Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.СУМЪЯАБАЗАР: МАНАЙ УЛС ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦ БҮХИЙ ОРДУУДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Уул уурхайн яамтай хамтран “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг эхлүүлж, оролцогч компаниудын удирдлагууд санамж бичигт нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурсан.Үүний үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Уул уурхай бол эмзэг салбар. Энэ салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулж, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нь иргэдэд зөвөөр ойлгуулахгүй бол байгалийн тэнцвэртэй байдал алдагдсан, хөрсний элэгдэл болон эвдрэл үүссэн зэрэг асуудлууд уул уурхайн салбарыг сөрөг байдал руу оруулдаг. Өмнө нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн ААН-үүд нэгдэж бодлогоо нэгтгэж нэгдмэл байр сууриа илэрхийлэн зохион байгуулалтад орж байгаагүй. Тиймээс энэ үйл ажиллагаа нь цаашдаа уул уурайн салбарыг зөв зохион байгуулалтад орж, ААН-үүдээ дэмжиж, буцаад ААН-үүдээсээ экспортын орлогыг нэмэгдүүлж авах зорилготой. Экспортын орлого нэмэгдэнэ гэдэг нь Монгол Улсад валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Түүгээрээ дамжуулан бусад салбарыг дэмжих, нийгмийн асуудлуудыг шийдэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг ихээхэн үр дагавартай байх болно.

-Өмнөговь аймгийн Гурван тэс, Цогтцэций, Ноён сумдад уул уурхайн компаниуд хамгийн их байдаг. Тэгсэн хэрнээ энэ сумдын иргэд ажилд орж чаддаггүй гэсэн асуудал яригддаг. Нутгийн иргэд болон компанийн үйл ажиллагаа хоорондоо зөрчилдөөд байх шиг байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн нэг чигт оруулах вэ?

-Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа голлох аймгууд бол Өмнөговь, Дорноговь, Дорнод. Тэгэхээр эдгээр аймагт орлого бүрдүүлж байгаа төсвийн хуваарилалтаас 30 хувийг нь орон нутагт үлдээхээр зохицуулбал иргэд биднийг дэмжинэ. Гол нь байгалийн баялгаа ашиглуулчихаад төсвөөс ГОТ-ыг нь нэмэхгүй, 30 хувийг нь өгөхгүй болохоор иргэд бухимддаг. Нүүрс, зэс, алт, газрын тос гээд салбар салбараар нь хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанд Уул уурхайн салбарын хөгжлийн хөтөлбөрийг оруулж батлуулсан. Одоо үүний дагуу бүх ажил явагдана.

-Шатахууны үнийн асуудалд хэр анхаарч байна вэ. Энэ сарын 4-ний өдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаад шатахууны үнийг бууруулахаар болсон. Гэхдээ цаашид дахиад нэмэгдэх үү. Үүнд үнийн зөвлөл ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Сангийн яамны зүгээс авах ёстой бүх арга хэмжээг авсан. Засгийн газарт өөр зохицуулалт хийх боломж бололцоо бараг байхгүй. Одоо бид ААН-үүдтэй уулзаж байна. ААН-үүдийн тооцоо судалгаа, үйл ажиллагааны зардал дээр манай мэргэжилтнүүд хяналт тавиад, ярилцаад явж байгаа. Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдтэй яриад үүрэг даалгавар өгсөн.

Өнөөдөр маргаашаас буулгаж эхлэх байх.

-Нийт шатахууны хэрэглээний ердөө 30 хувь нь иргэдийн хамгийн их хэрэглэдэг буюу АИ-92 шатахуун байгаа. 30 хувь дээр үнийг барьж болохгүй байгаа юмуу?

-АИ 92 дээр Засгийн газар авах ёстой арга хэмжээг ав гэж онцгой албанд хэлсэн. Гэхдээ хувийн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байхад бид шууд хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс ороод “наад үнээ буулга” гэж хэлэх нь хууль зүй болон ёс зүйн хүрээнд байж болохгүй. Нөгөө талаасаа ААН-үүд алдагдал хүлээчихээд надтай шүүхдэлцээд явах асуудал үүсэх ч боломжтой. Энэ мэтчилэн зөрчилдөх маргаантай асуудлууд үүсэх тохиолдол байна. Аль болох зохицуулалтын хэмжээнд зөв ойлголцож, ямар ч хүндрэл бэрхшээл саад гарсан гар гараа барилцаад, бодлогоо нэгтгээд, гаргалгаагаа хамт гаргаад, хамтраад урагшилъя гэдэг бодлогыг барьж байна. Бид ойлголцож, хамтарч, урагшлах ёстой. Хувийн хэвшлийг ерөөсөө ад үзэж болохгүй. Хувийн хэвшил нь татвараар төсвийг бүрдүүлж байгаа. Төр ойлгох юмаа ойлгоод хүчээ өгөөд, хувийн хэвшил нь бас ойлгох юмаа ойлгоод хүчээ гаргаад нэгтгээд, хамтраад урагшилъя л гэдэг байр сууринаас хандаж байна.

-Ашигт малтмалын ордын хайгуул өнөөдөр Монгол Улсад ямар түвшинд байна вэ. Энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг яаж татах вэ?

-Зөвхөн хайгуулын ажлаар ашигт малтмалын ордыг илрүүлдэг гэж өрөөсгөлөөр ойлгох нь буруу л даа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн региональ судалгааны ажлыг 1:200000-ны масштабын түвшинд бүрэн гүйцэтгэчихсэн.Одоо харин 1:50000-ны масштабын ажил руу ороод байгаа. Энэ ажил 40 хувьтай яваа. Ингэж хийсэн геологийн судалгааны үр дүнд тогтоосон талбайнуудад л эрэл-хайгуул хийх нь хэтийн төлөвтэй байдаг шүү дээ.Өнөөдөр манайд ихэвчлэн ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй талбайд л эрэл, хайгуулын ажил хийж байгаа.Тодруулбал, нийт нутгийн 3.9 хувийг хамарсан 1643 тусгай зөвшөөрлийн талбайд эрэл-хайгуулын ажил хийгдэж байна. Ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэдэг.Өнгөрөгч 2017 онд гэхэд 130 тэрбум төгрөгийн эрэл-хайгуулын ажил хийгдсэн.Ашигт малтмалын ордын хайгуул нь урт удаан хугацааны ажил шүү дээ.Ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг төдийгүй ашгийн бус, эрсдэл ихтэй. Тиймээс ашигт малтмалын ордын эрэл-хайгуулын ажилд хөрөнгө оруулалтыг татахаар анхаарч байгаа.

-Энэ ажилд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ?

-Нэгдүгээрт, манай улс хайгуулын ажилд дэмжлэг үзүүлэх,тогтвортой удаан хугацааны салбарын бодлоготой байх хэрэгтэй. Тэгж л хөрөнгө оруудагч нарт итгэл төрүүлэх ёстой. Мөн Хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөл бүхий тогтвортой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, талбайн геологийн судалгаанууд хийгдэж, үр дүнгүүд нь үнэн, мэдээлэл нь ил тод байж чадвал боломж бий. Мөн Засгийн газар хүнд суртал, хээл хахууль, авлигагүй, ил тод байх хэрэгтэй. Орон нутгийнхны хувьд ч эрэл-хайгуулын ажилд хөндлөнгөөс оролцож, хууль бус шаардлага тавихаа болих ёстой. Геологийн хайгуул бол уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлдог.Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард манай яам уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авах журмыг баталсан. Энэ журмаар Уул уурхайн үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын тоог 18 болгож багасгасан. Үүгээрээ аж ахуйн нэгжид учирч буй хүндрэл бэрхшээлийг бага ч гэсэн бууруулсан гэж бодож байна.

-Манай Улсад шинээр ашиглалтад орох ямар ямар уурхайнууд байгаа вэ. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ он гарсаар яам уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрээ ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан 50 аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу Улсын Комиссыг тухай бүр томилон ажиллуулж, өнөөдрийн байдлаар 33 уурхай, уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн аваад байна. Цаашдаа Гацуурт, Цагаансуварга, Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлье гэсэн бодолтой байгаа. Сүүлийн үед Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ өссөнтэй холбоотойгоор цөмийн эрчим хүчийг ашиглах сонирхол ихэсч байна. Мөн техник, технологийн өндөр хөгжлийг дагаад газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ тогтвортой өсч байгаа. Манай улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмал болон газрын ховор элементийн нөөц бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгараад байна.

-Ер нь ойрын жилүүдэд Уул уурхайд гадны хөрөнгө оруулалт зогсчихсон. Хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа юу. УУХҮЯ энэ асуудалд ямар бодлого баримтлах бол?

-Салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилгоор Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг 2014 онд боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, батлуулсан. Цаашид уул уурхайн үйлдвэрлэлийг өргөтгөхөд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалсан эрх зүйн тогтвортой орчинг бий болгох асуудал нэн чухал.Энэ хүрээнд эрдэс баялгийн салбарын давхардал хийдлийг арилгах ажлын хэсгийг байгуулж, салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудад судалгаа, дүн шинжилгээ хийсэн л дээ. Гэтэл судалгаагаар нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоосон. Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн боловч зарим гишүүдийн хуулийн төслийн талаарх ойлголт муутайгаас үүдэлтэйгээр хуулийн төслийг дэмжээгүй. Манай яамнаас дахин хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэх байх.
Б.Амартүвшин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр