Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Говиос хэлхсэн "гоё" мэдээ

Жилийн цэвэр ашиг нь 806 тэрбумаар тоологдох “Эрдэнэс Тавантолгой” гэж төрийн өмчит “Эрдэнэт”-ээс дутахгүй баян компанитай болсныг хэлэх үү, дагаад улстөрчдийн шунал хүсэл, ашиг сонирхол, олны хэл ам, хардлага сэрдлэг үл тасарна. Улсаараа хувьцаатай тус компанийн Улаанбаатар дахь төв оффисийг нь тойрсон улс төрийн хэм ид улайсч байгаа бол уурхай дээр нүүрс олборлох, тээвэрлэх, ажил чөлөө завгүй явагдаж байна.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлэгт гардагчлан гангийн нар дээрээс нь хуйхалчихсан юм уу гэмээр энэ жил хур бороо багатай юу, говь нутаг зуншлага тааруухан байна. Газрын өнгө одооноос л ногоорч байгаа шинжтэй, ноостойгоо ноолорсон тэмээ зам зуурт цөөнгүй харагдав. Улаанбаатараас Өмнөговь чиглэлийн зам ёстой л там болжээ.
Цогтцэций сумаас 30-аадхан километрийн зайтай “Эрдэнэс Тавантолгой”-н гэр кэмпүүд байрлаж, уурхайчдыг тав тухай амраах нөхцөл бүрдүүлэхийн тулд хэрэндээ хичээсэн харагдана.

Гэхдээ хувийн том кэмпүүдийг яаж гүйцэх вэ. Уурхайн ажлын ид оргил үед Тавантолгойн зүүн, баруун Цанхид 600 орчим хүн өдөр, шөнөгүй ажилладаг аж. Тэдний хүчээр “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил 806 тэрбумын цэвэр ашиг олж, тэр мөнгийг нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болсон билээ.

 

 

Тавантолгойн орд нь коксжих нүүрсний чанараараа Монголдоо төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогддог орд. Эрчим хүчний болон коксжих нүүрсний нөөц нь 6.4 тэрбум тонн.

Өнгөрсөн жил гэхэд тус ордоос 13 сая тонн нүүрсийн экспортод гаргасан бол энэ жил 18 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьжээ.

Одоогоор 8 орчим сая тонн нүүрс экспортод гаргасан талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ц.Баярмагнай ярьж байна. Зүүн Цанхид “TTVJCO”, баруун Цанхид “Моннис”, “Хишиг арвин индустриал” олборлолт хийдэг аж.

Жилийн ашгаа компанийн хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуулсан бол гэх бяцхан харамсал уурхайчдын дунд байгаа ч тус компанийн зүгээс 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа болж бүтэхээр нь явуулж буй юм байна. Хүнд даацын автомашины зам тавих, нөхөн сэргээлтийн чиглэлээр томоохон ажлуудыг ч хэдийнэ эхлүүлж.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсон. “Эрдэнэс Тавантолгой” ч ялгаагүй нүүрсийг нь авч байгаагийн хариуд говийг ногооруулах төслийг эхлүүлээд байгаа аж. Төслийн нэр нь “Ногоон говь”. Нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд говьд ямар мод ургах талаарх эрдэмтэдтэй хамтарсан туршилт явуулжээ.

 

 

ЭЛСЭН ГОВЬД 100 МЯНГАН МОД ТАРИНА

“Эрдэнэс Тавантолгой” компани ХААИС-тай хамтран “Ногоон говь” төсөл хэрэгжүүлж байна. Экологийн сүйрэлд өртөж яваа говийн бүсийг ногооруулах үүднээс говьд ургаж чадах модыг турших судалгааны ажлыг 2011 онд эхлүүлжээ. Хайлаас, сухай, бургас, шар хуайс зэрэг 10 гаруй мод тарьж, аль нь говийн хөрсөнд зохицож ургаж болохыг туршсан байна.

“Нийтдээ 85 мянган га талбайг ногооруулах төлөвлөгөөтэй. Говьд сухай, хайлаас, шар хуайс зэрэг мод сайн ургаж байна. Уул уурхайн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс энэхүү төслийг элүүлсэн” гэж ХААИС-ийн Агроэкологийн их сургуулийн захирал А.Буянбаатар ярилаа.

Цогтцэций сумын нутагт 100 мянган мод суулгах ажлыг 2015 оноос эхлүүлсэн гээд, “Моннис”, “Хишиг арвин индустриал”, “TTVJCO” өөрийн хөрөнгөөрөө мод тарих төслийг санхүүжүүлж байгааг “Эрдэнэс Тавантолгой” компанийн байгаль, орчны мэргэжилтэн А.Аззаяа сонирхууллаа. Говь ногоорсноор Цогтцэций сумын иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа ч нуусангүй.
Уул уурхайн олборлолт болон уур амьсгалаас болж, Монголын говиудад цөлжилт нүүрлэж буй нь худлаа биш.

2015 оноос 85 мянган га талбайд 100 мянган мод тарих төслийг эхлүүлсэн аж. Говийн хөрсөнд бургас, шар хуайс, сухай илүү тохирсон тул эдгээр моддыг Цогтцэций сумын баруун хойхно тарьж эхэлжээ.

Хоёр настай нялх моддыг Сэлэнгээс авчирч тарьж байгаа тул арчилгаа, тордолгоо маш сайн хийж байгааг Эрдэнэс Тавантолгой” компанийн нөхөн сэргээлт хариуцсан менежер Ц.Төмөрсүх хэллээ.

Уул уурхайн үйлдвэрлэлийн бүс болоод ч тэр үү, Цогтцэций багахан хүн амтай аймгийн төвөөс илүү тэлжээ. Хүнс, барааны дэлгүүр, зочид буудал цөөнгүй харагдана. Бараа бүтээгдэхүүний худалдан авалт ч сайтай байдаг бололтой. Уул уурхай дагасан аймгийн иргэдийн амьжиргаа сайн байдаг нь илт.

 

 

ЭДИЙН ЗАСАГ, ЭРҮҮЛ МЭНД, ЭКОЛОГИЙН ЗАМ

Гурван Э гэдэг нь эдийн засаг, эрүүл мэнд, экологи гэсэн утгатай. Өнгөрөгч Ням гаригт нүүрсний жолоочдод дуулгах сайхан үйл явдал тохиосон нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүжилтээр баригдсан хүнд даацын автомашины 8.2 замыг нээсэн явдал. Замын нээлтэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг болон аймаг, сумын удирдлагууд оролцсон.

Б.Ганхуяг захирал “Энэ зам олон талын ашигтай байх болно. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой. Хоёрт, тээвэрлэлтээс болж говийн хөрс элэгдэж, орчны тоосжилт ихтэй. Тиймээс сумын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад багагүй үүрэг гүйцэтгэнэ. Гуравт, говийн экологийг хамгаална” гэж онцолсон.

Тавантолгойн нүүрсний замд аваар осол багагүй гардаг. Сүүлийн таван жил 55 хүн энэ замд амь насаа алдсан тооцоо бий. Тэгвэл нүүрсний автомашины зам тавигдсанаар осол эндэгдэл буурч, орон нутгийнхны эрүүл мэндэд ч хэрэгтэй гэдгийг Өмнөговь аймгийн ИХТ-ын дарга Х.Сугир хэлж байна. Тус замыг “Арж капитал” компани нэг жил зургаан сарын дотор барьжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг замыг зургадугаар сард ашиглалтад оруулах үүрэг өгсний дагуу зургадугаар 30-ны өдөр нээлтээ хийсэн нь энэ аж. Замын нийт санхүүжилт нь 14 тэрбум төгрөг. Цаашдаа Ханги-Мандалын замыг концессын гэрээгээр барих юм байна.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компани аймгийн онцгой байдлын хэлтэст фургон машин бэлэглэв. Өнгөрсөн жил тус аймагт хоёр ч машин бэлэглэжээ. Ийнхүү өмнийн говьд уул уурхай дагасан бүтээн байгуулалт, томоохон төслүүд ид өрнөж байна. Гашуун ч гэсэн Монгол нүүрсээ ухаж зарахгүйгээр амьдарч чадахгүй нь үнэн.
Ж.Нямсүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр