Шуурхай мэдээ
  Нүүр     Эдийн засаг
Нийтийн байрны үнэ 500 мянгад хүрчээ

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлээд тав хонож байна. Жил бүрийн намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд олон асуудлууд урган гарч ирдэг. Тэдний нэг бол яах аргагүй оюутнуудын амьдрах байрны асуудал.

Орон нутгаас оюутан болж ирсэн хүүхдүүд түүнчлэн архаг оюутнууд бүтэн жил амьдрах байраа олох гэж үнэндээ багагүй зовдог нь үнэн. Боломжтой нэг нь карма өрөө, эсвэл 1-2 өрөө байр бүтэн жилээр нь түрээслэх, эсвэл овсгоо самбаагаа ашиглаж, оюутны дотуур байрандаа орж чаддаг. Харин шинэхэн оюутнууд нийтийн байр буюу гэр хороолол дунд байр түрээслэх нь элбэг.

Яг үнэндээ наймдугаар сарын сүүлчээр буюу оюутнууд ирэх сургаар, хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийтийн байр түрээслүүлдэг хүмүүс “даам” гарч байрны үнээ огцом нэмдэг байна. Одоо ч байраа олж төвхнөж жигдрээгүй оюутнууд “Зар сурталчилгааны сонин” худалдан авч хямдхан байрны эрэлд гарчихсан явна. Гэхдээ хямдхан нийтийн байр гэж бараг алга аа. Нийтийн байрны үнэ ханш 150-500 мянгад хүрчээ. Уг нь 100-350 мянган төгрөгийн үнэтэй байсан бол ийнхүү огцом нэмэгдэж. Нийтийн байрны үнэ нэмэгдчихээр нөгөө орон сууцны халаасны өрөөний үнэ дагаад нэмэгдэх нь ойлгомжтой. Хэд хүрэх бол, халаас нимгэн оюутнууд тийм үнэтэй байранд орох уу, үнэхээр байх айл хамаатан садан байхгүй бол аргагүй эрхэнд орно. Гэхдээ ганцаараа биш, найз нөхөд, хамаатныхаа хүүхдүүдтэй нийлж орж байж түрээсийн төлбөрөө хувааж төлөх боломж харагдана. Нийтийн байрны хувьд Баянбүрд, Дарь-Эх, Хайлааст, Чингэлтэй, Саппора хавиар илүү олон байдаг бөгөөд хоёр янзын байрууд. Нэг нь дотроо халаалт, устай бол нөгөө нь галладаг зуухтай, гаднаас усаа зөөдөг байх жишээний.

Оюутнуудын хувьд илүү тохилог, ая тухтайг нь сонгох хэдий ч үнийг нь сонсоход бас л хэцүү санагдана. Илүү боломжийг тохилог, дотроо халуун хүйтэн устай нийтийн байрнууд нь 350-500-д хүрсэн байна. Гэхдээ зарим газартаа шүү, бүгдийг нь хамруулж харлуулах гэсэнгүй. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед оюутнуудыг ирэх сургаар зуны гурван сар эзэнгүй хэвтсэн “нийтийн” гэх тодотголтой байрнуудыхаа үнийг 100-200 мянган төгрөгөөр нэмэхдээ жаахан ч гэсэн хүн чанар, хүнлэг сэтгэл гаргах ч яадаг байна аа.

Оюутнууд орлоготой биш шүү дээ, тэд сурах гэж эрдэм мэдлэг эзэмших гэж хөдөө орон нутгаас ирж байгаа болохоос ажил хийх гэж ирээгүй юм шүү, нийтийн байрны “босс” эзэддээ. Тэд ээж аавынхаа хөлс хүчийг шавхаж л сурч байгаа. Тиймээс ядаж байрны үнээ нэмэхгүй байх тал дээр анхаараач. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна” гэсэн байр суурьтай хандаж болохгүй ээ, хэдий та нарын хувийн өмч, орон байр ч гэлээ жаахан хүн чанартай, хүнээ гэсэн сэтгэлтэй байвал олон оюутан, олон аав ээж баярлах болно шүү.

Өнөөдрийн байдлаар Монголд 160 гаруй мянган оюутан 100 орчим их дээд сургуульд суралцаж байна. Тэдний тал хувь нь орон нутгийн оюутнууд юм. Харин манай их дээд сургуулиуд хувийн ч бай хувьсгалын ч бай дотуур байрны асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээр асуудал үүсгэдэг.

Манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн 69 дотуур байр бий. Эдний 43 нь нийслэлд харьяалагдана. Тэгэхээр оюутны байр бүх оюутанд хүрэлцэх нь бүү хэл орон нутгаас ирж байгаа залуусыг ч бүрэн багтаахгүй байх нь ойлгомжтой. Тэдгээр байруудад арав гаруй мянган оюутныг хүлээж авах хүчин чадалтай. Мөн хоёр жилийн өмнө 1000 оюутны дотуур байрыг ашиглалтад оруулсан. Энэ нь бага ч гэсэн нэмэр болсон ч асуудлыг бүрэн шийдвэрлэх хэмжээнд биш гэдэгтэй санал нийлнэ. Тэгвэл энэ жилийн хувьд өнөөх үнэ нь огцом нэмэгджээ. Учир нь сүүлийн үед ам.долларын ханш 2000 хол гарсантай холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ, юм юмны үнэ өсөж нийтийн байрны түрээсийн үнэ ч дагаад өссөн нь энэ гэж тайлбарлаж байгаа юм.

О.Сайхан

: 2016-09-06 10:28:13 : 35796

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх