Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.НЯМДОРЖ:ЭНЭ БАЯН,ТАРГАН ГИШҮҮДЭЭ ДУУДАЖ, ХУРДАН ХУРАЛД НЬ ИРҮҮЛ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Төслийн заалт тус бүр дээр гишүүд 10 минутын турш үг хэлж, байр сууриа илэрхийлж байгаа юм. Энэ үеэр гишүүд УИХ-ыг хариуцлагатай байлгах талаар ярьж байлаа.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

Би Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байгаа үйл явцыг өнөөдөр дөрөв дэх удаагаа харж байна. Санал нийлэхгүй зүйл байгаа ч, олонхоороо нэгдэж байгаа зүйл заалтуудыг дэмжээд явах байр суурьтай байгаа. Хуралд суухгүй байгаа гишүүдийг хуралд нь ирүүлмээр байна. Яагаад энэ хүмүүс хуралдаа ирдэггүй юм, хэн болчихсон юм бэ? Албан тушаалд томилох гэхээр ирдэг хэр нь ард түмний эрх ашиг ярихаар алга болдог. Бүтэн гурван жил унтлаа болоо юм биш үү? Энэ баян, тарган гишүүдээ дуудаж, хурдан хуралд нь ирүүл гэсэн горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Одоогийн хуулиар түр хороо байгуулаад явах боломж нээлттэй. Дүгнэлт гаргах, гэрч дуудах, шинжээч томилох гэсэн заалтыг эрс эсэргүүцэж байгаа юм. Бид хуулийн байгууллага байж яагаад шударгаар ажлаа хийж чадахгүй байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Шударга ёсны хүсэмжлэл өндөр байгаа нь шударга шүүх, хуулийн байгууллагыг хүсэмжилж байна. Шударга шүүх, хуулийн байгууллагатай байхын тулд хараат бус байдлыг нь Үндсэн хуульд хийх ёстой. Энэ нь өөрөө энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт гол, чухал зүйл нь юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хянан шалгах хороо байгуулах талаар гэрч дуудах гэх мэт заалтуудыг хасч, хуулийн биелэлттэй холбоотойгоор нийт гишүүдийн дөрөвний 1-ийн дэмжлэг авбал цөөнхийн бүлгийн оролцоотойгоор Хянан шалгах хороо байгуулах заалт оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Гэрч дуудах, гэрчээс мэдээлэл, тайлбар авах зэрэг заалтууд нь хасагдсанаар энэ хороо ямар ч үүрэггүй болно. Өөрөөр хэлбэл, бусад дэд хорооноос ялгагдахгүй болно. Хянан шалгах хороо байх ёстой, ялангуяа төрийн өндөр албан тушаалтантай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгахад төвөгтэй байдаг. Энэ мэт хэрэгтэй заалтуудаа оруулж ирэхгүй бол Үндсэн хууль өөрчлөх шаардлагагүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Одоогийн хуулиар түр хороо байгуулаад явах боломж нь нээлттэй байгаа. Дүгнэлт гаргах, гэрч дуудах, шинжээч томилно гэсэн заалтыг эрс эсэргүүцэж байгаа юм. Бид хуулийн байгууллага яагаад шударгаар ажлаа хийж чадахгүй байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Шударга ёсны хүсэмжлэл өндөр байгаа нь шударга шүүх, хуулийн байгууллагыг хүсэмжилж байна. Шударга шүүх, хуулийн байгууллагатай байхын тулд хараат бус байдлыг нь Үндсэн хуульд хийх ёстой. Энэ нь өөрөө энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт гол, чухал зүйл нь юм. Улс төрийн төлөвшил сул байгаа энэ үед цэгийг том хар зүйл болгох эрсдэл бий болох учраас бид нийгэмд, иргэдэд хариулт өгөхүйц өөрчлөлтийг хийх ёстой шүү.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-УИХ-ын хяналтыг сайжруулах энэ заалтыг дэмжиж байгаа. Хариуцлага сайжруулах үүднээс гишүүдийг эгүүлэн татдаг болж байна, хариуцлагагүй ажиллавал хугацаанаасаа өмнө тардаг болох, давхар дээлийн асуудал зэрэг хариуцлагын асуудал оруулж ирсэн. Энэ үед УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд нийгэм, ард түмний өмнө санаа зовоосон асуудал гарвал түр хороо байгуулж, шалгалт хийдэг байх нь зөв. Цөөнхийн төлөөллийг оруулж байгаа нь ч ардчиллын амин сүнс болсон цөөнхийн байр суурийг албажуулж байгаа. Хариуцлагатай асуудлыг ярьж байгаа энэ үед УИХ-ын гишүүд хариуцлагатай баймаар байна. МАН-ын бүлгийн дарга ирцээ бүрдүүл, олонхын бүлэг шиг баймаар байна. Цөөнхийн буруу байхгүй, 64-үүлээ байж, олонхиороо байж чадахгүй байгаа нь бүлгийн даргын хариуцлагагүй байдал гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр