Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
Даншиг наадмын “шуугиан” ба хуулийнхан хар тамхитай холбогдсон өдрүүд

Прокурор, тагнуулын ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдов

Энэ долоо хоногт олны анхаарлыг хамгийн ихээр татсан асуудал бол хуулийн байгууллагын ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон асуудал байлаа. Хууль сахиулах үүрэгтэй хуулийн ажилчид өөрсдөө хар тамхины хэрэгт холбогдсон нь манай улсад цагаан тахлын тархац аюулын хэмжээнд очжээ гэх айдсыг төрүүлж байна.

УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсээс хэд хэдэн хүнийг хар тамхины хэргээр саатуулсаны дунд Тээврийн прокурорын хяналтын газрын прокурор Х.Тамир, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар байсан юм. Тэднийг хар тамхи худалдан авахаар Чойрт очоод байхад нь үйлдэл дээнь барьсан гэдэг. Тэд их сургуулийн нэг ангийнхан бөгөөд прокурор Х.Тамирын аав нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр, дүү нь шүүхийн байгууллагад шүүгчээр ажилладаг шүүгч юм. Харин Б.Амарбаясгалан нь Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан аж. Юутай ч хуулийнхан холбогдсон энэхүү хэрэгт олон түмэн анхаарлаа хандуулж, хэрхэн шударга шийдвэрлэхийг харж байна.

Цахим картыг нэвтрүүлэв

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн иргэд нийтийн тээврийн автобусаар цахим картаар үйлчлүүлж эхэлсэн. Гэхдээ мэдээлэл муу байгаагаас үүдэн, цахим картын үйлчилгээ одоохондоо сайнгүй байна. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар Смарт карт” компани нийслэлийн Тээврийн газартай хамтран 1100 орчим автобусанд цахим төлбөрийн машиныг суурилуулаад байгаа аж. Иргэдэд 270 гаруй цэгээр цахим картыг худалдан авна. Цахим картын үнэ 3600 төгрөг. Картаа аваад, дахин 500-50000 хүртэлх төгрөгөөр цэнэглэх боломжтой. Түүнчлэн олон автобус дамжиж суудаг иргэдийн хувьд дараагийн автобусандаа 30 минутын дотор шилжиж суувал цахим картаар үнэгүй үйлчлүүлэх юм.  Цахим карт гурван төрөлтэй. Энгийн, оюутан, хүүхэд болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картууд бий. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэг удаа цахим картаа худалдан авахад хангалттай. Ингэхдээ картын үндсэн үнэ болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны аль нэг салбарт тушаагаад, мөнгө тушаасан баримтаа авна. Ахмад настны хувьд энэхүү мөнгө тушаасан баримтаа цахим үнэмлэхний хуулбарын хамтаар авч, харьяа хороо болон хөдөлмөр, халамжийн төвүүдээдэд хандсанаар цахим картаа авах аж. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгө тушаасан баримт, группийн хурлын шийдвэрийн хуулбар болон иргэний үнэмлэхний хуулбараа авч, харьяа хороо болон халамжийн төвдөө хандаж, картаа авах юм байна. Ахмад настан нэг удаа карт авсан бол дахин цэнэглэх шаардлагагүйгээр үнэгүй зорчих аж. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг удаадаа картаа авсан тохиолдолд группийн хугацаа дуусах хүртэл хугацаанд нийтийн тээврээр үнэгүй зорчих байна.

 

Бөхчүүд даншиг наадамд оноолтоор барилдана

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт  8 сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. 

Түүх  соёлоо сэргээж, улсынхаа онцлогыг гадна дотныхонд таниулна гэдэг утгаараа энэ наадам сайхан наадам болох байх гэсэн хандлага ажиглагдаж байна.

Хамгийн сонирхолтой нэг зүйл нь даншиг наадамд 256 хүчит бөх барилдана. Тэдгээрийг эрэмбэлэхгүйгээр сугалаа татуулж оноолтыг нь тааруулна. Товчоор хэлбэл бөхчүүдийн улсын наадмаар авсан цол харгалзахгүй. Нэгийн даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяртайгаа ч таарч болзошгүй. Харин ирэх жилийн даншиг наадамд энэ жил авсан цолны эрэмбээр барилдах гэнэ. Бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан энэ талаар хэвлэлд ярихдаа “Цол олгох талаар манай холбоотой огт зөвшилцөөгүй. Уг нь зөвшилцсөн бол сайнсан. Нийслэлийнхэн өөрсдөө мэдэж байгаа юм байлгүй дээ” гэжээ.

ММ агентлагийн захирал М.Оюунчимэгийг ажлаас нь халав

МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь ММ агентлагийн захирал М.Оюунчимэгийг ажлаас нь халж, ТВ-5 телевизийн тоймч М.Амарбаярыг томилсон. Чухам ямар учраас ийм томилгоо хийсэн нь тодорхойгүй байсан юм. Харин энэ талаар М.Оюунчимэг өөрийн твиттер хуудсаараа жиргэсэн. Тэрбээр “Авах өгөхөд учир бий. 6 сарын турш хөдөлмөрийн гэрээгүй цаг наргүй ажиллуулсан. Одоо гэтэл гэрээ хийгээгүй гэдэг шалтгаан ярьж байгаа нь өөр зорилго агуулжээ. Хөдөлмөрийн гэрээн дээр ажиллаж байна гээд хүлээлгэсэн. Гэтэл одоо гэрээ хийгээгүй гэсэн үндэслэл ярьж байна. Оюундарийг ийм бохир хулгайн зан гаргана гэж итгэхгүй л явна. Улстөрч ч гэлээ хэлсэндээ, ярьсандаа, тохирсондоо байхгүй бол хариу нь хурдан ирдэг” гэж жиргэсэн юм. Харин МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

 

Бүс нутгийн томоохон наадмууд эхэллээ

Үндэсний их баяр наадам дууссан ч зарим аймаг сумдууд түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Нэр хүнд цар хүрээгээр олны анхаарлыг татаж байсан Увс аймгийн наадам энэ үргэлжилж байна. Увсчууд хэзээнээсээ бөхөөрөө алдартай болохоор баяр наадмаа бөхийн баяр хэмээн нэрийдэж 512 хүчтэн барилдуулж улсын наадмаас дутахааргүй зүйл хийлээ. Хамгийн сонирхолтой нь энэ жил улсын баяр наадамд барилдана гэж байгаад больсон Дархан аварга А.Сүхбат Увс нутгийн  наадамд зодоглож бөхөд хайртай түмнээ баясгасан юм. Харамсалтай нь тэрээр хоёр даваанд сумын начин н.Лхамхүүд тахим өглөө.

Үүнтэй зэрэгцээд Өвөрхангай нутагт Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан даншиг наадам болов. Даншиг наадамд их нас, азарга, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болохоос гадна эрлийз бага, дунд, дээд насны уралдаа, хүчит 512 бөхийн барилдаан, сур харваа зэрэг болж үндэсний уламжлал түүх соёлоо хүндэтгэлээ.

Г.Ган

: 2015-07-25 12:28:10 : 3109

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх