Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
Баривчлуулах моод

Сонгууль дөхөхөөр л хэн нэгнийг барьж хорих моод дэлгэрч. Энэ удаагийн сонгуулиар ч энэ бүхэн давтагдах нь бололтой. Энэхүү үзэгдлийг улс төрийн хүрээнийхэн ямар нэгэн захиалгат байж магадгүй гэдэг үүднээс “Баривчлуулах моод” хэмээн нэрийдэх болсон байна. Уг тодорхойлолтод хамаарч болохоор хэд хэдэн тохиолдол байгаа гэнэ.

Р.Эрдэнэбүрэнгийн баривчилгаанд Б.Наранхүүг хардаж эхэлжээ

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас баривчилсан. Гэтэл үүний цаад учир нь Р.Эрдэнэбүрэн дээрх албан тушаалд байх хугацаандаа төрөлх нутаг Дундговь аймгийн Гурвансайхан сумыг жишиг сум болгосонд байж магадгүй гэнэ. Тэрбээр нутгийн иргэдийн хандив болон төслийн санхүүжилтээс олсон мөнгөөрөө Гурвансайхан сумын дэд бүтцийн асуудлыг шийдэж, газар төлөвлөлтийг нь ч үлгэр жишээ болохоор хийчихсэн аж. Энэ бүхэн нь Дундговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн зүрхийг үхүүлсэн байж болох талтайг улс төрийн хүрээнийхэн ам булаалдан ярьж байгаа юм. Учир нь Р.Эрдэнэбүрэнг Алтангадас фракцийнхан Дундговь аймагт нэр дэвшүүлэхээр эртнээс бэлтгэлийг нь базааж байсан. Тэр ч утгаараа Р.Эрдэнэбүрэн Дундговьчуудад хэлэх үгээ бэлтгэж, нутгаа халуун, хүйтэн устай болгох ажлыг Гурвансайхан сумаас эхлүүлээд байжээ. Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд Дундговьд УИХ-ын гишүүн Б.Наранхүү нэр дэвших эрх горилох нь гарцаагүй. Тэрбээр аймгийнхнаа мотоцикль, машинаар торддог байсан бол сүүлийн үед орон сууц сугалаагаар олгодог моодыг дэлгэрүүлээд байсан. Гэсэн ч мотоцикль, машинаас илүүтэй Дундговьчуудад Гурвансайхан сумынхан шиг халуун, хүйтэн ус, хот төлөвлөлтийн эмх замбараа хэрэгтэй байсан. Тиймээс Ардчилсан намынхан Р.Эрдэнэбүрэнг Дундговьд нэр дэвшүүлэх магадлал өндөр байсан ч байж юуны магад. Энэ ч утгаараа намынхан нь хийгээд өрөөлийн намынхан Р.Эрдэнэбүрэнийг баривчилгааны цаана Б.Наранхүү байгаа юу гэсэн хардлагыг тээж эхлээд байгаа бололтой юм.

Р.Эрдэнэбүрэнгээр эхлүүлсэн баривчилгаа Дорноговьд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайханаар үргэлжилж магадгүй байгааг хуулийн байгууллагынхан ярьж байгаа. Цаашлаад Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг ч АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ бүхнээс үүдээд АТГ-ын дараагийн бай нь хэний захиалга хэн байх вэ гэдэг оньсого улс төрийнхний хүрээнд өрнөж, айх нь айж, цээжээ дэлдэх нь цээжээ дэлдэж эхэлжээ.

 

У.Жанцан l tsenzurgui.mn

: 2016-04-07 09:36:00 : 5346

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх