Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"

Намууд 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг гаргаж, СЕХ-нд хүргүүлэв. Хамгийн харамсалтай нь, уг нэр дэвшигчдийн дунд сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хэд хэдэн эрхмүүд байх юм. Бүр шүүх хурал нь товлогдсон нөхдүүд ч тууж явна. 

Тодруулбал, өмнөх нийтлэлээрээ бид авлига албан тушаалын хэргээр шүүх хурал нь товлогдоод буй С.Баярцогт, Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын талаарх мэдээллийг хүргэсэн. Харин энэ удаад сэжигтэн, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, "Ажнай" группын захирал Д.Бат-Эрдэнэ, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр нарын мэдээллийг хүргэж байна. 
 

 
  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ.
 Тэрбээр Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд буй. Гэвч түүнийг нийгмийн даатгалын болон тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан,  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа төрсөн охин Э.Золзаяагийн нэр дээр ХХААЯ-наас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан гэх  мэдээлэл байна. 

     
Сүхбаатар аймгийн Засаг дарга асан З.Энхтөр.
 Сүхбаатар аймагт нэр дэвших эрхээ аваад буй З.Энхтөр нь 2016 онд аймгийн Засаг даргаар хууль бусаар томилогдсон байдаг. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ИТХ-ын сонгууль будлиантай болсны улмаас тухайн суман дахь сонгууль хүчингүй болж аймгийн ИТХ дахь төлөөлөгчдийн тоо 33 байхаас МАН, АН 16:16 гэсэн харьцаагаар тэнцсэн юм. Тус аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумд МАН-аас нэр дэвшсэн Д.Болдбаатарыг хууль зөрчсөн тул сонгуулийн хороо хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэн нэр дэвшигч Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Д.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж тогтоосон байдаг. Гэтэл аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг шүүхээр шийтгүүлсэн Д.Болдбаатарыг оролцуулан анхдугаар хуралдааныг дангаараа хийж, Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөрийн нэрийг өргөн мэдүүлэн хууль бусаар томилсон аж. Гэвч түүнийг 2018 онд хууль тогтоомж зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр чөлөөлж байв. 

   
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр. Тэрбээр энэ удаагийн сонгуульд дахин Архангай аймагт өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байна. Түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байв. Харамсалтай нь, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

   
УИХ-ын гишүүн асан Д.Ганбат.
 Баянхонгор аймгаас нэр дэвшихээр зэхэж буй Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа төсөл хэрэгжүүлэх нэрээр төсвөөс 1 тэрбум төгрөг авч бидон тараасан гэх мэдээлэл байдаг. Ингэхдээ бидон санхүүжүүлсэн 1 тэрбум төгрөгийг ямар ч тендергүйгээр нэр бүхий таван аж ахуй нэгжээр дамжуулан авсан гэдэг. Мөн энэхүү таван компани дотор Д.Ганбат гишүүний өөрийнх нь “Техник импорт” ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэн дээрх АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ. 

   
"Ажнай" группын захирал Д.Бат-Эрдэнэ
. Д.Бат-Эрдэнийг Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-д ажиллаж, Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг "Тавантолгой транс ХХК" зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж, "Тавантолгой ХК"-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон. "Тавантолгой ХК"-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан. "Тавантолгой ХК"-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвын хамт яллагдагчаар татагдсан байна. 

   
АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай. 
2016 оны сонгуульд СХД-ээс нэр дэвшсэн ч өвдөг шороодсон О.Магнай дахин СХД-д нэр дэвшинэ. Гэхдээ түүнийг Ливан, Монголын хөгжлийн сангийн тэргүүний нэрийг ашиглан Монголд хөрөнгө оруулахаар ирсэн Ливан Улсын иргэдийг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. 

     
Кёкүшюзан Д.Батбаяр. 
Арцатын аманд их хэмжээний газар хууль бусаар авсан. Хууль бус лицензийн наймаа хийж байгаа бичлэгийн хэргээр шалгагдаж байгаа. Мөн залилангийн хэргээр шалгагдаж байнаХамгийн сүүлд, Д.Батбаяр болон түүний гэргий, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавих шийдвэр гаргасан. Гэвч гандан буурахгүй УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр зэхэж сууна.  

Ийнхүү сэжигтэн, яллагдагчаар татагдсан эрхмүүд УИХ-ын нэр дэвшихээр зэхэж байгаа нь Монгол төрийн босго ийм намхан болсон уу, эсвэл "гэмт хэрэг"-т холбогдсон эрхмүүд "ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ" гэх хуулийн хамгаалалтад орохыг хүсээ юу гэх эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлнэ. 

Ямартай ч намууд нэрсээ СЕХ-нд хүргүүлсэн. Харин СЕХ хүлээж авах уу, буцаах уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна. 

Zaluucom.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.