Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөхчүүдээс допинг илэрсэн бол хариуцлага тооц гэжээ

 Баяр наадам зохион байгуулах хороо бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг ямар шалтгаанаар нууцлахыг оролдов, хэний ашиг сонирхол байв гэдэг асуудал өнөөдрийн хамгийн сонирхолтой сэдэв болчихоод байна.

Өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 09-ний өглөө шинжилгээнд хамрагдсан бөхчүүдтэй бүгдтэй нь холбогдож, хориотой эмийн бодис илэрсэн үгүйг нь хэлж өгсөн атлаа үдээс хойш нь сэтгүүлчийн микрофоны урд “Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариу ирээгүй байна” гэж худал хэлээд нүд цавчихгүй харж суусан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамц, амралтаа авсан гэж булзааруулсан Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн та ямар зорилготой байв.

Бөхчүүдээ хүндэлдэггүй, тэднийг хүн гэж үздэггүй, сошиал орчин, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж буй энэ үед худал хэлсэн нь алхаад л баригдах байтал олон нийт, сэтгүүлчдийг үл хүндэтгэн худал хэлсэн шалтгааныг тэднээс нэхэх нь зүйтэй. Харин тэдний энэ үл хүндлэлтэй, хариуцлагагүй, увайгүй байдлыг бөхчүүд маань эсэргүүцэж сошиал орчинд нэгдэж, хариу барьж чадсан нь бахархалтай байлаа.

Учир нь Допингийн шинжилгээний хариу ирээгүй байна гэж мэлзэх дарга нарын өөдөөс шинжилгээний хариугаа авсан гэх 15 бөх өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан лайв хийж, допингийн эсрэг тэмцэнэ гэдгээ харуулж, шинжилгээний хариуг яаралтай зарлахыг шаардсан юм. Харин улсын аварга Э.Оюунболд ганцаараа шинжилгээний хариу нь ямар гарсан талаар мэдэгдэл хийсэнгүй. Түүнчлэн Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадамд барилдаж байгаад гурвын даваанаас барилдаанаа орхиод алга болсон нь олон нийтийн дунд энэ хүн допинг хэрэглэчихсэн юм биш биз гэх хардлага төрүүлээд байна.

Тиймдээ ч нийгмийн сүлжээнд Э.Оюунболд аварга хэрвээ допинг хэрэглэсэн байвал нутгийн ах нь болох Ерөнхий сайд У.Хүрэлсүх  хав дараад өнгөрөх биз гэх сэрдлэг ч мөн яваад эхэлсэн. Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Баяр наадам зохион байгуулах хорооны хэсэг нөхөд допингийн шинжилгээний хариу ирсэн талаар Ерөнхий сайдад уламжилсан аж. Харин Ерөнхий сайд “Шударга үнэний төлөө явж байгаа хүний хувьд шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. Спорт шударга байх ёстой. Бөхчүүдээс допинг илэрсэн бол зохих журмын дагуу хариуцлага тооцоод яв” гэсэн утгатай үүрэг өгсөн гэдгийг эх сурвалжууд онцолж байна.

Ямартаа ч өнөөдөр Баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж, допинг илэрсэн бөх байгаа эсэхийг албан ёсоор зарлах нь. Хүлээх л үлдлээ.

Үүний дараагаар допинг болон найраа гэдэг байж боломгүй зүйлд нэвт шингээд буй үндэсний спортынхоо талаар болон бөхчүүдийнхээ талаар эргээд тунгааж бодох цаг гарах байх.

                               Zaluu.com

Б.БУРМАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр