Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"Нийслэлд 30 хороо нэмж байгуулах шаардлагагүй"

ХҮН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай нийслэлийн төсөв тойрсон асуудлаар ярилцсанаа хүргэе.


-Улсын төсөвт 32 тэрбумын хулгай нуугдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс нийслэлийн төсөвт та бүхэн хэр анхаарал хандуулж байгаа вэ. Энэ жил нийслэл төсвөө захиран зарцуулахаар болсон. Ямар бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө зарцуулахаар тусгав, эндээс ярилцлагаа эхэлье?

-Төсвийн эхний хэлэлцүүлэг явж байгаа. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хоёр дахь хэлэлцүүлэг болно.  Энэ удаагийн төсөв нэлээд том дүн буюу 1.5 их наяд төгрөг харагдаж байна. Энэ төсвийн онцлог нь түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээг авахад төлөвлөж буй. Жишээ нь, зам тавих, хөнгөн галт тэрэгний шугам тавьж эхлэх, зогсоол нэмэгдүүлэх, газар чөлөөлөх, граш буулгах гэх мэтийн онцлог ажил бий.

Шүүмжлэлтэйгээр харахад гэр хороолол руу дэд бүтэц татахад үнэхээрийн чамлалттай мөнгө тавьсан. Ердөө 21.5 тэрбум төгрөг байсан байх. Улаанбаатар хотын хүн амын 50 хувь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын иргэд газар зохион байгуулалтад оролгүйгээр өөрсдийн газартаа хүн шиг амьдрах, бизнесээ эрхлэх боломж зөндөө бий. Энэ боломжийг эртхэн гаргаж өгөх ёстой байсан. Хоёрдугаарт, ХҮН-ын төлөөлөгчид засаглалын асуудалд анхаарлаа хандуулж байна.  Эдийн засаг хүндрэлтэй, цар тахлын шинэ хувилбар гарч, дахин хил хааж магадгүй хүндрэлтэй цаг үед аль болох хэмнэсэн төсөв батлах баймаар юм. Гэтэл нийслэлийн хэмжээнд  шинээр 30 хороо нэмэхээр яригдаж байна. Хороод нэмэгдэх нь иргэнд ашиггүй.

-Нийслэлд шинээр 30 хороо нэмэхээр ярьж буй юм байна. Төсөв, урсгал зардал нь хэд байх юм бол?

-171 хороог 201 болгоно гэж байна. Зөвхөн урсгал зардалд нь есөн тэрбум, бусад зардлаа тооцохоор 13 тэрбумыг төсөвлөж байна. Нийслэлийнхэнд хороо нэмэх шаардлага байхгүй.  Өөрөөр хэлбэл хороо бол төрөөс олгож буй ажлын байр шүү дээ. Хороог нэмснээр нийслэлийнхэнд төрийн үйлчилгээ ойртож байгаа юм биш. Гол нэмэх ёстой зүйл нь өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн хэлтсийн байр юм. Жишээ нь өрхийн эмнэлгийг хороодод нэмж барьж өгөх, барилгыг нь сайжруулах ёстой. Энэ мэт зүйлийг төсөвлөх байтал хороо нэмж байгаа нь туйлын цаг үеэ олоогүй хариуцлагагүй явдал гэж бодож байна. Хороонд үзүүлж буй үйлчилгээг судалж үзэхэд хорооны засаг дарга 30 гаруй тодорхойлолт гаргаж өгдөг юм байна лээ. Хороо ямар ажил хийдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэднэ.

-Аль дүүрэгт шинээр хороо нэмэх юм бэ. Хүн ам хамгийн их төвлөрсөн дүүрэгт хороод нэмснээр ямар өөрчлөлт гарах юм бэ?

-Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэг 28 хороотой. Үүн дээр 15 хороо нэмж, 43 болгоно гэж яриад буй. Мөн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр хороо нэмнэ. Ингэж төрийн бүтцийг данхайлгах хэрэг байна уу. Баянзүрх дүүрэгт 80 мянган хүн, иргэний үнэмлэхээ солиулахаас эхлүүлээд бөөн ажил эхэлж байна. Шулуухан хэлэхэд нэг намын бүтэцтэй явж байгаа үед саналын машинаа л нэмэгдүүлж буй. Хороогоор дамжиж халамж авдаг, иргэдээ хянадаг тогтолцоог бүрдүүлж буй гэж харж байна. Оронд иргэддээ хүртээмжтэй өрхийн эмнэлэг, сургууль цэцэрлэг хэрэгтэй.

-Ийм үрэлгэн төсвийг та бүхэн дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн үү?

-Нэгдсэн хуралдаан дээр ярилаа. Ерөнхий сайдад хүртэл бичиг явууллаа. Цахим үндэстэн буюу  “E-Mongolia” апп-аар дамжуулаад бүх тодорхойлолтыг авч болно. Гэтэл “E Mongolia” дээр байгаа үйлчилгээг дахин хороогоор дамжуулж цахим биш “бахим” хороог бий болгосноор төрийн бүтэц улам данхайна. Бүгд нэг намын удирдлага дор төвлөрнө. Ийм байгааг бид эсэргүүцээд байгаа юм. Нэгэнт цахимжууламаар байгаа бол түүн рүүгээ  яв л даа. Түүний оронд дүүргийг хүчирхэгжүүлмээр байна. Дүүрэг бол иргэдэд гол үйлчилгээний цэг. Мөн нэг цэгийн үйлчилгээг нэмэх хэрэгтэй. Нэг цэгийн үйлчилгээ элбэг байвал заавал хороо орох шаардлагагүй.

Төсвөө уншиж, задлан шинжлэх хэрэгтэй. Бүхэлд нь муу болсон гэж хэлэхгүй. Ялангуяа засаглал тал дээр данхайлгадаг нь туйлын буруу. Тэр мөнгөө хэмнэж чаддаг бол газар зохион байгуулалтад зарцуул л даа. Нийслэлд чулуун ширэнгэ үүсгэсэн орчныг өмнөх үеийн албан тушаалтнууд бий болгосон. Газрын авилгалын горыг бид амсаж байна. Төлөвлөлт байсан уу, байсан. Хэрэгжүүлээгүйн шалтгаан нь авлига байсан.

-Нийслэлийн хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүрэгт ирэх жил ямар ажил хийхээр төсөвлөсөн байна вэ. Энэ дүүргийн төсвийг та харсан уу. Бүтээн байгуулалт хамгийн их хийх хэрэгтэй дүүрэг санагддаг?

-Сонгинохайрхан дүүрэг нийслэлээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг татдаг. Тус дүүрэгт авто зам нэлээд сайн тавигдсан. Ер нь бол төлөвлөлт муугүй. Гэр хорооллын зам, гэрэлтүүлгийг Баянзүрх дүүрэгтэй харьцуулшгүй. Та нар Баянзүрх дүүргийн 4,5 дугаар хороо Монел, Дарь эх рүү яваад үзээрэй. Тэнд байдал маш хэцүү. Задгай гээд олон айл байдаг. Тэнд цахилгаан  байхгүй гээд бод доо.

-Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн авто замын түгжрэлийг 420 тэрбумаар бууруулна гэж ярьж буй. Энэ нь хэр бодитой төсөв бэ. Төсвийг нь харахад бага мөнгө биш шүү дээ?

-Ер нь бол энэ мөнгө түгжрэлдээ зориулагдах байх. Тиймээс үр дүнг нь хэлэхэд эрт байна. Гол нь төсвийг цаг хугацаанд нь үр дүнтэй зарцуулах нь чухал. Төрийн алба данхайж, хөшингө байна. Тендер зарлахад хувийн эрх ашгаа хольж байна. Тэгэхээр том дүнтэй төслүүдэд аудит шуурхай ажилладаг байгаасай. Аудит жилийн төлөвлөлттэй ажилладаг нь бас л хөшингө. Захиалгаа өгөөд, дараа жил нь жилийнхээ хувиараар аудит хийдэг юм байна лээ.

-Хотын даргыг хэр сайн ажиллаж буй гэж дүгнэж байна вэ. Иргэдийн зүгээс хотын даргыг голдуу шоу маягаар ажиллаж, хэрэгтэй шийдлээ хийхгүй байгааг шүүмжилдэг. Үүнд та юу хэлэх вэ?

-Д.Сумъяабазар хотын дарга болоод нэг жил боллоо. Шүүмжлэлтэй хандахуйц зүйлүүд байна аа. НИТХ-ын хуралд ховорхон суудаг. Гэтэл НИТХ нь энэ хүнийг анх Ерөнхий сайдад санал болгосон юм байгаа биз дээ. Тэгэхээр хотын дарга хүн НИТХ-ын нэгдсэн хуралдаандаа идэвхтэй суух хэрэгтэй. Мөн цөөнхийн дуу хоолойг сонсоход анхаарах нь чухал. Нөгөө талдаа, шийдүүлж хийсэн ажлуудыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Түгжрэл бууруулахад дорвитой арга хэмжээ авах нь. Газар чөлөөлөх ажилд санаа тавьж буй нь харагддаг. Гэхдээ дулимаг.  Зүй нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хүн хүч нь хангалттай байж гэмээнэ иргэдийн бухимдаад буй асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл өнөөдөр газар чөлөөлтөд ердөө арван хүн ажиллаж байна. Тийм цөөн хүн  яаж хүрэх юм бэ. Хот байгуулалт, хөгжлийн газар гэж буй. Уг газрыг Газар зохион байгуулалтын албатай уяахгүй бол нэг нь газраа чөлөөлнө гээд яваад байдаг нөгөө нь барилгын зөвшөөрөл өгөөд байдаг, Засаг дарга бас газрын зөвшөөрөл өгөөд байдаг. Ингэж гурван тийшээ харсан байдлаа эртхэн цэгцлэх хэрэгтэй. Ялангуяа Баянзүрх дүүрэгт газрын асуудал маш хурц байна. Тус дүүргийн 25 дугаар хороонд хөл гишгэх зайгүй хаа сайгүй мухар гудамжтай болсныг бүгд харж байгаа.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдлаа. Нийслэл нэг стандартай болно гэж ярьж байна. Энэ хууль хөрсөн дээр буух уу. Та юу гэж харж байна вэ?

-Нийслэл хотын дүрмийг боловсруулах хэрэгтэй. Засаг дарга энэ тал дээр тамгын газраа сайн ажиллуулах хэрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотын нутгийн удирдлага зарим талаар бэхэжсэн. Төсөв, татварын орлогыг зарцуулах эрх нь нэмэгдэж байна. Гэхдээ нөгөө талдаа бид өөрөө бэлэн үү. Жишээ нь Засгийн газарт нийслэл бүх тайлангаа бариад явах нь утгагүй. Үүнийгээ НИТХ дээр танилцуулж, тэнд нь шийдэх хэрэгтэй.

-Эрх баригч намынхан УИХ-ын гишүүдэд “тойргоо услах”  дөрвөн тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. НИТХ-д ийм зүйл байдаг уу. Тойрогтоо төсвөө ямар байдлаар зарцуулдаг юм бэ. Иргэдийн саналыг авдаг уу?

-Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сан гэж байдаг. Тэндээс тодорхой хэмжээний мөнгийг иргэдийн санал асуулгад үндэслэн эрэмбэлж, тодорхой санхүүжилтыг иргэдийн хүссэн тохижилт бүтээн байгуулалтад оруулдаг.

-Нийслэлд давс цацдаг машин автомат машин байхгүй, өвлийн бэлтгэл ажил хангагдаагүйг иргэд шүүмжилж байна. Энэ дээр та ямар бодолтой байна вэ?

-Төсвийн эрэмбийн алдаа.  Хамгийн хэрэгтэй зүйлдээ эрэмбэлэгдэж очих ёстой. Гэтэл Богд хан уулын дугуй цагаан хүртэлх замыг засахад 6.3 тэрбумыг төсөвлөсөн. Богд хан уулын дархан цаазтай газарт хөгжлийн үйл ажиллагаа явуулах хориотой. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан таатай орчин бүрдүүлнэ гэдэгт 500 сая төгрөг тавьсан. Ийм л эрэмбэлэлтгүй явж байна. Цас орохоор давс цацах нь ойлгомжтой. Бэлтгэл муу л байгаагийн илрэл. Нийслэл хот хаяагаа тэлж, хүн ам нэмэгдсээр байна. Тэр хэмжээгээр сэтгэл хандлага хэрэгтэй. Орон нутгийн хөгжлийн сангаар ажил захиалж хийлгэхэд их удаашралтай байна. Сонсч байхад “цавчаа” оруулах гэсэн оролдлогууд гардаг юм байна. Шат шатандаа “иддэг” тогтолцоо  байгаа нь харагдаад байгаа юм. Үүнтэй бид хатуу тэмцэнэ.

-Хотын захиргааг оноос өмнө нүүлгэнэ гэж ярьж байсан. Одоо ямар шатандаа явна вэ? Яармаг руу нүүлгэснээр түгжрэл буурах уу?

-Яармагийн шинэ хотын захиргаанд эмнэлгийн ор дэлгэчихсэн байгаа. Мөн дээр нь тэнд Covid-19-ийн эмчилгээнд зориулсан хүчилтөрөгч үйлдвэрлэж байгаа юм билээ. Үүнийгээ яаралтай шийдэх хэрэгтэй. Тийшээ нүүвэл түгжрэл бүр гаарна. Түгжрэлийг бууруулна гэдэг нь  цогц бодлого.

-Нийтийн тээвэр бол нийслэлчүүдийн тулгамдсан асуудлын нэг. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүйгээр түгжрэлийг бууруулна гэж ярих нь утгагүй байх?

-Нийтийн тээврийг сайжруулах хэрэгтэй. Нийтийн тээвэрт монополь буруу бодлого явуулчихсан юм билээ. Хэрвээ тухайн үед микрог хориглолгүйгээр илүү стандартын шаардлага тавиад явуулчихсан бол хүмүүс приус аваад давхихгүй л байсан. Микронд 5-6 хүн ордог бол одоо тэдгээр нь 5-6 хувийн тэрэг болчихсон. Тэгэхээр нийтийн тээврийн бодлого алдагдсан нь түгжрэлийн нэг шалтгаан. ХҮН-ын  гишүүн НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг нэгдсэн хуралдаанд “Цахилгаан автобус өдрийн 50 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэдэг бол  дизель автобус 350 мянган төгрөгийн түлш хэрэглэдэг” гэж тоо баримттай дурдаж байна лээ. Цахилгаан автобусыг оруулж ирнэ гээд одоо ч дорвитой оруулж ирээгүй л байдалтай байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.