Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Батмөнх-Эрдэнэ: Шөнийн цагаар хууль бус үйл ажиллагаа явуулснаас уурхайн 2 ажилтан амь насаа алдсан

Баянхонгор аймгийн Галуут суманд “Империал Гоулд Майнинг” компани хууль бусаар алт олборлох үеэр хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус компанийн үйл ажиллагааг 5 сарын өмнө МХЕГ-аас зогсоосон байжээ. МХЕГ-ын Геологи, уул уурхайн хэлтсийн дарга С.Батмөнх-Эрдэнээс уг асуудлыг тодрууллаа.

-“Империал Гоулд Майнинг” компанийн үйл ажиллагааг өнгөрсөн 3 дугаар сард ямар шалтгааны улмаас зогсоож байсан юм бэ?

-“Империал Гоулд Майнинг” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, газар хөрс ашиглах гэрээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан учир өнгөрсөн 3 сард үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл тус компани 5 сард дахин дур мэдэн үйл ажиллагаа явуулсан байдаг. Тухайн үед нь мэргэжлийн хяналтын байцаагч уурхайд очиж лацыг дахин тавьсан. “Империал Гоулд Майнинг” компани сая дахин лацыг авч, шөнийн цагаар дур мэдэн ажиллаж хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчин, батлагдсан зураг төслийн дагуу ажиллаагүйгээс хоёр хүний амь нас эрсдээд байна.

-МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоосоор байхад дур мэдэж уурхайг удаа дараа ажиллуулсан компанид ямар хариуцлага тооцдог юм бэ?

Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй бол акт гаргаж үйл ажиллагааг нь зогсоодог. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 1 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр торгодог. Хууль бус үйл ажиллагаа явуулсан уул уурхайн компаниас эрүүгийн шинжтэй зөрчил илэрвэл цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Захиргааны шинжтэй байвал торгууль тавих, үйл ажиллагааг зогсоох, хууль бус орлогыг улсын орлого болгох зэрэг арга хэмжээг авч байна.

-Сэлэнгэ аймагт 3 сарын өмнө үйл ажиллагааг нь зогсоогоод байсан уул уурхайн компани хууль бусаар ажиллаж осол гаргаснаас хоёр ажилтан амиа алдаж байсан. Уул уурхайн компаниуд МХЕГ-ын шаардлагыг яагаад биелүүлэхгүй байна вэ?

-Бид хуульд заасан бичиг баримтуудыг шаардаж, тухайн бичиг баримтуудыг мөрдөж ажиллаж байна уу гэдгийг хянаж ажилладаг. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэх ёстой.

-Улсын хэмжээнд зөрчилтэй уурхайнуудад хяналт тавьдаг хэдэн улсын байцаагч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 3100 орчим ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг. Үүнд 41 геологи, уул уурхайн улсын хяналтын байцаагч хяналт тавьж ажиллаж байна. Уул уурхайн үйл ажиллагаа өөрөө онцлогтой. Нэг газар шаваад байдаггүй. Тархуу байрлалтай байдгаас өдөр бүр хяналт тавиад байх боломжгүй байдаг.

Zaluu.com

Г.Дугар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2019-08-08 19:19:21

Хууль зөрчсөн асар их шуналтай хулгайчийн хөрөнгийг хурааж шоронд хатаа

Ажлын байр