Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Овоо тахих тусгай зан үйл бий

Овоог голдуу сүрлэг сайхан уулын орой, рашаан, булаг, том том гол мөрний эхэнд босгохоос гадна тал нутгийн сүр сүлдэр оршиж буй газар оронд босгох тохиолдол элбэгдүү. Голцож мод, чулуугаар босгодог бөгөөд ач холбогдол, утга агуулга, түүхэн уламжлал зэргээсээ хамаараад том, бага янз бүрийн хэмжээ дамжаатай бургас, хусаар залам хийсэн, тэрчлэн шургааг модоор голбосгосон том овоо, аль эсвэл хашаа хороо барьж дөрвөлжилсөн хорго овоо, олон олноор нь зээглэн зэрэгцүүлж босгосон цуваа овоо зэрэг өөр өөр хэлбэр галбиртай овоо бий.
Зарим овоо нь ардын зан үйлтэй холбоотой ч үүссэн байдаг. Жишээ нь, том том даваан дээр босгосон овоод нь их бартааг туулснаа, халил өндөр дээр гарч уудам холыг харах бололцоотой болсноо, бас аз хийморьтой яваагаа гэх мэт олон зүйл, бодрол ухаарлыг шингээн бэлгэшээл, өргөмжлөл дээдлэлээ илэрхийлдэг газар нь болсон байдаг. Тийм газар заавал зогсож, овоондоо чулуу нэмэн “Овооны эх нь Танд, олзны их нь маньд” гэх зэргээр ерөөл, бэлгэшээлт үг хэлэн, гурвантаа тойрох буюу өндөр биш даваа гүвээн дээрхи овооны дэргэдүүр яаруу сандруу яваа бол зүүн дөрөөгөө мултлан, ерөөл бэлгэшээлт үг хэлж, хүндэтгэн өнгөрдөг заншилтай. 
Зарим газар гагцхүү даваан дээр ганц овоо босгох биш, даваа бүхий нурууг дагуулан олон овоо зээглэн босгодог ч уламжлал бий юм. 
Жишээ нь: Өлийн халзан давааны 13 овоо, Хатгины 13 овоо, Зотол ханы 13 овоо гэх мэт алдар цуутай овоонууд бий.

Овоог тахидаг цаг хугацаатай, тахих ёс дэгтэй, оролцох хүмүүсийн зиндаа дэвтэй байдаг. Голцуу хавар, намар тахина. Өвөл тахих нь ховор. Ган гачигтай үед хур гуйж овоо тахих, өвөл өнтэй байлгахыг хүсэж сан тавьж, өргөл өргөх зэргээр улирал улиралд овоо тахидаг, тэгэхдээ тогтмол нэг хугацаанд тахиж, овооны найр, даншиг наадмаа хийж баярлаж цэнгэдэг ёсон бий болж, одоо ч мөн уламжлагдсаар байна.
Овоо тахих тусгай зан үйл бий. Юуны өмнө овоогоо засаж сэргээнэ. Овоон дээрээ нэмж мод хатгах, хадаг самбай уях зэргээр дүр төрхийг нь сайхан болгож, дөрвөн талд нь сан тавих тавиур чулуу бэлтгэх буюу хуучныг засаж янзална. Гол зочин овооны баруун хойд талд суух учиртай.
Тахилгад оролцогсод овоонд өргөх хонины мах, архи дарс, бяслаг, ааруул, идээ сэлтийг авч ирнэ. Тахилга эхлэх үед овооны дэргэд гал түлж, идээ цагаа, архи, айрагныхаа дээжийг овоондоо өргөж, мялаалга үйлддэг.

Хэрвээ бөө, удган нар оролцож байгаа бол тэд эхлэн бөөлөх бөгөөд лам нар оролцож байгаа бол тэд ном уншина. Тэрхүү ёслол дууссаны дараа тахилгад оролцогсод идээ цагаагаа хувааж хүртээд үлдсэнийг нь овоондоо өргөнө.
Овоо болгоны зорилго чиглэл харилцан адилгүй байдаг. Тийм ч учраас тахих шүтэх, утга агуулга оноох нь ч өөр өөр. Монголд “хүүхдийн овоо” нэртэй, тийм ч их өндөр бус газар босгосон овоонууд байдаг. 
Цээртэй газар хүүхдийг очуулахгүй өөрийнх нь овоон дээр гаргаж ёслол үйлдүүлэх, тэгснээр багаас нь зан үйлээ мэддэг болгодог арга юм.
Нутгийн зааг хилийн овоог хоёр талаас оролцон хамтран тахиж, эв найртай байгаагаа илтгэх нь бий.
Рашаан усны овоог сувилуулж байгаа хүмүүс байнга эргэн, идээ будаа тавих, залбирах шүтэхээс гадна бас илжирч муудах, хорхой шавьж шавах, бохир муухай болохоос сэргийлж цэвэрлэх, буурь сэлгэх ч уламжлал бий.

Зам гудас аянчин, жинчний босгосон, замын тэмдэглэлээ болгосон овоо ч бас бий. Тэр нь буух, үдлэх, амрах тохиромжит газар болж хэвшдэгээс гадна бас замын саад, бэрхшээл, аюул ослыг болгоомжлуулсан, мэдээлсэн үүрэгтэй ч байх нь бий.

Ийнхүү монголчууд түүхэн урт удаан хугацаанд уламжилж өвлөж, хөгжүүлж өөрчилж, тухайн цаг үе, аж амьдралынхаа хэвшилтэй уялдуулж утга агуулга оруулж ирсэн нэг соёл нь овоо, овооны тахилга, түүнтэй холбоотой зан үйл юм.
Овоог тахиж шүтэх нь зөвхөн шашны утга агуулгатай төдийгүй байгалиа хайрлаж хамгаалах, нутаг орноороо бахархах, үүх түүхээ сэргээн уламжлах, утга санааг өвлүүлэх зэрэг зан үйл, нийгэм-ухаарлын томоохон ач холбогдол бүхий юм.
zevtenger.blog

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр