Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Айлд орохдоо толгой нүцгэн орж болохгүй

Хөдөө аялан зугаалж явахдаа уламжлалт хэв маягаараа амьдарч буй айлд зочлохдоо биеэ хэрхэн авч явахыг хүүхдэдээ зааж өгөөрэй.

  • Ямар ч хүн айлд орохдоо малгай өмсөх эсвэл алчуур боож ороох бөгөөд толгой нүцгэн, үсээ сэгсийлгэж ордоггүй. Дээл хувцасны энгэр заамыг бүрэн товчилж, бүсэндээ хавчуулаастай хутга хэтээ буулгаж гэрт орно. Баруун талын хөлөөс эхлэн босгонд хөлөө хүргэлгүйгээр алхан ордог ёстой. Зочин гэрээс гарах үед босгонд тээглэвэл тэр гэрээс гарз хохирол гарна гэж үздэг учраас буцаж ороод галд нь нэг түлээ нэмнэ. Эсрэгээр гэрт орох үед босгонд тээглэсэн бол тэр айлд олз орж ирэх нь гэж бэлэгшээдэг.
  • Айл гэрийн урдуур морьтойгоо унаа хөсөгтэйгөө хөндлөн өнгөрдөггүй. Гэрийн өмнөөс, зүүн, зүүн өмнөөс айлд буудаггүй.
  • Зочилж яваа хүмүүс олуулаа бол ахмадыгаа хүлээзнэн араас нь дагаж явах бөгөөд ахмадаас түрүүлж айлд ордог ёсгүй. Гэрийн зүг алхаж явахдаа шивэр авир ярилцах, инээлдэх, нуруугаа үүрч явах, исгэрэх зэргийг машид цээрлэдэг. Айлын гадаа байх уурга, шилбүүр, нохойн идүүр дээгүүр алхаж гардаггүй. Хэрвээ айлын үүдэнд улаан юм уясан, дээс татсан байвал хөл цээртэй айл болох тул ордоггүй ёстой. Бас өдрөөр өрхөө бүтээсэн буюу хошуулдсан байвал тухайн айлд ордоггүй.
  • Гэрийн эзний залсан дээш зүгт суух бөгөөд хоймор голлон суудаггүй. Явган суух, өрөөлдөж суух, алцайж суух, сууж байхдаа сүвээгээ тулах, ор бараа түшиж налах, хөлөө жийх, элгээ эвхэх зэрэг нь зохисгүй. Олуулаа үед айл гэрийн эзэн хүнтэй ярилцахаас биш бие биетэйгээ онцгойрч ярилцах, хоорондоо инээлдэх, элдэв юм дуугаргах, айлын эд юмсаар дураараа оролдох, ахмад настай хүмүүсийн өмнүүр гарах зэрэг нь зохисгүй.
  • Гэрийн эзэгтэйгээс цай ирэхэд заавал нэг удаа амссаны дараа ширээн дээр тавина.  Тавагтай идээ баривал зүүн өвдөг дээрээ тавьж байгаад нэг удаа амсахаар зүйл аваад дараагийн хүнд хоёр гардан дамжуулна. Хэрвээ амсмааргүй байгаа бол тавагны баруун талд гараа хүргэнэ. Гэрээс гарахдаа тавагтай идээнээс заавал ямар нэгэн юм авч амандаа хийгээд гарах бөгөөд энэ нь танайд орж ирсэн цагаасаа авахуулаад гарах хүртлээ сайхан дайлуулж зочлууллаа гэсэн утга юм. Цай уусан аягаа долоодоггүй бөгөөд аяганы ёроолд цайны шавхруу үлдээлгүй уудаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр