Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

О.Балжинням: Баяр наадмын тухай хуульд жар орчим бөхийн цолыг нөхөж олгохоор тусгасан

МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжиннямтай энэ талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Тантай уулзсаных асууж тодруулах хэд хэдэн зүйл байна. Допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилийн хугацаагаар хасах шийдвэрийг МҮБХ-ноос өнгөрсөн өвөл гаргасан. Гэтэл Үндэсний спортын арбитр гэх байгууллагаас танай шийдвэрийг цуцалжээ. Юу болоод байна вэ?

-Э.Оюунболдын тухайд өнгөрсөн зун болсон МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ нь хоёр дахь удаагийн тохиолдол. Уг зөрчилд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж барилдах эрхийг нь найман жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан юм.

Өнөөдрийн байдлаар дээрх шийдвэрийг цуцалсан талаарх ямар нэгэн албан бичиг МҮБХ-нд ирээгүй байна. Ямар нэг бичиг ирвэл бид хуралдаад тодорхой шийдвэр гаргах болов уу.

-Үндэсний спортын арбитраас гаргасан шийдвэрийг танайх хэрхэн хүлээж авсан бэ. Допингийн зөрчлийн шийтгэлийг үгүйсгэдэг субъект нь Үндэсний спортын арбитр мөн үү?

-Хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тус байгууллагын зүгээс эхлээд шийдвэрээ танилцуулахыг нь хүлээж байна. Ямар үндэслэлээр допингийн зөрчлийн шийдвэрийг цуцалсныг нь эхлээд сонсъё.

Энэ өдрүүдэд Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөлд үндэсний бөхөд тулгамдаад буй допингийн асуудлыг цэгцлэх чухал заалтууд суусан байгаа. Нарийвчилж тодорхой заасан. Энэ хуулийн төсөл батлагдахад допингийн зөрчил гаргасан тамирчинд олон улсын жишгийн дагуу WADA-ын дүрмийн хүрээнд хариуцлага тооцож шийдвэрлээд явна.

Ингэснээр Баяр наадам зохион байгуулах комисс, МҮБХ-оо допингтой холбоотой хэрүүл маргаанд оролцож, шүүхийн байгууллагаар явдаг асуудал үндсэндээ цэгцэрнэ. Хууль зургадугаар сард багтаад батлагдчих болов уу. Наадмаас хойш допингтой холбоотой шүүхийн маргаан гарахгүй.

Допингийн зөрчил гаргасан тамирчинд тооцох эрх зүйн орчин илүү боловсронгуй болно. WADA-ын дүрмийн хүрээнд допингийн зөрчил гаргасан тамирчин ямар хариуцлага хүлээх юм, яг тэр хариуцлагыг л тооцоод явна гэсэн үг.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дөрөв давсан бөхийг допингийн шинжилгээнд хамруулах заалт суусан байв уу. Допингийн шинжилгээг өндөр зардал гаргаж хийдэг шүү дээ. Илүү зардал юм биш үү. Ямар үндэслэлээр ийм заалт суулгасан юм бэ?

-Улсын баяр наадамд тав давсан бөхөөс допинг илэрвэл дөрвийн даваанд тухайн бөхөд өвдөг шороодсон тамирчинд цол чимгийг нь нөхөж олгодог. Дөрөв даваад допингийн шинжилгээнд хамрагдаагүй бөх улсын цол авах цоорхой энд харагдаж байгаа биз. Үүнийг цэгцлэхийн тулд л Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дээрх саналыг суулгаж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн бөх улсын цол авах боломжийг нь хязгаарласан гэж ойлгож болно.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой өөр нэг асуудал нь хэд хэдэн бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгох тухай яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор бөхийн цол үнэ цэнгүй болох нь гэх шүүмжлэл нийгэмд ид өрнөж байна. Үндэсний бөхийн цолыг дүйцүүлж авах нь хэр зохимжтой юм бэ?

-Эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энд үндэсний бөхийн цолыг хавтгайруулж олгож байгаа асуудал биш. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга бөхчүүдийг ч тойроогүй юм шүү дээ. Тухайн цаг үедээ амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгож байгаа л асуудал. 1930-аад он буюу хэлмэгдүүлэлтийн үед амжилтаа үнэлүүлж чадаагүй үлдсэн олон бөх бий. Тухайн бөхчүүдэд л нөхөж цол олгох асуудлыг Баяр наадмын тухай хуулийн төсөлд суулгасан. Цол үнэгүйдэх асуудал огт биш.

Үндэсний бөхөд гарьд, харцага гэх цол шинээр сүүлд орж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Дээр үед улсын наадамд найм давсан ч гарьд цолоо аваагүй, зургаа давсан ч харцага цолоо аваагүй жишээ байдаг. Тэд хэдийгээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хүүхдүүд нь өнөөдөр амьд сэрүүн явж байна. Би энд жишээ татаад ярья л даа. 1924 оны улсын баяр наадамд 10 давсан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат С.Шагдар гэж хүн улсын арслан цолтой. Энэ хүнд аварга цолыг нь яагаад нөхөж олгож болохгүй вэ.

Мөн 1929 онд 10 давж түрүүлсэн, 1928 онд найм давж үзүүрлэсэн Архангайн Өлзийт сумын О.Аюур гэж бөх улсын арслан цолтой. Энэ хүнд улсын аварга цол нөхөж олголоо гээд бөхийн цол үнэгүйдэх үү. Гээд асуудлуудыг эргэцүүлэх хэрэгтэй. Энд ганц, нэгхэн жишээг л онцоллоо. Энэ мэтээр гаргасан амжилтаа цаг тухайд нь үнэлүүлээгүй жишээ олон байдаг.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд нийт хэдэн бөхийн цол нөхөж олгохоор тусгагдсан юм бэ?

-60 орчим бөхийн цолыг нөхөж олгохоор тусгасан байгаа. Гэхдээ дээр дурдсан амжилтаа цаг тухайд нь үнэлүүлээгүй бөхчүүдтэй холбоотой асуудал юм шүү.

-Таны тухайд улсын даян аварга цол авах болж байх шиг. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Болзлыг нь биелүүлсэн бөхчүүдэд цол чимэг нөхөж олгох нь зөв гэсэн л байр суурьтай байна.

-Өнгөрсөн жил баяр наадам тэмдэглээгүй өнжсөн. Сүүлд наймдугаар сард 512 бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулсан. Энэ барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол нөхөж олгох тухай яригдаж байна л даа. Энэ асуудалд бөхийн хүрээнийхэн янз бүрийн л байр суурийг илэрхийлж байна. Таны тухайд?

-МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Хүй долоон худагт болсон барилдаанд цол олгох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Ингээд Баяр наадмын тухай хуульд санал оруулсан байгаа. Тухайн барилдаанд амжилт үзүүлж шөвгөрсөн бөхчүүдэд цол олгохыг дэмжих эсэх нь Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрхэн батлахаас л шалтгаална. Бид зөвхөн санал л өгсөн. Түүнээс цол олгох, олгохгүйг МҮБХ шийдэхгүй.


Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.