Шуурхай мэдээ
  Нүүр     Улс төр
Э.Батүүл : намайг С.Зоригийн хэрэгт холбогдуулах сонирхол зарим хүмүүст байх шиг байна

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр намынхаа байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр : намайг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дахин хууль бусаар сэжигтнээр татлаа. Өөрөөр хэлбэл маш их ноцтой, маш эргэлзээ төрүүлсэн үйл явдал болж байна. Өнөөдөр миний өгч байгаа энэ мэдээллийг зориуд тасалдуулах вий гэдэг үүднээс би зориуд та бүхэнд хандан мэдээлэл хийж байгаа юм гэлээ. Тэрээр: намайг анх энэ хэрэг гарсны дараа миний малгай талийгаачийн гэрт байсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага надаас мэдүүлэг авсан. Тэр үед “тэд надад таны малгай хэргийн газраас олдсон учраас таныг сэжигтнээр татаж байна” гэж хэлсэн .
 
Тухайн үед намайг яаж гүтгэж, гүжирдэж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Бас Д.Дожоодорж гэдэг хүн” С.Зоригийг хэн алсан бэ? “ гэсэн ном гаргасан. Тэр хүн номынхоо эхэнд “С.Баяр таньд сайн сайхныг хүсье “гэж бичсэн байсан. Энэ номыг гаргах гаргахдаа бүр сонгуулийн өмнө тодруулбал 2007 оны 7-сарын 26-д сонгуулийн өмнө бичсэн. Би энэ аймшигт хэрэг гарснаас хойш улс төрийн намууд болон олон түмэнд хандаж “хэргийг улс төржүүлж хэрхэвч болохгүй” гэж байнга хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хэрэг гарсан тэр үед манай намын байрны өмнө олон мянган хүн цуглараад ,тухайн үеийн Ардын намын байр луу дайрья гэж байсан. Би тэгэхэд тэдэнд хандаж тэгж болохгүй гэж хэлж байсан. Хэрвээ би тэр үед Ардын намын байр луу хуруугаараа заасан бол аймшигтай юм болох байсан гэж боддог. Өөрөөр хэлбэл би тэр үед арга хэмжээ аваагүй бол хүчирхийлэл гарах байсан.
 
С.Зоригийн аллагын тухай ном бичсэн Д.Дожоодорж гэдэг тэр хүн номондоо Э.Бат-Үүл Ардын намыг энэ хэрэгт холбоотой гэж хэлж болохгүй гэж байгаа юм бол энэ хэргийг тэр өөрөө маш сайн мэдэж байгаа юм байна гэж бичсэн байсан. Тэр ч байтугай энэ хэрэгт Ерөнхийлөгч Н.Багабандийг холбоотой гэсэн мэдээлэл ч тэр үед явж байсан. Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл явдаг. 2000 оны сонгуулиар МАН саяын сонгууль шиг маш том ялалт байгуулж ,найман сард намайг хийгээгүй хэргийн төлөө Ганц худагт хорьсон. Намайг Ганц худагт хорихдоо тухайн үеийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Ч.Амарболд генералын даалгавараар хорьсон. Ч.Амарболдын үед рецедив гэмт хэрэгтнүүд дураараа дургиж байлаа. Үүнийг нь прокурор хүчингүй болгож байсан. Намайг тухайн үед цагдаагийн хошууч Н.Цогтбаяр гэдэг хүн хорьсон,энэ хүн дараа нь гэнэт тушаал дэвшиж дэд хурандаа болж байсан. Тухайн үед МАН сонгуульд ялалт байгуулж гарч ирэхдээ бид С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж ялалт байгуулсан.
 
Тэр үед би Ц.Элбэгдоржид гаднаас өндөр зэрэглэлийн мөрдөгч авчирч энэ хэргийг мөрдүүлье гэж хэлж байсан. Бас би энэ талаар төрсөн дүү С.Оюунд ч хэлж байсан. Мөн “Ноцтой мэдээ” сонинд намайг С.Зоригийг алж байхад нь хараад сууж байсан мэтээр бичсэн. Би энэ асуудлыг прокурорт шалгуулхаар өгсөн ч одоо хүртэл шалгаж өгөхгүй байгаа. Саяхан би сонгуулийн дараа эхнэртэйгээ хөдөө амраад ирэхэд Тагнуулын байгууллагаас сэжигтнээр татаж байгаагаа мэдэгдэж, тогтоол гардуулсан. Энэ хэрэгт хоёр удаа намайг сэжигтнээр тогтоолоо. Ийм зүйл заалт эрүүгийн байцаан шийтгэх хуульд огт байдаггүй.Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа энэ хэргийг “маш нууц” нэрийн дор хаалттай байлгасан юм. Үүнийг мөрдөн байцаагч дураараа тогтоосон. Нууцын зэрэглэлийг хэн дуртай мөрдөн байцаагч дураараа тогтоодоггүй. Өөрөөр хэлбэл нэг асуудлаар ,нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр тогтоолоо. Сая намайг яг энэ хуучин хэлбэрээрээ яллагдагчаар татлаа.
 
Би хариуд нь тэдэнд мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Өнгөрсөн хугцаанд би энэ асуудалд хамгийн их хэлмэгдсэн хүн. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл хулиган учраас энэ хэрэгт ихээхэн тохирох хүн гэсэн мессежийг тараах сонирхол зарим хүмүүст байхшиг байна. Би энэ хэргийг илрээсэй гэж өдөр бүр залбирдаг. Намайг шалгаж болно. Гэхдээ хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захиалгатай байна гэсэн үг. Байцаалт авахдаа бүр тэгэхээс тэгж байгаа юм шиг дандаа мартуулж байгаад авдаг. Одоо сая 16 жилийн дараа дахиад асууж байна. Би үүнийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа. Хамгийн хачирхалтай нь саяхан надаас бүр 16 жилийн дараа хурууны хээ ,үс болон цусны шинжилгээ анх удаагаа авсан. Нэг үгээр хэлбэл яллагдагчаар татсан хойноо нотлох баримт хайж байна. Намайг байцааж байгаа мөрдөн байцаагчид дээрээс ” хорьж шалга “гэсэн үүрэг чиглэл өгсөн бололтой юм билээ. Намайг энэ хэрэгт яллагдагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй гэлээ.
 
Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд та өрсөлдөх үү гэсэн асуултад : намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөч гэсэн саналыг намын нөхөд болон олон түмнээс их тавьж байгаа гэв. Тэрээр цааш нь одоо байгаа Ардчилсан намын дарга намынхаа шинэчлэлийг хийгээд ажлаа өгөх ёстой. Тэгж байж манай нам шинэчлэгдэнэ. Хэрвээ намайг шинэчлэлийн төлөө намын дарга бол гэвэл би үүнийг дуртайя хүлээж авна гэлээ.
 
Ж.Батдорж
: 2016-09-12 13:59:49 : 32850

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Бидэнтэй нэгдэх