Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нийтийн тээврээр үнэгүй зорчихыг уриалсан орлогч даргын ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ

Улсын онцгой комисс энэхүү шийдвэрээ танилцуулах үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тэрээр “Нийтийн тээврийн автобусны карт цэнэглэх цэгүүд ажиллахгүй байгаатай холбоотойгоор иргэд бэлэн мөнгөөр төлбөрөө төлж зорчиж байна. Энэ нь эрсдэлтэй юм биш үү. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад харицлахдаа “Хаан банкны карт, Hi pay апплейкешн ашиглан автобусны төлбөрөө төлөх боломжтой. Иргэд маань үүнийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсвэл автобусны карт цэнэглэдэг цэгүүдийг зарим газруудад нээхээр төлөвлөж байна. Автобусны жолооч бэлэн мөнгөтэй харилцах эрхгүй. Тиймээс жолоочид бэлэн мөнгө өгөхийн оронд үнэгүй явсан нь дээр. Жолооч бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд огт өгөхгүй байх ёстой. Бэлэн мөнгөөр харилцсан жолооч нарт хатуу арга хэмжээ авна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн дээрх хэлсэн үгнээс “Жолоочид бэлэн мөнгө өгөхийн оронд үнэгүй явсан нь дээр” гэсэн мэдэгдэл анхаарал татлаа. Энэ бол нийтийн тээврээр үнэгүй зорчоорой гэснээс ялгаагүй мэдэгдэл. Уг нь төрийн оролцоотой юм болгон үнэгүй биш. Гэвч манай дарга нар төрийн оролцоотой ажил, үйлчилгээг үнэгүйдүүлэхдээ гаргуун боллоо. Манай иргэд ч үнэгүй юманд нугасгүйгээс гадна аливаа зүйлийг далимдуулахдаа сайн. Өнөөдрөөс иргэд “Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн автобусанд мөнгө битгий төл гэж хэлсэн” гээд л автобусны жолооч нартай маргалдаж, бүр ямар ч төлбөргүй зорчиж эхэлнэ. Иргэдийн ухамсар ийм л дорой байгаа нь үнэн. Цар тахлын үед байтугай энгийн үед ч ямар нэгэн аргаар автобусаар үнэгүй зорчих хүсэлтэй иргэд олон. Энэ тухай автбусны жолооч нар хэвлэлд байр сууриа илэрхийлдэг. Автобусны жолооч Т.Цэрэндаваа “Зарим хүмүүс картаа цэнэглэхгүй эсвэл үнэ төлбөргүй үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Ихэвчлэн өглөө ажил, сургуульдаа явах үеэр зорчигчид “Автобусны карт цэнэглэх цэг ажиллахгүй байна, цэнэглэж чадсангүй” гэж хэлдэг. Зарим нь “Ажил төрөлдөө яарч байна” гээд картаа уншуулалгүй явчихдаг. Зарим нь араас нь дуудаад байхад л чимээгүй гүрийгээд явдаг” гэсэн бол “Автотерминал” компанийн жолооч Б.Алтансүх “Зарим иргэд картаа уншуулахгүй сонссон ч сонсоогүй юм шиг шууд яваад орчихдог. Тэр болгоны араас гүйгээд, “Мөнгөө төлөөд яв” гэж шаардах боломжгүй. Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог иргэдээс гадна янз бүрийн үнэмлэх үзүүлж явдаг зорчигчдын тоо нэмэгдэх болсон. Дунджаар нийт зорчигчдын 30 хувь нь ямар ч хамаагүй ажлын үнэмлэх үзүүлж, үнэ төлбөргүй автобусаар зорчдог” гэжээ. Ийм хүмүүсийн хувьд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн “Жолоочид бэлэн мөнгө өгөхийн оронд үнэгүй явсан нь дээр” гэсэн үг “сайхан боломж”. Гэхдээ автобусны жолооч нарт бэлэн мөнгө өгөх нь бас буруу. Жолооч нарт өгсөн мөнгө шууд тэдний халаасанд ордог. Тиймээс нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга "Автобусаар үнэгүй яв" гэхийн оронд нийтийн тээврийг хэрхэн хөгжүүлэх, энэ асуудлыг яаж шийдэх гарцыг олох ёстой.   С.Шийлэгтөмөр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2020-12-28 13:41:45

Шуналтай жолооч нар бэлэн мөнгө авч халаасласан хэвээрээ л байна.Үүнийг л зогсооё гэснийг мушгин бичжээ.

Зочин
2020-12-24 09:26:41

Сумьяабазарыг зургаан орлогчтой нь хамт зайлуулах хэрэгтэй.Ямар ч чадвар алга.

Гэрэлээ
2020-12-23 13:39:24

Жолоочид бна уу картаар бна уу мөнгөө төлөх хэрэгтэй.Хуучин автобус хөдөлмөлөж бгаа хүнд хөрөнгө оруулөлт шд

Зочин
2020-12-23 13:01:43

зөв шүү дээ автобусанд мөнгө төлдөг хүн байхгүй болсон наад эргүй орлогчоо халаач