Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ҮАБЗ-ийн чиглэлийг зөрчиж “TTJVCO”-той гэрээ байгуулсан Б.Ганхуягтай хариуцлага тооцъё!

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг гаргасан шийдвэрүүдээ өөрийн гараар цуцалж байгуулсан компаниудаа нураахад хүргэсэн ямар гээчийн “хар гар” хаанаас оролцоод эхлэв.  Юуны өмнө ҮАБЗ, Засгийн газартай хэл амаа ололцоогүй, эцэстээ Засгийн газар бууж өгсөн дүр зураг харагдаж байна. Харин хэнд бууж өгөв? ҮАБЗ-д үү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод уу, Хятадын TTJVCO компанид уу?  Энд ҮАБЗ-ийн бас нэгэн албан бичгийг дэлгэе. Шаардлагатай бол уг албан бичгүүд, холбогдох гэрээнүүдийг бүрэн эхээр нь шүүхийн өмнө үзүүлэхэд бэлэн. Бодвол бас л нууцын зэрэглэлтэй байх. Гэхдээ нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хятадын нэгэн компани хэрхэн хууль зөрчиж байгааг, үүнд нь ҮАБЗ, Засгийн газар, гэрээ байгуулан хамтран ажилладаг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага хэрхэн хандсаныг үүнээс өөрөөр яаж нотлох юм бэ?  Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2020 оны гуравдугаар сарын 16-нд мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэдгээ тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно” гэж мэдэгдсэн. Харин Засгийн газар энэ сарын 27-нд ээлжит бусаар хуралдаж, өөрийнхөө Засгийн газрын “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгоод зогсохгүй, мөн 2019 оны 269-р тогтоолын дагуу байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгалаа.  УИХ-ын 2019 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын бирж дээр IPO хийх замаар борлуулж хөрөнгө оруулалт татахыг зөвшөөрсөн. Засгийн газрын 2019 оны долдугаар сарын есний өдрийн 296 тогтоолоор Зүүн Цанхийн ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанид шилжүүлж, тус компанийн IPO-г олон улсын бирж дээр гаргах талаар шийдвэрлэсэн байдаг.  Одоо ҮАБЗ-өөс ирсэн албан бичигт анхаарлаа хандуулна уу! ҮАБЗ-өөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдэрийн сайд Д.Сумъяабазарт “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний тухай 4/79 тоот албан бичиг хүргүүлсэн байдаг.  “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК Монголын хуулийг уландаа гишгэхэд нь “ЭТТ” "тусалсаар" иржээ ҮАБЗ-ийн энэ зөвлөмжид ямар ноцтой зөрчлүүд гаргасныг дурдсан байдаг. Үүнд “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-нд Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-г Сингапурын хөрөнгө оруулалттай “Macmahon Mongolia”, Германы “Operta” нартай байгуулж улмаар 2012 оны 3 дугаар сарын 25-нд тэд гэрээний эрхээ Сингапур улсад бүртгэлтэй “Ти Ти Жи Ви Си Өү” компанид шилжихдээ гэрээний 14.2 дахь заалтыг зөрчсөнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой” ХК ч тус компантай байгуулсан гэрээндээ дураараа өөрчлөлт оруулж хугацаа болон бусад нөхцлүүдийг өөрчилсөөр ирснийг анхааруулжээ. Энэ гэрээ 2019 оны 2 дугаар сарын 28-нд дууссан.  Ингээд цуцлах уу, сунгах уу гэдэг асуудал үүсэв. Юуны өмнө уг гэрээг сунгасаар ирсэн шалтгаан үндэслэлүүд тодорхойгүй байлаа. “Macmahon Mongolia”-той байгуулсан 2011 оны гэрээнд “Гэрээг сунгах эрхтэй болохын тулд гэрээ хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 4 жилийн хугацаанд авах ёстой гүйцэтгэлийн үзүүлэлтийн дундаж оноо 85 хувьтай байх ёстой байтал 2014 оны 7 дугаар сарыг дууустал гэрээний хэрэгжилтийг талууд үнэлж дүгнээгүй байна. 2011-2014 оны гэрээний дундаж үзүүлэлт нь гэрээнд заасан 65 хувьдаа хүрээгүй, 2015 оны гэрээнд дээрх үзүүлэлтийн оноо 95 хувьтай байх атал арван хувьд ч хүрээгүй байхад гэрээг сунгажээ.  Цаашилбал бүр ноцтой. 2012 оны 4-р сард “ЭТТ” ХК-ийн удирдлага ТУЗ-ийн шийдвэр гаргаагүй байхад өөрийн өмчлөлийн 36 нэр төрлийн тоног төхөөрөмж, машин механизмыг 24 сая ам.доллар буюу 31.9 тэрбум төгрөгөөр худалдаж 9 нэр төрлийн 46.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шилжүүлжээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Эдгээр эд хөрөнгийн холбогдолтой ТУЗ-ийн тогтоолыг 2012 оны 9-р сар, 2013 оны 12-р сард нөхөж гаргасан байна /тогтоолууд бий/. Тэр ч байтуай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны A/318 тушаалаар нэмж 47 нэр төрлийн 76.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг дахин “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шилжүүлсэн нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байгаагаас гадна гэрээний үүргээ биелүүлэх техникийн чадамжгүй компанитай гэрээ байгуулсан гэж дүгнэх боломжтой гэдгийг ҮАБЗ-ийн албан бичигт дурджээ.  Бас нэг ноцтой зөрчил нь уг гэрээнд 1 м.куб уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4.39 ам.доллар буюу 10.5 мянган төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62.4 хувиар өндөр тогтоогдох “ЭТТ” ХК үйл ажиллагааны зардлаас 407.3 сая төгрөг хэмнэгдэх боломжийг алдсан. Гэрээг ам.доллараар хийсэн нь Монгол Улсын төлбөр тооцоог үндэсний валютаар гүйцэтгэх тухай хуулийн тодорхой заалтыг зөрчөөд зогсохгүй ханшийн зөрүүнээс нийт 28 тэрбум алдагдал хүлээжээ. Энэ нь 2015 онд“ЭТТ” ХК-ийн нийт алдагдлын 22.9 хувийг, 2016 онд 46.6 хувийг хүлээж байсан байна. ҮАБЗ-ийн ирүүлсэн албан бичгийн зах зухаас нь дурьдахад л ийм. Яагаад нууцлах ёстой гэж? Ард түмний өмч, алган дээр тавьсан мэт ил тод байх ёстой гэж хашгираад байсан нь яав?  Сайд Д.Сумъяабазар ҮАБЗ-өөс өгсөн чиглэлийг Д.Ганхуягт дамжуулахаас өөр юу хийв? Энэхүү ҮАБЗ-ийн 2019 оны 4/79 тоот албан бичиг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт чиглэл болж хүргэгдсэн. Тодруулбал “Ийм зөрчлүүд гарч, Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөн тул гэрээ байгуулсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай” гэсэн байна. Мөн “Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллаж байгаа “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас“ЭТТ” ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн. Харин Д.Сумъяабазар сайд хэнийг, хэзээ хууль хяналтын байгууллагад өгч шалгуулсан юм бэ? ҮАБЗ-ийн шийдвэрийг хоёр сар гаруйн хугацаанд биелүүлсэнгүй! Гэрээ цуцлагдаагүй. Хохирол төлөгдөөгүй. Зөвхөн “ҮАБЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг хууль, тогтоомжийн хүрээнд авч, асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ мэдээлээрэй” гэсэн утгатай бичгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт 2019 оны 2 дугаар сарын 25-нд хүргүүлжээ.Өөр юу ч хийсэнгүй. Харин ч ажилчдыг халлаа гэх зохион байгуулалттай “ажилагаа”-нд ямар нэг хариу өгөлгүй, үсээ хусах жагсаалаар бүчүүлээд IPO яриад сууж байна.  Уг нь тэрбээр “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулснаар дээрх гэрээнд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байж болох юм. Гэвч “ЭТТ”-той болон цаашилбал Монголын Засгийн газартай арван жил гэрээгээр хамтарч муу муухайгаа дундаа хийж нууж завшсаар ирсэн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийг дийлсэнгүй. Эцэст нь өөрийнх нь танхим, Монгол Улсын Засгийн газар өөрийн байгуулсан шийдвэрээ өөрсдөө цуцалж бууж өгөхөөс илүү яаж шившгээ тарьж бууж өгөхийг харав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд амласнаа хийж чадсангүй.  У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ сайд нарын хэнд нь итгэх вэ? Ерөнхий сайд нь салбарынх нь ажилд оролцож, удирдлага дорх Төрийн өмчит компанитай хамсаатан болж “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д бууж өглөө. Хэрэв эрх мэдлийг ингэж олгодог бол хариуцлагыг яаж хүлээлгэх бол? ҮАБЗ-ийн болон салбарын сайдын өгсөн чиглэлийг хэрэгжүүлээгүй, Монголын хуулийг удаа дараа зөрчсөн, “ЭТТ” компанийг их хэмжээний алдагдалд оруулсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлаагүй Б.Ганхуяг ямар хариуцлага хүлээх вэ?  “Нисдэг бор морийг биш нисдэггүй бор морийг нь идчихээд ирдэг”-ийн үлгэрээр ҮАБЗ-ийн чиглэл болгосон “TTJVCO”-г биш Засгийн газрынхаа байгуулсан “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг татан буулгасан У.Хүрэлсүхийн Засгийн газар яг хэнд үйлчлээд байгааг эндээс харж болно. Гэтэл түүний Засгийн газар ч ҮАБЗ-ийн өмнө шийдвэрээ хамгаалж чадсангүй. “Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаа худаг-Гашуунсухайт  чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр  зөвлөмжийг  хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрх чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. Гэтэл “ҮАБЗ зөвлөмжөө ил болгохгүй бол Ерөнхий сайд зөвлөмжийг хэрэгжүүлэхээс татгалзах асуудлыг хөндөнө. Үүнээс үүдэж Тавантолгойн дэд бүтцийн ажил зогсож болзошгүй” гэж 2020 оны 3 дугаар сарын 5-нд хэлсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн үг хөсөр хаягдаж ҮАБЗ 2018 оны Н-33/21 дүгээр  зөвлөмжөө ч ил болгосонгүй, өөрчлөлт ч оруулаагүй байхад Ерөнхий сайд хэдийнэ уг зөвлөмжийг хэрэгжүүлчихлээ. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ сайд нарын хэнд нь итгэх вэ?  IPO гаргах эсэхэд асуудал байгаагүй юм байна. Ерөөсөө олон нийтийн хяналтаас аль болох ангид, сурсан дассанаараа Засгийн газар, “ЭТТ” ХК хамтдаа өнгөрсөн арван жилийн түүхээ давтаж “TTJVCO”-той хамтын ажилагаа буюу хамтдаа Монголыг алдагдалд оруулах гэрээгээ хамгаалж үлдлээ! Үүний цаана Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий компанийн ашиг сонирхол тэсч үлдэв. Самбарт зурж тайлбарлаад, Төрийн ордонд Сайдыг доромжилсон мэдээлэл хийж, адаг сүүлд нь ҮАБЗ рүү ч бухаж үзээд ҮАБЗ-ийн хурлын протоколыг дэлгэхийг шаардаж ганцаараа “акц” хийсээр бүхэл бүтэн Засгийн газрыг дийлэв. Түүнийг Төрийн эрх барих дээд байгууллага ч “хазаарлаж” чадсангүй. Угтаа Засгийн газар хариуцлагагүй буулт хийж, шийдвэрээсээ буцсаныг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх ёстой. Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн, “давхар дээлтэй” сайд нар боловч чацавхийлгүй бууж өглөө. Энэ бол арчаагүй, эмгэнэлтэй дүн төрх. Тэмээ хоёр бөхтэй байдаг бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрээ Ерөнхийлөгч бөхтэй, дороо салбарын сайд бөхтэй. Амлалт, ахиц бүрээсээ ухарч өөрийн Засгийн газрын байгуулсан охин компаниудыг татан буулгах ажил хийсээр Төрийн ордны гуравдугаар давхарт хөрөгөө өлгүүлэх л тавилантай аж. Ард олны итгэл хөсөр хаягдаж, адилхан “хулгайч” болохоор шийдсэнээ бүрэн зураглалаар харууллаа.  Нийтлэлч : У.Оргилмаа Шуурхай.мн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.