Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хотын төвд зөвшөөрөлгүй барилга баригдсаар л байх уу, мэргэжлийн хяналтынхаан

Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийдэг. Энэ дагуу зургаадугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харвааны талбайн баруун талд баригдаж буй “Мөнхсайн санаа” ХХК-ийн 414 айлын орон сууцны 23 давхар дөрвөн барилгад шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан аж. Тиймээс “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээг авч эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийг арилгуулах хүртлэх хугацаанд түр зогсоохыг даалгасан байна. Дээрх хуулийн заалтад, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10 сая/ төгрөгөөр торгоно гэж заажээ.

Гэтэл эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан даалгаврыг биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажлаа гүйцэтгэсээр байна. Анх “Мөнхсайн санаа” компанид Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2018 оны наймдугаар сарын 28-ны А/773 тоот шийдвэрээр 8510 ам метр газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших гэрчилгээ олгожээ. Тэндээ доороо нэгдсэн зогсоолтой 414 айлын орон сууцны хотхон барихаар тус компанийнхан төлөвлөж, захирал Д.Батсанаагийн гарын үсэгтэй хүсэлтээ энэ оны гуравдугаар сарын 21-нд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлжээ. Холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл бүрэн гараагүй байхад аль хэдийнээ дөрвөн барилгын гадна карказын дийлэнх хэсэг нь боссон байна. Тэгэхээр өнгөрсөн намраас барилгыг ямар ч зөвшөөрөлгүйгээр барьж эхэлсэн байх магадлалтай юм.

Энэ мэт нийслэлд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлүүлсэн хэчнээн барилга байгааг нарийвчлан шалгаж, түүний ард зөвшөөрлийг нь гаргаж өгнө хэмээн төрийн хэчнээн албан хаагч “хахуул” авч суугаа гэдгийг хэн ч одоогоор мэдэхгүй. Магадгүй нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагийнхан, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар Ус, дулаан хангамжийнхан, цахилгаан түгээхийн инженерүүд, онцгой байдлынхан гээд хэн хүссэн хүний өгсөн албан ёсны бус зөвшөөрлөөр л барилгын ажлаа эхэлчихээд, барьсан хойноо, иргэдийг оруулсныхаа дараа хүчээр ч хамаагүй зөвшөөрөл авчихна гэж сэтгэж суугаа компанийн удирдлага байхыг таашгүй юм.
Үүнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллээр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ асуудлыг анхааралдаа авч, хуулийн дагуу арга хэмжээ авахыг албаны хүмүүст анхааруулсан сурагтай. Ямартай ч энэ хууль бус үйл ажиллагаа холбогдох албаны шийдвэр гаргах хүмүүсийн анхаарлын гадуур орхигдохгүй нь лавтай байх. Энэ мэт “даварсан” үйлдлийг цаашид зогсоох нь дамжиггүй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр