Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хүн ажлын байран дээрээ эерэг хандлагатай байхын тулд хоёр аргыг баримтал

Ажилтны сэтгэл зүй болоод хэрхэн сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажилтан болох талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Эхлээд хамт олны болоод ажилтны сэтгэл зүй нийгэмд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлаж өгөхгүй юү. Мөн ажилтны сэтгэл зүйн мэдрэмж эргэн тойрноо яаж өөрчилж болох вэ?

-Насанд хүрсэн хүн амьдралынхаа нийт цагийн гуравны нэгийг ажлын байран дээрээ өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс хэн нэгэн ажилтны сэтгэл зүй эргээд нийгэмд, гэр бүлдээ ямар байдал гаргах вэ гэдгийг шийддэг. Ажил дээрээ сэтгэл ханамжтай байгаа хүн амьдралдаа ч тийм байх боломжтой. Монголчуудын маш их стресстдэг зүйлийн нэг нь байран дээр байгаа стрессээ гаргахад төвөгтэй байдаг явдал юм. Гэтэл ажилтан маш олон төрлийн асуудлаас болоод ажлын байрандаа сэтгэл ханамжгүй байдаг. Энэ нь эргээд ажилд нь сөргөөр нөлөөлдөг. Хүн ажилдаа удаан хугацаагаар сэтгэл ханамжгүй явснаар ажлаас халшрах хам шинжтэй болдог. Ажилтан гурваас дээш сар халшрах мэдрэмжтэй яваад байвал ажлын бүтээмж гарахгүй. Сэтгэл ханамжгүй байх хугацаанд ямар нэг үйлдэл хийхгүй бол хамтран ажиллагсдад нь хор хөнөөл учруулж эхэлдэг. Тухайлбал, ажил дээрээ байнга тавгүй байх, ажлаа муулах эсвэл байгууллага дунд фракц үүсгэж болно. Мөн ажилдаа бус бусад зүйлд анхаарлаа хандуулж эхэлдэг.

-Хүн ажилдаа удаан хугацаагаар сэтгэл ханамжгүй явснаар ажлаас халшрах хам шинжтэй болдог юм байна. Тэгвэл эсрэгээрээ ажилтан ямар хандлагатай байвал таагүй мэдрэмжийг дарж, эерэг мэдрэмжээ хадгалж чадах вэ?

-Хүн ажлын байран дээрээ эерэг хандлагатай байхын тулд үндсэн хоёр арга замыг баримтлах хэрэгтэй. Нэг нь хүмүүсийн хоорондын харилцаанд анхаарах, нөгөө нь өөрөө өөртэйгээ ажиллах юм. Хүмүүс хоорондын харилцаанд тогтмол, хэвшсэн, бичил үйлдлүүд хэрэгтэй болно. Тухайлбал, нэг байгууллагын ажилтнууд хоорондоо тогтмол мэндэлж байх ёстой. Энэ нь ажлын байрны сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг. Мөн өдрийн цайгаа хамтдаа уудаг байх эсвэл үдийн завсарлагаа авч, хоорондоо ярилцдаг байх, амттанаа хувааж иддэг байх, ядарсан нэгэндээ цай аягалж өгдөг байх зэрэг нь ажлын байран дээрх сэтгэл ханамжийг эерэг болгодог бичил үйлдлүүд юм.

Нөгөө талаас хүн өөрөө өөртэйгээ ажиллах ёстой. Энэ нь ажилтан ажлын байран дээрээ хийж болох өөрийн стресс тайлах аргачлалуудыг мэддэг байх юм. Оффис ажилтай хүмүүс ихэвчлэн гараа угааж, цай, кофе хийж уухаас хэтэрдэггүй. Удаан суух тусам бие хөшдөг. Түүнийгээ дагаад стресс нэмэгддэг. Тийм учраас оффис дээрээ хэсэгчилсэн дасгалуудыг хийдэг байж болно. Эсвэл хамт олноороо тогтмол цагт дасгал хийдэг ч байж болно. Ингэхгүйгээр зөвхөн өдрийн цайн дээрээ цуглачхаад бусад цагт чимээгүй тараад суучихдаг, амьд харилцаа байхгүй бол ажилтан маш их хямардаг.

-Ажилтан ажлын байран дээрээ хийж болох өөрийн стресс тайлах аргачлалуудыг мэддэг байх хэрэгтэй гэлээ. Заавал дасгал хийхгүйгээр стрессээ тайлж болох ямар арга байна вэ?

-Стресс нь хоёр зүйлээр гадагшилдаг. Нэг нь хөдөлгөөн, нөгөө нь үг яриагаар гадагшилдаг. Хөдөлгөөн нь хүнийг яах аргагүй тайвшруулдаг. Тиймээс ажлын байран дээрээ дасгал хийх боломжгүй бол цахилгаан шат ашиглахгүй, шатаар гарч, буудаг байж болно. Нөгөө талаас хүн болгонд стресс тайлах хэвшмэл зүйлүүд байдаг. Тухайлбал, компьютерынхоо дэлгэцийг цэвэрлэх, шүүгээ цэгцлэх, ширээгээ цэгцлэх буюу эмх цэгтэй байдал нь стрессыг бууруулж байдаг юм. Тийм учраас хувь хүн өөртөө жижиг жижиг хэвшмэл зуршлуудыг бий болгож байх ёстой.  

-Нэгэнт ажлаас халшрах хам шинжтэй болсон тохиолдолд яаж шинжийн байдлаасаа гарах вэ. Өөрийгөө шинээр цэнэглэх ямар арга байдаг юм бэ?

-Юунд хашраад, бухимдаад байгаагаа ойлгох хэрэгтэй. Хамт олон нь таалагдахгүй байгаа юм уу, хамт олон дотроо ээнэгшиж чадахгүй байгаа юм уу, ажлаа биелүүлж чадахгүй байна уу, өгсөн үүрэг даалгаврыг ойлгохгүй байна уу, ур чадвар дутагдаад байна уу эсвэл гэрээсээ ажил хүртэлх зам нь ажилтад бухимдал төрүүлдэг ч юм уу хүн болгоны ажлаас хашрах шалтгаан нь өөр өөр байдаг. Тиймээс тухайн асуудлыг нь шийдэхэд туслах, гарц шийдлийг зөв олж чадах хүнтэйгээ хуваалцах хэрэгтэй. Гэтэл ихэвчлэн хамт олон хоорондоо ярилцаагүй, байгаа байдлаа илтгээгүйгээс болж, ажлаасаа халширч, ажлаасаа гарах тохиолдлууд ажиглагддаг. Тиймээс хамт олны дунд таагүй зүйл байгаа бол түүнийгээ мэдэгдэх, ойлгуулах нь зүйтэй.

-Байгууллагын харилцаа эерэг, халуун байхад хамгийн чухал зүйл нь юу байдаг юм бэ?

-Энэ бол тухайн байгууллагын соёл юм. Тухайлбал, байгууллагууд хэн нэгнийхээ төрсөн өдрөөр нь баяр хүргэдэг, мэндчилгээ дэвшүүлдэг, хамтаараа зураг авахуулдаг, урмын үг хайрладаг байх нь жижиг юм шиг хэрнээ маш чухал нөлөөтэй байдаг. Мөн байгууллагын бичил дүрэмдээ нэгнийгээ уурлуулахгүй, гомдоохгүй, цаг байвал нэгэндээ заавал туслах гэдэг ч юм уу албан бус дүрмүүдийг гаргаж тавьж болно. Байгууллагын бичил хэвшмэл зүйлүүд нь тухайн байгууллагын соёл болж, ажилтныг байгууллагадаа татах чухал хэрэгсэл болдог.

-Шинээр ажилтан болж байгаа залуус сэтгэл зүйгээ яаж бэлдэх ёстой вэ?

-Шинээр ажилтан болж байгаа залуус сургуулиа төгсөхөөс өмнө дадлагажихыг сэтгэл зүйчид зөвлөдөг. Оюутан байхдаа дадлагажаагүй бол төгсөөд тодорхой хугацаанд дадлагажаад ажиллаж болно. Дадлагажих нь тогтвортой ажиллахын суурь нь болдог. Дадлагажаагүй хүн ажилтан болоод цаг алддаг.

-Үр бүтээлтэй ажилладаг байгууллага, хамт олон болохын тулд ямар алхам хийх хэрэгтэй талаар зөвлөхгүй юү?

-Байгууллагууд оффис ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулдаг хэрнээ тэр дотор сууж байгаа хүмүүс ямар байх гэдэгт бага анхаарал хандуулдаг. Оффис гоё байхаас илүү хамт олны харилцаа сайхан болоход анхаарах хэрэгтэй. Ингэсэн цагт оффис аяндаа гоё болж эхэлнэ. Гэхдээ оффисыг анхаарахгүй орхи гэсэн үг биш.

Үүнээс гадна ямар хүнийг аз жаргалтай ажилтан гэж хэлдэг вэ гэхээр өглөө ажилдаа яваад ажлаасаа гэр лүүгээ жаргалтай харьдаг хүнийг хэлдэг. Тиймээс сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажилтан болохын тулд өөрийн хийх сонирхолтой зүйлээрээ ажилла. Хамгийн гол нь хүн байгаа газраа өөрийгөө дайчилж, сурсан зүйлээ үр бүтээлтэйгээр 100 хувь гаргаж ажиллавал үр дүн нь шагнал байх болно.

С. ЭНХ-ҮЖИН

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр