Шуурхай мэдээ
  Нүүр     Эдийн засаг
Америк доллар 00-ын цаас болж магадгүй

Жэймс Рикардс бол АНУ-ын эдийн засагч, банк санхүүгийн шинжээч, зөвлөгч юм. Рикардс өнөөгийн олон улсын санхүүгийн системийн талаарх шүүмжээрээ алдаршсан. Түүний бичсэн "Валютын дайн" (2011), "Мөнгөний төгсгөл" (2014) номууд шилдэг борлуулалттай номоор шалгарчээ. Тэрээр үйлчлүүлэгчиддээ ойртон ирж буй санхүүгийн хямрал, долларын ханшын уналт болон алтны үнийн огцом өсөлтийг анхааруулан сануулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, долларт найдаж, түүнийг хурааж хадгалах нь аюултай байж магадгүй болжээ. Таны америк доллар нэг сайхан өдөр ердөө л хямдхан цаас болон хувирч мэднэ. Рикардс 2014 оны 5 дугаар сарын 28-нд RT телевизэд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг та бүхэнд товчоор хүргэж байна.
 
Мөнгөний глобал систем удахгүй нуран унана
 
Санхүүгийн шинжээч Жэймс Рикардс өнөөгийн мөнгөний систем ойрын ирээдүйд нуран унана хэмээн үзэж байна. Орос, Хятад улсууд АНУ-ын доллар дэлхийн валютын нөөцийн үүрэг гүйцэтгэж буйг зогсоохыг хүсч байна. Түүний харж буйгаар, тэдний энэ хүсэл улам бүр зайлах гарцгүй болох "хямралын эхэн үеийн шинж тэмдэг" ажээ. 

Рикардс ярилцлагадаа, "Хятад гурван триллион доллартай. Гэвч тэд аль болох яаравчлан алт худалдан авч байна шүү дээ. Хятадууд АНУ ханш уналтаар дамжуулан доллараа үнэгүйдүүлэх нь хэмээн санаа зовж байгаа юм. Иймд, тэд долларын ханш унасан тохиолдолд, ханш уналтаас үүдэх хохиролоос зайлахыг хүсч байна" хэмээн хэллээ.

Түүний энэ таамналыг дэмжсэн нэг үйл явдал нь энэ сард Санкт Петербург хотноо зохиогдсон "18 дахь олон улсын эдийн засгийн форум" дээр Оросын Ерөнхийлөгч Владимр Путины хэлсэн үг хэмээн Рикардс онцолсон юм.

"Путин Зүүн Европ, Төв Ази, Оросыг оролцуулан Евразийн эдийн засгийн бүс байгуулах харалттай байна. Оросын рубль дэлхийн валютын нөөц болно гэх ойрын ямар ч төлөв байхгүй. Гэхдээ энэ нь бүс нутгийн валютын нөөц байж болох юм" хэмээн тэрээр хэлэв.

Рикардс долларын төгсгөл ирж байгаа тухай өгүүлсэн "Мөнгөний төгсгөл" номоо өнгөрсөн 4 дүгээр сард хэвлүүлсэн юм. Гэвч номын зохиогч үйл явдал түүний урьдчилан таамагласнаас хурдан өрнөж буйд гайхаж орхижээ. "Хэрэв ямар нэг зүйл, үйл явдал хүлээж байснаас хурдан хэмнэлтэй өрнөвөл, тэдгээр сүйрэлт үр дагаварын зарим нь миний бичсэн хугацаанаас ч өмнө гарч ирж магадгүй" хэмээн тэр хэллээ.

Өнгөрсөн лхагва гаригт Хятад, Орос улсууд дэлхийн хамгийн хурдан өсөж буй эдийн засгийг 30 жил хийгээр хангах 400 тэрбум ам.долларын түүхэн гэрээ байгуулсан юм. Энэ нь дэлхийн валютын нөөц болох ногоон мөнгөний хаанчлалыг үгүй хийх үйл явцыг түргэтгэжээ.

Шилдэг борлуулалттай номын зохиогч тэрбээр системийн үндэс суурьт асуудал байгаа тул доллар эцэстээ үүргээ гүйцэтгэж чадахгүй болж байна хэмээн системийн нуралтын тухай гол санааг гарган бичжээ. Орос, Хятад, Иран, Энэтхэг зэрэг хүчирхэг улсууд өөрийн үндэсний аюулгүй байдал болон АНУ-ын эдийн засаг улам бүр сульдаж буйгаас шалтгаалан АНУ-д найдахаа больсон. Иймд тэд долларын стандартаас гарахыг хүсч байна.

Тэрээр хоёр зэрэг уналт болох нь "улам бүр зайлшгүй харагдаж байна" хэмээн хэлсэн ба үүнийг ингэж тайлбарласан юм:

"Алдааг аль хэдийн гаргасан. Системд тогтворгүй байдал аль хэдийн үүссэн. Бид ердөө л үүнийг түргэтгэн өдөөх ямар нэг үйл явдлыг л хүлээж байна. Яг одоо долларыг хүнд байдалд оруулж буй олон улсын гурван том хүчин зүйл байгаа юм. Эдгээр нь Орос, Хятад, Саудын Араб".

"1970 оноос хойш Саудын Араб петро-доллар хэмээн нэрлэж буй тэр зүйлийн тэргүүлэгч нь байв. Саудын Араб, арай өргөн хүрээнд хэлбэл OPEC газрын тосыг доллараар үнэлж ирсэн ба энэ нь дэлхийн зах зээлийг доллараас хамааралтай болгосон".

"Орос нь гол түүхий эд экспортлогч; тэд мөн экспортоо доллараар үнэлж хийдэг. Гэвч одоо Орос Крым, Украйны асуудлаас болж АНУ-тай санхүүгийн дайнд орлоо. Тэгэхээр долларт учрах аюулаас зайлах аргагүй болсон" хэмээн Рикардс өгүүлсэн юм.  

Гэтэл нөгөө талд, АНУ өөрөө хүнд байдалд орсон. АНУ-ын хувьд, 17 триллион долларын өрөө төлөх цорын ганц арга зам нь долларын ханшыг унагах болон хувирчээ. Гэвч энэ нь бусад улс доллараас хөндийрөхөд хүргэж байна. Энэ үед Орос, Хятад алт худалдан авч, нөөцөлж байгаа нь төлбөр тооцоо явуулах ямар нэг шинэ нөөц рүү шилжих хандлагыг зөгнөж байна.                   

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш П.Мягмар
: 2016-08-19 10:51:20 : 118110

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх