Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Судлаач Ганаа: "Шинэ" Үндсэн хуулийн цаад учир

МАНАН засвар хийх нэрээр Үндсэн Хуулийг өөрчлөхөөр үхэн хатан зүтгэж буйг бүх монголчууд харж байна. Үйлдсэн хур гэмт хэрэгтээ дарагдаж, улс орныг шулан дээрэмдэгч харгис хүчин МАНАН гэв гэнэт “сайхан сэтгэлтэй” болж, “онол ном” мэддэг болчихоо юу ? Үгүй л дээ. МАНАН-гийн шунал улам дүрэлзэж, боловсролгүй мунхаг харанхуй нь хэвээрээ байгаа. Тэгвэл яах гэж яаран сандран, үхэн хатан зүтгээд байгаа юм ?! Цаанаас нь, гадаадаас МАНАН, түүний дотор МАН-ыг шахаад байгаа юм. Үүнийг тайлбарлахын тулд геополитикийн болон ардчиллын онолын талаар товч өгүүлэх хэрэг гарч байна. Өмнөх 30 жилийн адил “хоосон онолдоод”, “номын цагаан солиотой” гэж над руу дайрахгүй гэж найдаж байна. Барууныхан жижиг оронд эхлээд “онолыг” нь суулгаж өгдөг, дараа нь шулан мөлжиж, атгандаа оруулдаг юм. Энэ тухай товч өгүүлье.
 
Төлөөллийн ардчилал сөнөтүгэй, зөвлөлдөх ардчилал мандтугай
 
Монголчуудын 30 жилийн өмнө хүлээн авч, хүн танихын аргагүй зэмдэглэсэн төлөөллийн ардчилал мухардалд орж, түүнийг шинэ дэвшилтэт “онолоор” солих шинэ хандлага дэлхий дахинаа бий болжээ.
 
Мөн монголчуудын 30 жилийн өмнө хүлээн авч, Бурхны сургааль мэт дагасан чөлөөт зах зээлийн либерал номлол, тодруулбал Чикагогийн Их Сургуулийн профессор Милтон Фридман, Жорж Стиглер нарын “тогтворжуулах бодлого”, “шок эмчилгээний” онол олон талаар мухардалд оржээ.
Ингээд дэлхий дахинаа төлөөллийн ардчиллыг орлох, шок эмчилгээний онолыг өөрчлөх эрэл хайгуул эхэлж, энэ талаар идэвхитэй ажиллах болжээ. Энэ удаад чөлөөт эдийн засгийг “засварлаж” буй асуудлыг түр орхиж, төлөөллийн ардчиллыг өөрчлөх оролдлогын талаар товч өгүүлбэл цаас, цаг хэмнэнэ гэж бодож байна.
 
Төлөөллийн ардчилал бүрэн мухардалд орсон газар бол Европын Холбоо юм. Үүний тод илрэл Европын уламжлалт “ардчилсан социализм”-ын онол нурж, алдар хүндтэй Социнтерн гүн гүнзгий хямралд орсон явдал болно.
 
Үүнээс хамааран түүний эсрэг тал болох Барууны намууд ч адилхан хямралд оржээ. Өөрөөр хэлбэл Социнтерн өвгөрч, евроинтеграци саатал, саажилтад орсон байна. Иймээс Европын Холбоог задалчихгүй байхын хамт түүний Барууны баримжааг хэвээр хадгалах, хүчтэй болгох онолын болон практик шаардлага үүсэв.
Ингээд 2013 оны 5 дугаар сарын 22-нд АНУ-ын Бүгд Найрамдах Нам Германы Социал-демократ Намтай холбоо тогтоож, Социнтерний ихэнхи намуудыг нэгтгэсэн шинэ эвсэл байгуулсан нь “Прогрессив Аллианс” буюу монголоор “Дэвшилтэт эвсэл” юм. Чухамдаа бол америкийн спонсорууд хандив өргөж, Социнтернийг зардлаа бууруулахад нь туслах болжээ. 
Ингэж АНУ мөнгөөр туслаад ирэхээр Социнтерний бараг бүх намууд “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл”-д элсэн орж, Социнтерндээ ч давхар үлдэв. Их мөнгө цутгаж байхад татгалзах хэн байх билээ ?! Ийнхүү уламжлалт Социнтерн, шинэ “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” хоёр эв найртай зэрэгцэн орших болов. Нэр нь хоёр болохоос тэдний хооронд ямар ч ялгаа байхгүй. Нэмэгдсэн шинэ юм нь АНУ-ын спонсоруудаас мөнгө авч, тэдний стратегийн бодлогыг үг дуугүй дагах явдал болов. Ингээд байгууллага бэлэн болжээ. Одоо онол хэрэгтэй. Ухаад хайгаад байсан чинь гүйцэд боловсруулаагүй ч гэсэн хэрэглэж болох онол гараад ирэх нь тэр. Энэ бол “зөвлөлдөх ардчилал” буюу “делибератив ардчилал” гэгч “онол” байлаа. “Делибератив” гэхээр монгол хүний хэл хугарчих гээд байсан учир яг адил утгатай “зөвлөлдөх ардчилал” гэдгээр нь явахаар “монгол онолчид” шийдсэн байдаг.
Зөвлөлдөх ардчилал гэдэг нь улс төрийн асуудлыг томъёолох, маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ зөвлөлдөх олон нийтийн үзэл бодолд үндэслэн улс төрийн шийдвэр гаргадаг ардчиллын загвар юм. Харин зөвлөлдөх олон нийтийн санал бодол гэдэг нь зөвшилцөлд хүрэх зорилгоор зөв, үндэслэл бүхий олон нийтийн ярианы хүрээнд бүрэлдсэн олон нийтийн санал бодлыг хэлнэ.
 
Монголоор ойлгуулбал эхлээд олон нийт асуудлыг хэлэлцэнэ, тэгээд ярианы явцад ойлголцоно, ингээд “хамгийн зөв”, “ардчилсан” шийдвэр гаргана. Яах аргагүй “сайхан” бөгөөд “гоё” сонсогдоно. Гэхдээ нэг том зовлон бий. Энд асуудлын сэдвийг хэн тодорхойлох нь байхгүй учраас хэлэлцэх асуудлыг эрх баригчид тодорхойлж таарна.
 
Олон нийт гэдэг нь ард түмэн биш, харин сонгон авсан хэсэг бүлэг хүмүүс ярилцана. Энэхүү хэсэг бүлгийг бас л эрх баригчид “сонгон авах” нь нэн тодорхой. Яаж шийдвэр гаргах механизм бас л тодорхойгүй. Өөрөөр хэлбэл “зөвлөлдөх ардчилал” бол онолын хувьд ч, практикийн хувьд ч зүгшрээгүй, шийдэгдээгүй онолын анхдагч бүрдэл юм.
“Зөвлөлдөх ардчилал” нэр томъёог 1980-аад оны үед Жозеф Бессет гэгч анх гаргасан ба Жон Ролз, Юрген Хабермас нар цааш хөгжүүлжээ.
“Зөвлөлдөх ардчиллын” онол: 1. Эрх баригчид ард түмнээс үлэмж хөндийрсөнтэй холбогдон төлөөллийн ардчиллын үе дууссан. 2. Ард түмний хүсэл зоригийг эрх баригчдад тулган хүлээлгэх, 3. Иргэний нийгмийг мэдээлэл авахад учрах хориг саадыг давах, эрх баригчид заль мэх хэрэглэх явдлыг хязгаарлах зорилго дэвшүүлдэг.
Зөвлөлдөх ардчиллын мөн чанар бол олон зуун жил хэвшин тогтсон төлөөллийн ардчиллыг “хоцрогдсон” хэмээн үзэж, “зөвлөлдөх” нэрийн дор улс төрийн бүх эрх мэдлийг олигархи цөөнхийн үүрдийн мэдэлд оруулах гэсэн дэлхийн корпорациудын санаачлан хэрэгжүүлж буй неоколоничлолын шинэ хорт “онол”, бусармаг үйл ажиллагаа мөн. 
Асар удалгүй АНУ-ын Стэнфордын Их Сургуульд “Зөвлөлдөх ардчиллын Төв” (CDD) нээгдэж, зөвлөлдөх ардчиллыг олон нийтийн санал бодолтой нийцүүлэх судалгаа шинжилгээ хийх болжээ. Асар богино хугацаанд Европын Холбооны зарим улс, Бразил, Малави, Сенегал зэрэг дэлхийн 28 оронд санал асуулга явуулсан ба нэг мэдэхэд тэрхүү “туршилтын туулайнууд” дунд Монгол орчихсон тууж явах нь тэр.
Ингээд Монголд төлөөллийн ардчилал сөнөтүгэй, зөвлөлдөх ардчилал мандтугай гэсэн онол, үйлдэл, хандлага дэлгэрэв, дэлгэрүүлэв…
 
Зөвлөлдөх ардчиллыг Монголд дэлгэрүүлэв 
 
АНУ-ын Стэнфордын Их Сургууль “туршилтаа” ид эхэлж байсан яг тэр үед буюу 2013 оны 12 сард нэг монголоос залуу АНУ руу хөлгийн жолоо залжээ. Энэ бол Монголын залуу улс төрч Г.Занданшатар байлаа. Тэр Монголд болохоор суралцахаар явсан гэдэг боловч Стэнфордод очингуутаа “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаач гэсэн албан тушаалд шууд орсон юм. Энэ үйл явдал цаанаасаа ихэд сайн зохион байгуулсан ажил байсан нь удалгүй тодорхой болсон юм.
Г.Занданшатар 2000 оны хавьд ХААН банкинд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) тусламжтайгаар эрүүлжүүлэх хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаад улс төрч болсон билээ. Харин одоо тэр АНУ-ын Стэнффорын Их Сургуулийн “зөвлөлдөх ардчилал” төслийг Монголд дэлгэрүүлэх үүрэг хүлээн авчээ. Ингээд тэр Монголын “зөвлөлдөх ардчиллын” онолын эцэг, номлогч, үзэл сурталч, ухуулагч, дэлгэрүүлэгч, зохион байгуулагч болон хувирав. 
Банкны нягтлангаас улс төрч, улс төрчөөс онолч болон хувирах нь бараг боломжгүй асуудал юм. Онолын хүн болоход дор хаяж 20 жилийн уйгагүй хөдөлмөр хэрэгтэй гэдгийг би өөрийн болон нөхдийн туршлагаас сайн мэднэ. Гэтэл Г.Занданшатар ердөө л 2-хон жилд “тэргүүлэх онолч” болон хувирах нь тэр. Ингээд тэр “онолдож” гарав.
Ганцаараа “онолдох” тун хэцүү ажил учир АНУ дахь багш нараасаа “нэмэлт тусламж” авлаа. Зөвлөлдөх ардчиллын онолч Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, профессор Карл Айкенбэри нарыг урьж авчран лекц уншуулав. Улмаар Жэймс Фишкиний “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг өөрийн гараар орчуулав.Үнэндээ бол “зөвлөлдөх ардчилал” гэдэг нь сүртэй, сүрхий онол огт биш, харин Жэмс Фишкин гэгч америк профессорын гаргасан загвар бөгөөд үүнийгээ Монгол мэтийн оронд туршиж байгаа бөлгөө. 
 
“Шинэ онолоо” тэр эхлээд нийслэлд туршив. Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллах болов.
 
Г.Занданшатар АНУ-аас “зөвлөлдөх ардчилал”, “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” гэсэн хоёрхон нэр томъёо “цээжилж” ирсэн ба үүнийгээ “лаг сүртэй онол” болгон тунхаглах болов. Энэ нь Г.Занданшатар америкт машинд мөргүүлсний хор уршиг байх. Түүнээс биш, ямар ч онолыг ийм тэнэг аргаар хийдэггүй. Ядахдаа “зөвлөлдөх ардчилал”, “делибератив ардчилал”, “ардчилсан оролцоо”, “хэлэлцүүлгийн ардчилал”, “зөвлөлдөх санал асуулга” г.м. холион бантан болсон марзан нэр томъёогоо ч цэгцэлж янзалсангүй, шууд дайрах болов.
Гэхдээ Барууны дэмжлэгтэй, Барууны сан, хөтөлбөртэй, Барууны мөнгөтэй болсон Г.Занданшатар Монголд “үй түмэн” хурал, зөвлөгөөн, семинар хийснийхээ хүчинд “тэргүүлэх онолч” болсон нь “зүй ёсны” хэрэг юм. Азийн сан, Швейцарийн ЭСЯ-ны хамтын ажиллагааны газар, Фридрих Эбертийн сан, АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэн зэрэг Барууны маш олон байгууллага дэмжиж, тусалсаар байхад “онолч” болж чадахгүй бол хохь нь байхгүй юу ?!
Эхэндээ Г.Занданшатар хүчилж, хүчиндэж байгаад М.Энхболдод “зөвлөлдөх ардчиллаа” тулгасан боловч цаадах нь хаширлаад ганц нэг “бэлэн” илтгэл уншихаас хэтэрсэнгүй, олигтой ч хөдөлж өгсөнгүй. Энэ нь М.Энхболдыг унагах хүрэлцээтэй бөгөөд хангалттай гадаад шалтгаан юм. Уг нь улс төрч хүн ийм хашир байвал тун зүгээр л дээ…
 
Ингээд У.Хүрэлсүх үлдэж байгаа юм. У.Хүрэлсүхтэй онол ярина гэдэг бол тун ч марзан асуудал болох нь ойлгомжтой. МАН-ын дарга нар заавал “онолч” байдаг зүй тогтлыг харгалзах юм бол асар удахгүй буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “онол мэддэгээрээ” Г.Занданшатар МАН-ын дарга болох нь бараг гарцаагүй зүй тогтол болно. Энэ бэлтгэл бүрэн хангагдаад байна, гэвч үүнийг жичид нь ярья…
 
Зөвлөлдөх ардчиллын хронологи
 
Эхлээд зөвлөлдөх ардчилал Монголд хэрхэн дэлгэрсэн, дэлгэрүүлсэн хронологийг ямар ч тайлбаргүй жагсаан үзье.
2015.02.15. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Монголд айлчлав. Жэймс С.Фишкин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан ба энэ уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Азийн сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ким Хантер нар оролцов.
Жэймс С.Фишкин: “Монгол Улс зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлэх гэж байгаа 23 дахь улс бөгөөд Нийслэлийн удирдлагууд иргэдийн оролцоог аливаа шийдвэртээ бодитойгоор тусгахад анхаарч ажиллаж байгаа нь засаглалыг сайжруулах зөв алхам” хэмээн дүгнэв. Ц.Элбэгдорж: “дэлхийн олон улсад амжилттай хэрэгжүүлсэн Зөвлөлдөх ардчиллын арга замыг Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно “ гэж мэдэгдэв.
2015-05-03. “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хурал болж, түүнийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн ЭСЯ-ны хамтын ажиллагааны газар, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Нэг Монгол” төрийн бус байгууллага, Стратеги академи, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн хамран зохион байгуулав.
2015.10.15. АНУ-ын Стэнфордын их сургуулийн багш, Зөвлөлдөх ардчилал” төвийн захирал Жэймс С.Фишкиний бүтээл “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг УИХ-ын гишүүн асан судлаач Г.Занданшатар монгол хэлнээ хөрвүүлэн гаргав.
2015.10.26. Монгол Ардын намын “Бид хамтдаа” үндэсний форум болов. Форум 4 өдөр хуралдаж, 5580 хүн оролцуулж, 277 хүнээр үг хэлүүлсэн бүх хүн “зөвлөлдөх ардчиллыг” дэмжжээ.
2017.02.09. УИХ “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг батлан гаргав.
2017.04.07. УИХ “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” тогтоол гаргав. Уг тогтоолоор Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах, санал асуулгыг боловсруулах, дүгнэх, зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
2017.04.12. Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар болон Төрийн ордонд энэ сарын 29-30-нд зохион байгуулахтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар болон бусад хүмүүс мэдээлэл хийв. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахлах болов. Г.Занданшатар ажлын хэсэгт оржээ.
2018.09.15. “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: “МУИС, Удирдлагын академи хамтран Зөвлөлдөх ардчиллын судалгааны ”Азийн хүрээлэн байгуулахаар болсныг зарлав.
2018.10.11. Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.
Аюул хаана байна ? 
 
Монголын хэн нэг сэхээтэн гадаадаас шинэ онол авчирч дэлгэрүүлэхэд ямар аюул байгаа юм ? гүдэс тэнэг монгол хэлж болох юм. Асуудал онолдоо байдаг юм биш, харин түүнийг хэрэгжүүлэх үйл явц, хэрэгжүүлсний үр дүнд үүсэх практик аюулд байдаг юм.
 
Түгээмэл жишгээр бол эхлээд “онол” орж ирдэг, дараа нь нэлээд хугацааны дараа хэрэгжиж эхэлдэг. Гэтэл энэ удаад онолоосоо практик нь түрүүлж, “зөвлөлдөх ардчилал”-ын “онолын” дагуу Монгол Улсын Үндсэн Хуулийг өөрчлөн шинэчлэх асар том хөдөлгөөн үүсэв. Энд л гол аюул байгаа юм. 
Монголын улс төрийн намуудын онолын сэтгэлгээ “таг харанхуй” гэсэн ангилалд гарцаагүй орно. Гэхдээ их марзан. АН аль дивангалавт буюу 1990-ээд онд цээжилсэн “ардчилал”, “хүний эрх”, “зах зээл” гэсэн гуравхан үгийг 30 жилийн турш маань шиг уншиж ирсэн. Энэ нь ч амар бөгөөд шулуухан юм. АН-ын байж байгаа царай нь энэ, тэдний оюун сэтгэлгээний өрөвдөлтэй түвшин, оюуны хомсдлын илрэл нь энэ юм.
Харин МАНАН үүний яг эсрэгээр усан тэнэг, харанхуй мунхгаа онолоор нууж болно гэж үздэг ба энэ нь өвчин болтлоо хөгжсөн. Жишээ авъя:
1. Г.Очирбатын үед МАН социализм коммунизмаас Ардчилсан социализмын онолд шилжив. (1990-1993)
2. Б.Даш-Ёндонгийн үед ардчилсан социализмаас Төв үзлийн онолд шилжив. (1993-1996)
Дашрамд дурдахад Г.Очирбат, Б.Даш-Ёндон нараар МАН-ын “онол мэддэг” дарга нар дуусаж, тэдний оронд “онолоор чамирхдаг” усан тэнэгүүдийн үе эхэлсэн юм.
3. Н.Энхбаярын үед төв үзлээс ахин Ардчилсан социализмын онол руу буцаан. Шилжив. (1996 – 2009)
4. С.Баярын үед ардчилсан социализмаас Нийгмийн ардчиллын онолд шилжив.(2010 – 2015).
2010 онд МАН-ын Ардчилсан социалист Залуучуудын Холбоо (МАСЗХ) нэрээ өөрчилж, Нийгмийн Ардчилал залуучуудын Холбоо (НАЗХ) болсон бөгөөд үүнийг дагалдан МАН-ын ахмад, эмэгтэйчүүд, судалгааны байгууллагууд “Ардчилсан социализм”-аасаа татгалзан бүгдээрээ “Нийгмийн ардчилагч” болон хувирав.
5. Одоо нийгмийн ардчиллаасаа татгалзаж “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл”, “зөвлөлдөх ардчилалд”-д шилжих онолын болон практик үйл ажиллагаа өрнүүлж байна.
 
Эндээс дүгнэхэд: МАН сүүлийн 30 шахам жилд социализм коммунизм – ардчилсан социализм – төв үзэл – ахиад ардчилсан социализм – нийгмийн ардчилал – дэвшилтэт алъянс гэсэн онол үзэл санааны 5 “хувьсгал” хийжээ. Үүнийг л үзэл санааны гуйланчлал гэдэг юм.
Эдүгээ МАН “зөвлөлдөх ардчилал”, “прогрессив алъянс”-ыг дулдуйдан Үндсэн Хуулийг хүчиндэн өөрчлөх замд шуудран оров.
 
Олигархийн Үндсэн Хуулийн төлөө
 
МАНАН улс орныг удирдан жолоодох чадвараа бүрэн гээж, гэмт хэрэгтээ дарагдан, нэр хүнд нь навс унаж, түүхийн тавцангаас арчигдахдаа тулж ирэв. Ингээд “үхэхээ хүлээн” сууж байтал Г.Занданшатар хүү гадаадаас “шинэ онол” аваад ирэх нь тэр. Энэ нь МАНАН-гийн ноёрхлыг үүрд хадгалан үлдэх сүүлчийн боломж, “авралын од”, “мөнхийн рашаан” байлаа. Ингээд МАН шинэ онолын дагуу Үндсэн Хууль өөрчлөх ажилд ханцуй шамлан оров.
Онол нь ч яахав байгаад байдаг. Шинэ “онол” авч хамаг юм нурааж хаячихаад хуучныгаа нулимж “өөр шинэ онол” авч үзээгүй юм биш. Харин МАН энэ удаад шууд практикаас эхлэв. “Шинэ онолоо” хуулийн хэллэгт оруулж, хэлбэржүүлэх нь амин чухал асуудал болон хувирав. Энэ ажлыг сонгодог хорчин Д.Лүндээжанцанд даалгав. Барууныхан, ялангуяа АНУ үүнийг уухайлан дэмжив.
Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ардын үг” аяныг зохион байгуулж, Ц.Элбэгдоржийн бүхий л ажилд “онц” дүн тавив. Болж байна аа. Үүнд урамшсан МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн үер “зөвлөлдөх санал асуулга” явуулж, Үндсэн Хуулийг өөрчлөхөд бэлэн болов. Гэтэл “гай болж” Х.Баттулга ялсан тул асуудлыг түр хойшлуулав. Харин одоо бол зүтгээд, зүтгүүлээд байдаг хэрэг. Ийм “шааанс” ахин олдохгүй…
 
Д.Лүндээжанцан хуулиас өөр ганц ч ном уншдаггүй тэнэг лалар хуульчид дундаа “онолч” байж болох ч үнэндээ бол түүнд шинжлэх ухааны мэдлэг, судалгаа шинжилгээний арга зүй түй ч байхгүйг би сайн мэднэ. Д.Лүндээжанцанг “онол мэддэг” гэдгээр нь биш, муу ёрын “бүх юмыг” хууль дотор хэнд ч мэдэгдэхгүй шургуулж, түүнийгээ гэм хоргүй гэдгийг “тайлбарлаж” чаддаг тэргүүний хорчин болохоор нь сонгон авсан юм. Д.Лүндээжанцан рольдоо итгэж, Үндсэн Хуулийг өөрчлөх ажилд ханцуй шамлан орж, Г.Занданшатартай ганзага нийлэх болов. Энд МАН-ын “хөгшин”, “залуу” хоёр бүлэг нэгдэж, гар нийлэн ажиллах болсон нь тод харагдаж байна.
Тэдний цорын ганц зорилго бол улс төрийн эрх мэдлийг ард түмний гараас булаан авч, МАНАН-гийн олигархуудын мэдэлд үүрд хадгалан үлдээх, МАНАН-г аврах явдал мөн. Тэд үхэж мөхөж буй МАНАН-г аврах сүүлчийн ганц боломжийг алдахгүй гэж үхэн хатан зүтгэж байгааг Монголын ард түмэн бэлхнээ харж байна. Г.Занданшатарыг УИХ-ын дарга болсны дараа үйл явц улам түргэсч, илт тодорхой албадан хүчиндэх шинжтэй болов.
Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нарын Үндсэн Хуулийн төсөлд ард түмний эрх мэдлийг булаан авч, МАНАН-гийн олигархуудад шилжүүлэх зорилготой элдэв төрлийн гох, дэгээ, гувчуур, урхи, хавх, сааль, занга зэрэг пиг дүүрэн. Энэ аюул заналын талаар сэтгүүлч Д.Төрмөнх нүдэнд харагдтал бичиж сануулсан
http://www.baabar.mn/article/undsen-khuuliin-nemelt-uurchlultuur-tuluulliin-ardchilal-ustakh-ajee учраас би энэ удаад дэлгэрүүлж ярихаас түдгэлзэж байна.
 
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад дуугай байгаад байгаа нь бас л ойлгомжгүй. Гэхдээ хэрэв Х.Баттулга үг дуугарах юм бол “ганц хүний дарангуйлал тогтоох гэж байна”, “зөвхөн өөрийнхөө тухай ярилаа” гэж сүрэглэн дайрах нь мэдээж. Миний бодлоор нэн эгзэгтэй энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга үгээ хэлэх л ёстой доо…
 
Улс орныг 30 жил тасралтгүй удирдаж, мөхөл сүйрлийн ирмэгт авчирсан МАНАН гэв гэнэт “ухаан орж” ард түмэндээ хайртай болно гэдэгт би л лав үхэж байсан ч итгэхгүй. Манай ард түмэн ч итгэхгүй. Ардчиллын 30 жилд үзэл онолоо 5 удаа сольж бантан хутгасан МАНАН “шинэ онол” авч гийгүүлнэ гэдэг зангууны үлгэр. “Зөвлөлдөх ардчилал” гэсэн “онолын” үзэл санааг “Прогрессив алъянс” гэх байгууллагатай хольж хутгаж “прогрессив үзэл санаа” гэж нэрлэж буй МАН-ын тэнэг лалар “онолчдод” итгэх ямар ч үндэслэл монголчуудад байхгүй.
Эндээс үхэж мөхөж буй МАНАН-д шинэ Үндсэн Хууль гэсэн “мөнхийн рашаан” өгч, түүнийг дахин амилуулж болохгүй гэсэн баттай дүгнэлт гарна.
МАНАН-гийн зүгээс хүчиндэн зүтгүүлж буй Үндсэн Хуулийн өөрчлөлт гэх жүжгийг таслан зогсоох нь улс үндэстнээ аврах цорын ганц зөв зам мөн. 
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр