Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Оюутолгойн 34 хувь хэмээх “хоолойд тээглэсэн яс”-аа яаж гаргах вэ

Наадмын дараах хамгийн дуулиантай мэдээлэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж  уурхайн олборлолтын хугацаа хойшилж байгаа тухай  байлаа.  Мэдээж, энэ бол монголчуудад таатай мэдээ биш.

Financial Times  энэ талаар анх мэдээлсэн бөгөөд тэнд дурдснаар Монголын говьд хэрэгжүүлж буй "Оюу толгой"-н гүний уурхайн төслийнх нь хөрөнгө оруулалт 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх нөхцөл үүссэн тул үйлдвэрлэл эхлэх хугацааг дахин хойшилж, 2023 он болж байгаа гэжээ.

Оюутолгойн зардал дахиад 1,9 тэрбум ам.доллараар өсөхөөр 34 хувийг нь эзэмшдэг Монголын талд мөн тэр хэмжээгээр санхүүгийн нэмэлт ачаалал ирнэ. Хэрэв энэ 1,9 тэрбумын  нэмэлт зардлын 34 хувийг гаргана гэвэл 640 гаруй сая ам доллар болж таарах байх.  Хэрэв бид 34 хувьд ногдох зардлаа гаргаж эс чадвал мөн л хөрөнгө оруулагчдынхаа хүүтэй зээлээр аргацаахаас өөр замгүй болно гэсэн үг.  Тэр хэрээр Монголд орлого бус өр нэмэгдэнэ.

Оюутолгойн гэрээг анх байгуулж байхад Норвегууд бидэнд хандаж “51, 34 хувь гэсэн мэдэхгүй юмаар бүү оролд. Зүгээр л гаргаж буй баяжмалыг нь жигнээд роялти, татварыг нь бүрэн аваад яв” гэж зөвлөж байжээ

 Үүнтэй зэрэгцээд Оюутолгойгоосоо ашиг хүртэх хугацаа бүр цаашаа цахилж, мөрөөдөл чигээрээ үлдэж ч мэднэ.

Далд уурхайн олборлолт эхлэх хугацаа ийнхүү хойшилж, зардал нэмэгдэх болсон шалтгаан нь Англи-Австралийн хамтарсан уул уурхайн тус компанийн мэдээлснээр "Оюу толгой" төслийн газрын гүний нөхцөл байдал улам хүндрэлтэй болсон тул хүдрийн биетийг олборлох аргачлалаа бүхэлд нь эргэн харахаас аргагүй болсон гэжээ.  

Ингэснээр 5.3 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Үүнийг дагаад 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан гүний уурхайн зэсийн үйлдвэрлэл 2023 оны зургаадугаар сар буюу 16-30 сараар дахин хойшлохоор болж буй аж.

Рио Тинтогийн Өсөлт, инновацын группийн захирал Стивен Макинтош "Эцсийн үнэлгээг хийхэд илүү их ажил шаардаж байгаа" гээд уурхайн төлөвлөлтийн аргыг тусгасан хөрөнгө оруулалтын үнэлгээ, нөхцөл байдлыг ирэх жилийн дунд гэхэд эцсийн байдлаар мэдээлнэ гэдгийг хэлсэн байна.

Энэ үгнээс анзаарвал одоо яригдаад байгаа 1,9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дахиад  нэмэгдэж ч мэдэх юм байна.

Ингэж бодвол монголчуудын Оюутолгойгоос  ашиг хүртэх хүсэл дэндүү дэн дун болчихож байгаа юм.  Өөрөөр хэлбэл 34 хувь ашиг өгөхөөсөө илүүтэй гарлага гаргах үүд хаалга болчихоод байна.

С.Баярын “бахархдаг” Оюутолгойн гэрээ маань нэг иймэрхүү янзаар л монголчуудаа “баярлуулж”, “баяжуулж” байна даа.  

Оюутолгойн 34 хувийн эзэмшил Монголын төрийн хоолойд тээглэсэн яс болж,  хөрөнгө оруулагчиддаа “барьцаалагдах” шалтгаан болчихоод байна. Хөрөнгө оруулагч Рио Тинто группийн эрх мэдэл бүхий захирал нь  хөрөнгө оруулалтын гэрээнд үг үс үсгийн ямар ч  өөрчлөлт оруулахгүй,  хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэдгээ бахархалтайгаар мэдэгдээд буй.

Тус уурхайд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын тайланг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлоод буй цаг үеэр далд уурхайн олборлолт хойшилж, зардал нь 1,9 тэрбум ам доллараар  нэмэгдэж байгаа тухай мэдэгдлээ. Нэг үгээр хэлбэл хөрөнгө оруулагчид барьцаа улам чангалж байгаа нь тэр байх.

Одоо тэгээд яахав, ямар арга зам байна вэ. Хоолойд тээглэсэн ясаа яаж гаргах вэ. Монголчууд ийм л асуултад хариу эрж байна.

Оюутолгойн гэрээг анх байгуулж байхад Баялгийн сангаараа алдартай  Норвегууд  бидэнд хандаж  нэг зөвлөмж  өгсөн байдаг. Тэр нь юу гэвэл,  “51, 34 хувь гэсэн мэдэхгүй юмаар бүү оролд. Зүгээр л гаргаж буй баяжмалыг нь жигнээд роялти, татварыг нь  бүрэн аваад яв” гэжээ.  Үнэхээр ч норвегууд өөрсдөө  байгалийн хийн бизнес шинээр эхлэхдээ мэдэхгүй юмнаасаа ингэж зайлсхийж байсан тухай нэгэн дипломатич өгүүлжээ.

Манай улстөрчид ч Норвег руу туршлага судалахаар мөн их явсан даа. Сүүлдээ бараг онигоонд орсон шахуу байх. Гэсэн хэрнээ энэ зөвлөмжийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн байдаг юм. Одоо тэр балгийн ээлжит цохилт ирж байгаа нь энэ.
Zaluu.com

М.Нэргүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр