хааны талбай" болон өөрчилсөн асуудлаар Нийгмийн Ардчиллын Хүрээлэнгээс судалгаа хийсэн байна. Судалгаанд нийслэлийн зургаан дүүргийн 500 хүн хамрагджээ. Эдгээр судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80.3 хувь нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилснийг дэмжихгүй байна гэсэн хариултыг өгчээ.

Гэвч иргэдийн саналаар Сүхбаатарыг аль хэний нь халж Чингис хааны талбай нэртэй болчихлоо. Одоо тэгвэл мөн л иргэдийн саналаар Улаанбаатарыг халж, Чингис хот болгох уу. Ер нь эдгээр нэр нэршлийг өөрчлөх нь хэнд ямар ашигтай байна вэ гэдгийг дахин асуучихъя.

Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ гэх нэрүүдээр 1639-1924 оныг хүртэл нэрлэгдэж явсан Монгол Улсын нийслэл маань одоо л зөв нэрээ олж тогтох нь уу гэтэл 90 жилийн босгон дээр нь түлхэх тухай яригдаж эхлэж байна. Шалтгаан нь гадны хөгжилтэй орнуудын жишгээр улсынхаа нийслэлийг алдартай, нэр цуутай хүнийхээ нэрээр нэрлэж алдаршуулах гэнэ. Яагаав АНУ-ын Вашингтон, ОХУ-ын Ленинград гэдэг шиг л дуурайж байгаа юм байх.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд: Улаанбаатар хот /1924 оноос өнөөдрийг хүртэл/

1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хүрээ гэх нэрийг "Улаанбаатар" хот хэмээн өөрчлөхөөр болсон. Улмаар 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгвэл 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар "Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн" гэж зааж өгчээ. Өдгөө Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Далайн түвшнээс дээш 1351 метрт өндөрт оршдог. Нийт 4,704.4 м.кв газар нутагтай. Засаг захиргааны 9 дүүрэгт хуваагддаг.

Ами
Оллоо.мн
: 2013-11-13 09:46:07 : 3099

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх