Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монголын эдийн засаг коронагаас болж "ком"-д орох нь..

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсын экспорт энэ оны эхний дөрвөн сард 45.3 хувиар буурчээ. Өнгөрсөн саруудад манай улс 125 оронтой худалдаа хийснээс гадаад худалдааны нийт бараа эргэлт 3 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 1.4 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллар байна. Ийнхүү экспорт, импорт буурахын хэрээр улсын төсвийн орлогын бүрдэлт тасалдаж, улсын төсөв алдагдалтай гарах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, түүнд ханган нийлүүлэгч ААН-үүдийн орлого ч эрс буурах нь тодорхой болов. Тухайлбал, оны эхний дөрвөн сард улсын нэгдсэн төсөв 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн тэнцэл өнгөрсөн оны мөн үед 286.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсантай харьцуулахад 930 тэрбум төгрөгөөр мууджээ. Мөн цар тахлаас үүдэж өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан II, III, IV сард дараалан төсөв алдагдалтай гарсан байна. Төсөв алдагдалтай гарахад орлого буурч, зарлага өссөн нь голлон нөлөөлжээ. Задлаад харвал төсвийн орлогын 85.6 хувийг бүрдүүлдэг татварын орлого өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар буурч, 2.5 их наяд төгрөг болжээ. Цар тахлаас сэргийлж улсын хэмжээнд хөл хорио тогтоосноор аялал жуулчлал, бараа үйлчилгээ, жижиглэн худалдааны салбарын орлого бүр буурсан. Зарим нь бүр орлого ч үгүй сууж байгаа. Коронавирусын тархалттай холбоотойгоор эдийн засаг саарч буй энэ үед  төсөвт тодотгол хийж бүтээн байгуулалтын шинжтэй төсвөө танах түүнчлэн бизнес эрхлэгчдийн зээлийн хүү болон түрээслэгчдийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг эдийн засагчид болоод зарим улс төрийн намууд  уриалж байр сууриа илэрхийлсээр байсан. Гэвч төсвийн орлого 180 гаруй тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй ч  төсөвт тодотгол хийхгүй гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Энэ бүхнээс харахад эдийн засаг мөддөө “сэргэхгүй” нь ойлгомжтой боллоо. Учир нь халдварын тархалт цаашид хэрхэн үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс бид манай эдийн засагт үзүүлэх дарамт гэнэт алга болно гэж тооцолгүй, харин доод тал нь хагас жил үргэлжилнэ гэж бодож эрсдлийн менежментээ хэрэгжүүлэх хэрэгтэй юм.   Г.Хулан  Bataar.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.