Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Таны “ЗОЛИГТ ГАРГАСАН” гадаад дахь монголчууд ХҮНД байдалд байна, Ерөнхий сайд аа

Эх орноо зориод гадаадад гацсан олон мянган иргэний нөхцөл байдал улам хүндэрсээр байна Ковид-ын нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор гадаадад ажлын байраа алдаж, эрүүл мэнд, санхүүгийн хувьд эрсдэлд ороод буй олон мянган Монголчууд эх орондоо яаралтай ирэх шаардлага үүссээр жил орчмын хугацаан өнгөрч байна. Энэ хугацаанд манай улс нэн шаардлагатай гэж үзсэн иргэдээ хүлээн авах бодлого барьсан ч энэ нь туйлын удаашралтай байгаа. Үүнээс үүдэн олон улс орныг дамжиж, үр хүүхдээ дагуулаад тусгай үүргийн нислэг үйлдэгдэх улс, хотод ирсэн, орон байргүй, визний хугацаа нь дууссан, визгүй учраас ажил хийх боломжгүй болсон, өвчтэй, жирэмсэн, эх орондоо байгаа үр хүүхэд, хүнд өвчтэй аав, ээжтэйгээ ирж уулзах хүсэлтэй зэрэг хүнд нөхцөлд байгаа хүмүүс олон байна. Мөн товлогдсон тусгай үүргийн нислэгүүд цуцлагдсанаас эдгээрт багтахаар төлөвлөсөн, нислэг үйлдэгдэх хот уруу өөр улс, хотоос хүрэлцэн ирэх хатуу нөхцөлтэй билет авсан, амьдрах орон байр, ажил төрлөө хүлээлгэж өгсөн хүмүүс санхүүгийн нэмэлт эрсдэл хүлээж, хэцүүхэн байгаа аж. Бүр зарим нь өвчний голомттой газруудад санхүүгийн хүндрэлээс болоод гудамжинд гарсан, эрсдэл өндөртэй газруудад өдөр хоног өнгөрөөж яваагаа ч учирлаж байгаа юм. Монгол хүний үнэ цэнэ ингэтлээ үнэгүйдлээ гэж үү? 2020 оны гуравдугаар сараас хойш Монгол Улсын хилээр орох, гарах хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх монгол хүний үнэ цэн, эрүүл мэнд, амь насыг хичнээн чухал болох тухай, гадаадад байгаа иргэдээ үе шаттай яаралтай татах талаар сайхан үгсийг урсгасан нь олон хүнийг баярын нулмис унагахад хүргэж байв. Гэвч түүний толгойлсон Засгийн газар 2020 оны 2-6 сарын хооронд хэт сүржигнэж, цөөн нислэг явуулсанаар хангалттай олон хүнийг татаж чадаагүй юм. Энэ нь хэт урт /21 хоног/ карантины бодлого явуулж байсан нь олон иргэдээ татаж авах боломжийг хаасан гэж хэлж болно. Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй нь тодорхой байх үед гадаадаас ирсэн монголчуудын албан тусгаарлалтын хугацааг 21 хоног, үргэлжлүүлээд гэрийн тусгаарлалтыг 14 хоногоор тогтоосон. Бусад улс орны дэглэмтэй харьцуулахад энэ бол урт хугацаа, харьцангуй хатуу нөхцөл байсан. Энэ тусгаарлалтын хугацааг тогтоосон шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд тайлбарлах ёстой. Тусгаарлалтын хугацааг шинжлэх ухаанчаар тооцоололгүй тогтоосон бол хүний эрхийн зөрчил болох боломжтойг судлаачид хэлж байгаа юм. Дээр нь тусгаарлах байрны хүрэлцээ муу, эмнэлгийн болон хөл хорио сахиулах алба хаагчийн нөөцийн хязгаарлагдмал байдал иргэдээ гадаадаас татан авах тоог бууруулах үндсэн шалтгаан болж байна. Мэдээж Засгийн газар, онцгой нөхцөлд ажиллаж буй алба хаагчид хүчин чармайлт гаргаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ илүү шуурхай, үр дүнтэй ажиллах боломж байгаа шүү дээ. Улсын Онцгой Комисст иргэд нь хандахаар “усанд хаясан чулуу шиг хариу сураггүй алга болчихдог” гэж байна. Ерөнхий сайд нь сошиалд "хөөсөрсөн" асуудлуудад попорч, нэр нүүр олдог хэрнээ харь газар нутгаа зориод тэмцэж буй иргэдээ “өөрсдөө учраа ол” гээд орхичихсон. Гэтэл оршин суугаа улс нь манай улсын иргэн биш гээд хаясны улмаас дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу нөхцөлд байгаа хүн олон байна. Тэр товлогдсон тусгай үүргийн нислэг цуцлагдсаны улмаас хүнд нөхцөлд орсон иргэдээ хамгаалах, санхүүгийн эрсдэлийг төр хариуцах учиртайг хүний эрхийн байгууллагууд ч хөндөж байгаа. Төрийн буруу бодлого ямар их хохирол дагуулдгийн тодорхой жишээ нь гадаадад гацаад байгаа олон мянган иргэдийн асуудал болоод байна Ерөнхий сайд аа. Үүнийхээ хариуцлагыг үүрч, ард иргэдээсээ та уучлал хүсч, хэлсэн бол хэлсэндээ хүрэх учиртай. Өнөөдрийн байдлаар эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн Монгол Улсын 7000 орчим иргэн гадаадад байгаагийн 1600 орчим нь “Яаралтай эргэж ирэх шаардлагатай” гэж бүртгүүлжээ. Монгол Улсын иргэн ямар ч тохиолдолд, тэр тусмаа цар тахлын үед эх орондоо эргэж ирэх эрхтэй, энэ боломжийг төрөөс бүрдүүлэх ёстой. Аль ч улс орны төр засаг өөрийн иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад бүх анхаарлаа хандуулж, тухайн улсад түр оршин сууж байгаа хүмүүсийн эрх ашгийг доод эрэмбэд шилжүүлж байгаа энэ үед хүн өөрийн эх орноосоо хамгаалалт хүсэхгүй бол өөр хаана хандах вэ. Иргэнийх нь амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан ийм үед л төр нь хүнээ хамгаалахгүй бол өөр ямар үед хамгаалах вэ. Монгол хүн ямар үнэ цэнтэй, монгол Улсын төр засаг ямар мөн чанартай болохыг одоогийн нөхцөл байдал харуулж байна. Товчхондоо, гаргасан шийдвэртээ зарчимтай тууштай хандаж, иргэдээ товлосон хугацаандаа татаж авахыг тэд хүсч байна. Т.Хэрлэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2021-01-06 18:54:12

Бие хамгаалагчдаа холдоцгоо миний ард түмэн намайг хамгаална гэж рекламдаж байгаад сонгогдчихсон хүний жудаг нэг иймэрхүү л бгам даа.