Шуурхай мэдээ
  Нүүр     Нийгэм
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн. Тэрээр танилцуулгадаа, Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлиийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын дээд шүүхээс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон заавар, журмуудыг батлан хэрэгжүүлж байна. Мөн төрөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байрлуулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхамууд хийгдсэн. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон. Тухайлбал, 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30.4 хувиар өссөн бол 2010-2016 оны эхний 8 дугаар сарын байдлаар тус гэмт хэргийн улмаас 95 хүн амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудын судалгаа харуулж байна гэв.

Мөн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 8 жилийн хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүхээс гаргасан ч тэдгээр шийдвэрүүдийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилтийн үр дүнгүй байдал нь зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалаах процедурыг орхигдуулсантай холбоотой. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх нь чухал байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар нар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардлыг хэрхэн шийдэх, хамгаалах байрны хүрэлцээний талаар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааны талаар асууж, тодруулсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Өмнөх парламентаар ёсчлогдоогүй процессын таван хуулийн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байсан. Төсөл санаачлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газраас цаг алдалгүй өргөн мэдүүлсэн. Хуулийг хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх тал дээр голчлон анхаарсан. 10 дугаар сарын эхний хагас гэхэд УИХ-аар батлагдвал 11 дүгээр сард төсөт хэлэлцэх үеэр санхүүгийн асуудлыг шийдэх бололцоотой.

Хууль зүй, дотоод хэргийн яамны ХЗБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Сайнзориг:

Олон улсын жишгээр 80 мянган хүн амд нэг хамгаалах байр байдаг. Монгол Улсад одоогоор 11 хамгаалах байр байгаагаас үйл ажиллагаа нь жигдэрсэн 4-5 байр бий. Санхүүжилтийн асуудлаас болоод төдийлөн сайн биш байгаа. Хууль батлагдаад санхүүжилт болон салбар хоорондын уялдаа холбоо сайжирвал хамгаалах байрны асуудал шийдэгдэнэ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал:

Манай төв 22 жилийн турш тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллага. Өдөр бүр 5-10 хүнд сэтгэл зүй, хууль, нийгмийн халамж, хамгаалал гээд цогц үйлчилгээг нөөц боломжиндоо тааруулан тогтмол үзүүлж байна. Өнгөрсөн онд 1600 гаруй цагдаагийн алба хаагч, аймаг, дүүргийн нийгмийн ажилтнуудад сургалт явуулсан. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулахад 21 аймаг, 9 дүүргийн холбогдох мэргэжилтнүүдээс санал авч хүргүүлсэн. Төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж өргөн цар хүрээнд ажиллаж чадахгүй байна. Ихэвчлэн төсөл, хөтөлбөрийн шугамаар санхүүгийн асуудлаа шийддэг.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Нямдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулан долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

: 2016-09-10 12:06:04 : 34560

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

  • Нэр: zochin IP: 43.228.129.xxx

    Сэтгэгдэл: ene huulind ger bul uimuulj bgaa 2-dogch etgeeded tootsoh zuil zaalt bgaa bolovuu.huuhed onchruulj bgaa gol buruutan ni ted shuu dee

Бидэнтэй нэгдэх