Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

О.Баасанхүү гишүүн Монголын улс төрд үнэ цэнэтэй фигур мөн үү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн МАХН-аа орхиж Ардчилсан Намд гүйж ирэв. Тэр энэ намаас нэгэн цагт явж байсан, одоо эргэн ирж байгаа нь энэ. Эргэн ирж байгаагаа тэрбээр АН-ыг хүчирхэг сөрөг хүчин болгох зорилготой гэжээ. Баасанхүү ирснээр АН хүчтэй сөрөг хүчин болчихдогсон бол сайн л хэрэг. Даанч тэгж чадахгүй, харин ч эсрэгээрээ муухай харагдана. Хууль номоороо АН  УИХ-д бүлэгтэй болох боломжгүй хэвээрээ үлдэнэ. 

Ардчилсан нам  Баасанхүүгүйдээд сул дорой байгаа юм биш. Байж байгаа нь л тэр. Намын гишүүд дэмжигчдээ атгасан шагай шиг эвлүүлж бөөгнүүлж, эв нэгдлийг нь хангаж чадаагүйдээ хүчгүй харагдаад байгаа юм.

Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдээрээ туг тахьсан хэрнээ намдаа урвуулж авч байгаа нь О.Баасанхүү гишүүн. 

О.Баасанхүү С.Эрдэнэ нар нэг намд байтугай парламентын хүрэн зандан танхимд хамтдаа багтаж шингэхгүйдээ хүрч байсан удаа нэг биш.

Галзуу мэдрэлтэйгээрээ дуудуулж С.Эрдэнэд хурлын танхимаас хөөгдөж туугдаж байсан О.Баасанхүү тэр хоёр одоо нуур нугас шиг сүжирч байна. Улс төр гэж энэ.

Сонгогчид харж байгаа байх. Бид нэг иймэрхүү  хүмүүсийг л сонгож төрдөө илгээдэг байх нь. Тэднээс  төрийн хар  хүний ноён нуруу, зангараг  гэдэг юм даанч нэг харагдахгүй байна.  

Та хуучин тойрогтоо дэвших үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “АН-ын дүрмээр л явна. Дүрмээр нь бол өмнө дэвшиж байсан тойргоосоо дахин дэвшдэг юм билээ” гэж хариулжээ. Тэгэхээр тэр Эрдэнэтийн тойргоосоо дахин нэр дэвших нь тодорхой байна. Тэгээд ч АН эргээд ирж байгаа хүндээ боломж орон зайг нь өгөхгүй бол бүр шог харагдана биз.

Харин хоёр намын хооронд холхиж намба алдсан гишүүнээ  дахиад төрд залах эсэх нь  Эрдэнэтчүүдийн сонголт болж үлдэнэ гэсэн үг.

Намаас нам дамжин цам харайж байгаа О.Баасанхүү ингэхэд Монголын улс төрд хэрэгтэй фигур мөн  эсэх нь АН-д очсноор бус ирэх  сонгуульд хэр оролцов гэдгээр л харагдана. Тэр 2020 сонгуульд АН-ыг багадаа 39 суудалтай болгохын төлөө зорино гэсэн байна билээ.

Үнэхээр тухайн нам хэдэн суудал авахыг сонгогчид бус нэг нэр дэвшигч мэднэ гэж ч юу байхав. Айлд ирж байгаа хүн аль болох сайныг ярьж байж л саваа дүүргэнэ шүү дээ. 

О.Баасанхүү гишүүн АН-ын ам бүлд багтсаныхаа дараа өгсөн ярилцлагадаа “Би хуульч хүн. С.Зориг агсныг хэн хөнөөв гэдэг талаар  надад таамаглал байдаг. Харамсалтай нь, надад эрх мэдэл алга. Би хэрэв ХЗДХ-ийн сайд байсан бол олж илрүүлж зарлах байсан” хэмээн  “хадуурсан” байна билээ.  Иргэн хүн эрх мэдэлтэй эсэхээсээ үл хамаарч гэмт хэргийг нуун дарагдуулах учиргүй гэдгийг тэр хуульч хүний хувьд мэдэхийн дээдээр мэдэж байгаа байлгүй дээ. Аль эсвэл үнэхээр ороо бусгаа энэ цагт эрх мэдэл нь дутаад байгаа юм болов уу.

Г.Нэргүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.