Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхийлөгчийн засаглал дарангуйлдаггүй, харин цэгцэлдэг, эмх журамд нь оруулдаг

Улс, үндсээ мандуулан бадраадаг хүчтэй засгийн газар зөвхөн л ерөнхийлөгчийн засаглалтай төрийн тогтолцооны нөхцөлд төрөн гардгийг ХХ зуунд Америк, Европ, Азид олон орон нотоллоо. Үүний нөгөө талд Европ, Азийн олон орон парламентын засаглалаас болж уруудаж доройтлоо. Үүний нэгэн тод жишээ нь гүн хямралын ирмэг дээр дэнжигнэн зогсож байгаа Монгол маань билээ. Засаглалын энэ хэлбэрээс болж цагтаа дэлхий дахиныг “ил, далд дэглэж” байсан англичууд ч өнөөдөр хүндхэн байдалтай байцгаана. Олон толгойтой мангасууд, олон толгойтой могойнууд ямагт л ялагдал хүлээж, үхэж, сөнөж байдаг үлгэр, домгуудын сургамж үнэндээ тун ч их үнэ цэнэтэй байсан юмсанжээ...
 
Олон тивээс, олон улсаас, олон арга, замаар цагаачлан очиж цугларсан үхрийн бөөр шиг олон угсааны хүн ардыг нэгтгэж, нэгэн жолоонд оруулж, түүхэн богино хугацаанд “хүчирхэг улс, америкчууд” гэсэн цоо шинэ үндэстэнг бүтээж чадсан ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах төрийн жишээ, туршлагыг Латин Америкийн бараг бүх орон хуулбарлан хэрэглэжээ. Түүгээр ч үл барам жинхэнэ эх оронч ерөнхийлөгч нарынхаа ач, гавъяагаар Латин америкчууд хүчирхэг эзэнт гүрнүүд – колончлогч нараасаа эрс шийдэмгийгээр салж бие биеэ даацгаажээ. Дэлхий дахины нүдэн дээр болоод өнгөрсөн мөнхүү түүхэн туршлага, түүхэн үнэн нь ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн засаглалтай, бүгд найрамдах төр засаг бол иргэний ардчиллын (иргэдийн засаглалын) нэгэн зохистой илрэл, хэлбэр, сайн засаглал мөн болохыг өнөө цаг үеийн хүн төрөлхтөнд маргахын аргагүйгээр нотолж чадлаа. Төрийн тогтолцооны энэ хэлбэрийн суурийг тавьж, өвөрмөц шинэ үндсэн хуулийн эхийг боловсруулж, зөвшилцөн баталж, түмэнд тунхаглаж чадсан Америкийн 12 штатын 39 төлөөлөгчийн гавъяаг хүмүүс бид мартах ёсгүй. АНУ-ын “Үндсэн хуулийн эцэг” гэгдэгч Жеймс Мадисон, мөн АНУ-ын “Шударга шүүхийн эцэг” хэмээгдэгч Жон Маршаллын алдар цуу ч мартагдах учиргүй. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэгээн дурсгал ч мөнх наслах гавъяатай. Эх орон, эгэл олондоо эцэг нь, эх нь, ивээн тэтгэгч нь болсон жинхэнэ улстөрчдийн эгнээнд тэд эгнэгт зогсож байх болно...
 
 
х            х            х
300 шахам жил Европын хүчирхэг гүрнүүдийн эзэн эрхшээлд нухлагдсаар, боолчлогдсоор XVIII зууны эцсээр л тивээрээ шахам толгой өндийн босож, тэмцэж, бүр өөрсдийгөө чөлөөлөх дайн хийж бүхэл бүтэн 8 жилийн туршид (1755-1783 он) цус асгаруулан тулалдсан америкчууд 1783-1786 онд тусгаар тогтносон олон муж улсуудыг байгуулж чаджээ. Тэдний зарим нь бүр үндсэн хуульт засгийн газруудтай болжээ. Гэвч шинэ залуу олон муж улсууд хоорондын зөрчил, тэмцэл, үл ойлголцол нь цаашдын хөгжил, дэвшлийг саатуулж, эргээд эзэн гүрнүүдийн эрхшээлийг ч авч ирж болзошгүй болгожээ. Чухам ийм хүнд бэрх, ээдрээтэй нөхцөлд америкчууд хүчтэй төв төртэй болохын чухлыг ойлгоцгоожээ. Дайны дараах харьцангуй тайван 4 жилийн амьдрал, практик ч хүчтэй төв төрийн хэрэгцээ, шаардлагыг муж улсуудын удирдлагад мэдрүүлжээ. Үгсэх, зөвшилцөх, нэгдэх замаар холбооны улс, нэгдсэн улс болохын төлөө тэр цаг үеийн тэргүүний сэтгэгчид, оюунлаг хүмүүс хамтран тэмцэх болжээ. Тэдний эгнээ богино хугацаанд өргөжиж, алсын хараатай шударга улстөрчдийн баг ч 1787 оны эхээр төрөн гарчээ. Чухамхүү энэ баг үндэсний, хүчтэй төр засгийг төрүүлэн гаргаж чадах үндсэн хуулийн эхийг боловсруулж баталсан байна. Гэхдээ тэд Оршил хэсэг, 7 зүйл, 24 хэсэгтэй уг хуулийн төслийг чухамхүү яг тэр түүхэн цаг үеийнхээ дээд боломжинд түшиглэн, мөн өөрсдийнхөө тэмцлийн практикт тулгуурлан, дээр нь шинээр буй болсон Нью-Йорк, Массачусетс зэрэг муж улсын үндсэн хуульт засгийн газруудын туршлагыг тусган боловсруулжээ. Тэд мөн 1215 оны Английн Магна Карта, мөн 1619 оны колонийн захиргаадын чуулганы жишээ, туршлагыг ч судалжээ. Америкийн муж улсууд тусгаар тогтноод 12 жил өнгөрсний хойно уг үндсэн хууль боловсрогдож батлагдсан нь түүний жинхэнэ бодит амьдралын хөрснөөс урган гарсныг гэрчилдэг. Гэхдээ уг үндсэн хууль түүнийг гол 9 муж улс хүлээн зөвшөөрснөөр 1788 оны 6-р сарын 21-нд хүчин төгөлдөр болжээ. Энэ нь 12 муж улсын 39 төлөөлөгч боловсруулж баталсан 1787 оны 9-р сарын 17-ноос хойш жил орчмын дараа болжээ. Энэ үндсэн хуулийн дагуу сонгогдсон анхны ерөнхийлөгч (Жорж Вашингтон) 1789 оны 4-р сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлжээ.
 
Гар бичмэл эх нь ердөө л 4 хуудас энэ хуулийг Филадельфи хотод 12 мужийн төлөөлөгчид бүхэл бүтэн 4 сарын туршид хэлэлцэж боловсруулсан түүхтэй. 4 жилийн дараа түүнд анхны 10 нэмэлтийг (Эрхийн тунхаглал гэдэг) оруулжээ. Одоогоор энэ хууль нь Оршил, 7 зүйл (24 хэсэг, 84 заалттай), 27 нэмэлт (49 хэсэгтэй) гэсэн хэсгүүдээс бүрддэг. Хэмжээний хувьд манай улсын 1992 оны үндсэн хуультай бараг л адил юм. 
 
 
 
Ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн засаглалтай, бүгд найрамдах төр засаг өнөөдөр гэхэд Хойд ба Урд Америк тивийн бараг бүх улсад амжилттай ажилласаар байна. Ази, Европ, Африкийн олон орон парламентын засаглалын сул талуудаас зайлсхийж хагас парламентын хагас ерөнхийлөгчийн (холимог тогтолцоо) засаглалыг тогтоох, улмаар хүчтэй ерөнхийлөгчийн засаглалд шилжих чиг хандлагад нэгэнт автжээ. Дэлхий дахины энэ эерэг жишгийг монголчууд бид ч мөн дагах учиртай. Өмнөх гучин жилийн буй болгосон хулгай, луйвар, авлига, улстөрийн ялзралаас монголчууд бид ерөнхийлөгчийн хүчтэй засаглалын тусламжтайгаар л салж чадна.
 
 
х            х            х
Ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн засаглалтай, бүгд найрамдах төр засаг бол Ардчилсан төр засгийн нэгэн чухал хувилбар мөн болно. Энэ нь онолоор ч нотлогдсон, бас практикаар батлагдсан, олон оронд туршигдсан төрийн тогтолцоо билээ.
 
 
Улсын их хурлын эрх, хяналт, Шүүх засаглалын эрх, хяналт, мөн хэвлэл-мэдээллийн хяналт, дээр нь бас сонгогч олон түмний хяналтын доор ажиллах засгийн газрын тэргүүн-ерөнхийлөгч дорхноо л дарангуйлагч болчихдог гэх мэтийн гуйвуулга бол үндэс, хөрсгүй худлаа үг. Хуучин янзаараа, хэрэглэж дадсан арга, мэхээрээ улиран үлдээд ханах, цадахаа мэдэхгүй идэх, завших гэсэн олигархиуд ийм дэмий цуурхал тараах болжээ. “Айсан хүнд аргал, хомоол ч хөдөлж харагддаг” гэх үгийн үнэн утга мөн ч үнэмшилтэй юм шүү!!
 
 
 
х            х            х
Парламентын засаглалтай улс оронд популизм өргөн дэлгэрч популистуудын тоо ёстой л борооны дараах мөөг шиг олширдог. Энэ хөнөөлт үзэгдэл өнөөдөр Европ, Африкт, Азид, мөн Монголд хот, хөдөөгүй өргөн дэлгэрч үр ашиггүй үймээн, самууныг тарьсаар байна. Популистуудын олонхи нь хэзээ, ямагт хулхи хүмүүс, хулхи улстөрчид байдаг. Энэ бол улстөрийн шинжлэх ухааны нэгэн нотлогдсон үнэн билээ. Ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн засаглалтай, бүгд найрамдах улсуудад популистуудын тоо харин ихэд цөөрдөг, дагалдаад улстөрийн намуудын тоо ч мөн цөөрдөг байна.
 
Парламентын засаглал, хэтэрхий олон гэхээр жижиг намууд, тэдгээрийн удирдлагад голдуу шургалсан популистууд, үндэсний хөрөнгөтнүүд, дээр нь төрийн эрх барилцсаар ирсэн 2-3 том намын олигархижсан удирдах бүлэглэл – эд бүгдээрээ нийлээд өнөөдрийн Монголд хүн амын бусармаг гэхээр нэгэн давхраа, зүй бусын орлогоор хөлжигсөд, авлига ба луйврын хэрэгт гаршсан, зарим нь бүр эрэмшин танхайрах болсон сөрөг элементүүд болчихлоо. Энэнийг өнөөдрийн засаг, төрөөс нэлээд өөр засаглал, төр л зөв талруу нь өөрчилж, цэгцэлж чадна. Энэ хэрэгт ард түмний оюунлаг, ухамсартай, эх оронч хэсгийн дэмжлэг, тууштай тэмцэл “баруун гар” болж оролцох ёстой. Бузраас, бохироос салах өөр арга, зам байхгүй, бас буй болохгүй! Олигархиудыг өөрсдийг нь төрүүлсэн энэ төр засаг төрүүлсэн үзэгдэлтэйгээ эргээд тэмцэж, ялж чадахгүй шүү дээ!
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Гунгаа
2019-10-14 20:34:55

Ер чнь манайх шиг ийм оронд еронхийлогчийн засаглал хэрэгтэй дээ энэ 76бол хэоэггуй идэж уух нь их байна

Ажлын байр