Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ажлаасаа хоцордог төрийн албан хаагчийг чөлөөлдөг болжээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар төр захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэх шийдвэр хэрэгжээд долоо хоног өнгөрч байна.  Төрийн албан хаагчдын ажил өглөө 08:00 цагаас эхлэх тул тэд оройтлоо гэхэд  07.50 цаг гэхэд ажлын байран дээрээ ирсэн байх нь тэдний үүрэг юм. Тиймээс иргэдийн зүгээс шүүмжлэл тасардаггүй Газрын алба өглөө 08.00 цагт ажил эхэлж байгаа эсэхийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн Газрын албыг зорилоо. Тус газрын алба Улаанбаатар шилэн банкны хоёр давхарт байрлах ба өглөөний 07.20 цагийн үед газрын албаныхан, төрийн алба хаагчид ажилдаа ирж байв.

Өглөө 07.25-07.30 цагт Чингэлтэй дүүргийн газрын албаар ороход цөөн хэдэн мэргэжилтэн ирсэн, ажил цуглах хараахан болоогүй, эл хуль орчин угтлаа. Түүнээс 10 минутын дараа гэхэд 07.40 цагийн үед Албаны дарга Ж.Мөнхбат бугуйн цагаа харсаар яарч  ирэхтэй зэрэгцэн албан хаагчид 07.55 цагт бүрэн цуглав. Тус газрын алба нь нийт 13 мэргэжилтэнтэй аж. Ажилтнууд өглөөний 07.55 цаг гэхэд цугласан байх ёстой тул  ихэнх нь ажил эхлэхээс 5-10 минутын өмнө ажлын бэлтгэлээ хангадаг гэдгийг тус газрын албаныхан хэлж байв.

Өглөөний 08.00 цагаас өмнө ажилдаа ирэхийн тулд ажлын цагтаа амжиж очиж чадаж байгаа эсэхийг Газар өмчлөлийн мэргэжилтэн М.Бямбажаргалын сэтгэгдлийг сонсоход “Өглөөгүүр замын түгжрэл харьцангуй бага учраас ажлаас хоцрох асуудал байдаггүй. Би өглөө ажил дээрээ 07.20-07.30 цагийн үед ирсэн байдаг. Хэрэв ажлаас хоцорвол дотоод байгууллагын журмаар арга хэмжээ авхуулна шүү дээ. Удаа дараалан хоцорвол сануулна цаашлаад ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Ер нь өглөө 08.00 цагаас ажил эхлэхээр орой 06.00 цагт замын түгжрэл эхлэхээс өмнө тардаг болохоор хүүхдээ цэцэрлэгээс авах цаг гарч байна. Ажил 09.00 цагаас эхлэхээр орой нь хүүхэд цэцэрлэгээс авах, замын түгжрэл хоёр давхцахаас эхлээд асуудал их шүү дээ. Хэдийгээр замын түгжрэлээс өмнө ажилдаа ирж, орой 17.00 цагт тарж байгаа ч өглөө нь хүүхдээ цэцэрлэгт хүргэх хүнгүйдэх асуудалтай нүүр тулж байна. Өглөөний 07.00 цагт ямар ч цэцэрлэг үүдээ нээхгүй. Тиймээс ажлын цаг 08.30-17.30 цаг байх нь илүү тохиромжтой” гэлээ. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 1,2,3,7,8,9,10,19 дүгээр хороо болон тус хороонд харьяалагдах Яргайт, Шадивлан, Гүнт, Ар согоот зуслангийн чиглэлийг хариуцан ажилладаг аж.

Түүнтэй адил саналыг Газрын төлбөрийн байцаагч З.Алтанцэцэг хэлж байв. Тэрбээр “Өглөө 08.30 цагаас ажил эхлэх нь хамгийн тохиромжтой.Яагаад гэвэл бага насны хүүхэдтэй учраас цэцэрлэгт нь хүргэж өгөх ажилтай. Гэрт нь үлдээх боломжгүй болохоор 08.00 цагаас хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгснийхөө дараа нь ажилдаа явах хэрэг гарна. Өглөөний 08.00 цагаас өмнө цэцэрлэг үүдээ нээхгүй, би ч бас ажилдаа түүнээс өмнө очих шаардлагатай. Ажлын цагаас өмнө очиход өглөө 07.00-07.10 цагт гарах хэрэгтэй шүү дээ.  Одоогоор хүүхдүүдийн хичээл сургууль амарч байгаа болохоор асуудал арай бага” гэлээ. Харин залуусын хувьд өглөө 08.00 цагт ажлын цаг эхлэх нь зүйтэй хэмээн үзэж байв.

   ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ 08.00 ЦАГААС ЭХЭЛСЭН Ч БИДНИЙГ "БОДСОНГҮЙ"

Өглөөний 08.00 цагаас тус газрын албаны шуурхай хурал эхэлсний дараа нь бусдаасаа өрсөн  ажлаа амжуулахаар ирсэн иргэд цаг орчим хүлээв. Зарим нь хүлээцтэй хандаж байхад зарим нь газрын албаны мэргэжилтнүүд хуралдсанд шүүмжлэлтэй хандаж байсан.

Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн Ц.Батжамц“Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлдэг болсон нь маш зөв. Энэ шийдвэрийг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь зүйтэй байсан. Газрын асуудлаа шийдүүлэхээр ирсэн ч хуралдсан байх юм. Уг нь бид аль болох цагаа хэмнэх үүднээс  эрт ирж байна. Иргэдэд үйлчлэх цагаар биш дотоод ажилтай үедээ хурлаа хийж болдоггүй юм уу. Иргэдэд үйлчлэх уулзах өдрөөрөө хурал хийнэ гэдэг байж болохгүй” гэлээ. Мөн иргэн Б.Гарамдагва “Төрийн алба хаагчдын ажил 08.00 цагаас эхэлдэг болсонд баяртай байгаа. Би зуслангийн газар өмчлөхөөр найман жил хөөцөлдөж байна. Өнөөдөр ч бас энэ асуудлаараа эртлэн ирсэн ч ажилтнууд нь хуралтай байна. Цаг орчим хүлээлээ. Бусдын цаг завыг хүндлэх хэрэгтэй. Гэхдээ ачаалал бага байна. Өдийд ч их хүнтэй байдаг” гэлээ. Өөр нэгэн иргэн П.Наранцэцэг “Төрийн алба хаагчдын ажил өглөө 08.00 цагаас эхэлдэг нь цаг зав маш их хэмнэж байгаа ч өглөөгүүр хуралдах нь хэр зүйтэй юм бол доо. Бид чинь бас аль болох ажлаа хурдан амжуулахаар л  08.00 цагаас ажил эхлэхээс өмнө 07.30 цаг гэхэд  бусад ажлаа зохицуулан байж л энд  ирж байна шүү дээ. Гэтэл хуралтай гэх юм. Хүлээхээс өөр арга байхгүй шүү дээ” хэмээв.

Төрийн албан хаагчдын ажил  зургадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн өглөөний 08.00 цагт эхлээд удаагүй ч зарим тохиолдолд албан хаагчид ажлаасаа хоцордог тохиолдол гарсныг Чингэлтэй дүүргийн Газрын  албаны дарга Ж.Мөнхбат нуусангүй. Түүнээс ажлаасаа хоцорсон төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцдог болон иргэдийн гомдлын дагуу ажил эхлэхэд ямар учраас хуралддаг асуудлаар тодрууллаа.

АЖЛЫН ЦАГААС 300 МИНУТ ХОЦОРЧ, НЭГ УДАА САНУУЛГА АВСАН БОЛ ШУУД АЖЛААС  ЧӨЛӨӨЛНӨ 

-Ажлын хуваарьт өөрчлөлт орж, өглөөний 08.00 цагаас төрийн байгууллагуудын ажил эхэлж байгаа. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш танайд албан хаагчид  ажлаасаа хоцорсон тохиолдол гарсан уу?

-Дээд шатны байгууллагаас  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын цагийн хуваарийг баталдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж өглөө 08.00 цагаас эхэлж байна. Энэ шийдвэр хэрэгжээд долоо хоног өнгөрч, хэвшиж эхэлж байна. Зарим нэг хоцорсон тохиолдол гарсан. Үүнд төрийн байгууллагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажилладаг,

– Ажлаасаа хоцорсон төрийн албан хаагчид  ямар хариуцлага тооцдог вэ?

Манай байгууллагын хувьд ажлаас 300 минут хүртэл хоцорсон бол сануулга өгнө. Дараа нь цаг баримтлахгүй хэвээр бол сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг. Төрийн захиргааны хуулийн дагуу сануулах болон чөлөөлөх хүртэл хариуцлага ногдуулж байгаа, цалинг бууруулах шийдвэр хүчингүй болсон.

– Өглөөний шуурхай хурлаар таны хувьд хариуцсан мэргэжилтнүүддээ ажлын цаг баримтлахыг сануулж байна. Иргэдийн зүгээс өглөө 08.00 цагаас ажил эхлэхтэй зэрэгцэн хуралдаж байгаад шүүмжилж, ажлын бус цагаар буюу дотоод ажлын шугамаар хуралдах саналыг дэвшүүлж байгаа юм. Танайх  өглөө бүр хуралддаг уу?

– Хурал бол ажлын нэг хэсэг. Тухайн байгууллага хурлаараа дээд шатны байгууллагаас өгч буй үүрэг даалгавар чиглэлийг дунд шатны албан тушаалтан, доод шатны ажил гүйцэтгэж буй мэргэжилтнүүдэд үүрэг даалгаврыг цаг хугацаа алдалгүй өгөх ёстой. Тиймээс өнөө өглөө мэдээллийг цаг тухайд нь хүргэж, шуурхай хуралдлаа.Мэдээлэл өгөх хурлыг өдөр бүр хийдэггүйг иргэд ойлгох хэрэгтэй. Бид 14 хоногт нэг удаа цаг 30 минут хүртэл хуралддаг. Мөн энэ хурлаараа мэргэжилтнүүдийн ажлын тайланг сонсч, дүгнэдэг. Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх учиртай.  Бид долоо хоног мягмар, пүрэв гаригт дотоод ажилтай байдаг. Гэхдээ бид иргэдэд дотоод ажлынхаа нэг өдрийг ажлын өдөр болгосон. Тиймээс зөвхөн пүрэв гаригт Газрын алба дотоод ажилтай. Тухайн өдөр газар зохион байгуулагчид гадуур ажил хийж гүйцэтгэнэ. Зөвшөөрөлгүй хашаа буулгах, чөлөөлөх, зөрчил арилгах арга хэмжээ авна. Бусад мэргэжилтнүүд ажлын таван өдөр иргэдэд үйлчилнэ.

-Таны хувьд энэ удаагийн хурлаар албан хаагчдад иргэдэд төрийн албаны хүнд суртал үзүүлэлгүй, хурдан шуурхай үйлчлэхийг санууллаа. Иргэдээс танай мэргэжилтнүүдтэй холбоотой гомдол ирдэг үү?

– Төрийн захиргааны байгууллагын албан хаагчид хуулиар хүлээсэн үүрэгтэй. Мөн хуулиар хүлээсэн эрх хэмжээтэй.Манай салбарын чиглэлийн ажилтан алба хаагчид хийж гүйцэтгэж буй ажлаараа иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх нь бидний гол зорилго байх ёстой. Энэ хүрээнд бид үүрэг даалгавар ажлын хариуцлагатай ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үргэлж үүрэг чиглэл өгдөг. Иргэдийн зүгээс албан хаагчидтай холбоотой гомдол заримдаа ирнэ. Ихэвчлэн төрийн ажил удаан байна, олон дахин дуудаж, явуулж байна гэдгийг шүүмжилдэг. Энэ бүхэнд хяналт тавьж ажилладаг л даа. Ер нь газрын албаар нэг үйлчлүүлээд тэр өдөртөө асуудлыг шийдвэрлэдэггүй. Тухайн иргэний материалыг судална, шаардлагатай тохиолдолд тухайн газарт очиж үзэх зэрэг олон үе шат дамжлагатай.

Чингэлтэй дүүрэгт 96 мянга орчим иргэн оршин суудаг ба 19 хороо,  зуслангийн 10 орчим амтай юм. Тус дүүрэгт оршин суугчдын тоо зуны улиралд 300-400 мянгаар нэмэгддэг байна. Зусланд айлууд буухтай зэрэгцэн Газрын албаны ачаалал ихэсдэг болохыг тус дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд хэлж байлаа.
News.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр