Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Аялал зугаалгаар явахдаа анхаарах зүйлс

 

АЯЛАЛ, ЗУГААЛГААР ЯВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
1. Хувийн эмийн сантай явах /шаардлагатай эм, хэрэгслүүд,гэмтэх үед хэрэглэх ариутгал, боолтны материал, сойлт, хүйтэн жинтэй байх/
2. Ахмад настнууд даралтын аппарат, цусны даралт бууруулах болон бусад тогтмол уудаг эмээ биедээ ойр авч явах, даралтаа тогтмол хэмжих
3. Анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагын сайтуудаас унших, тэмдэглэх
4. Аялах газрын аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах
5. Нарнаас хамгаалах тос, цацлага, нарны малгай, шүхэр, борооны цув, шумуул, амьтан дайжуулагч тос, цацлага авч явах
6. Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол өөх тос ихтэй хурц хоол, хорхог, боодог идэх, архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг)
7. Автомашин, мотоцикл, моторт завины даац хэтрүүлэхгүй байх /хэт олуулаа суухгүй байх/, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалгад явахгүй байх
8. Зам тээврийн аюул, ослоос сэргийлэх /хурд хэтрүүлэхгүй байх, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд аюулгүйн хамгаалалтын бүсийг зүүлгэж машины суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах, согтуугаар машинаа жолоодохгүй байх, автомашин, мотоцикл, завь, мориор шөнө явахгүй байх /
9. Автомашин дотор хүүхдээ орхихгүй, унтахгүй байх /Машины дотор гадаах хэмээс +20 градусаар илүү халдаг/
10. Усанд живэхээс сэргийлэх /голын эрэгт амарч зугаалахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, согтуугаар усанд орохгүй байх/
11. Уул, хадандаа авирахдаа зориулалтын хувцас өмсөх
УСАНД ЖИВЭХ
Зуны цагт иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг.
Тиймээс:
-Гол, мөрөн, усны эргээс зайдуу газар амарч, зугаалах амарч зугаалах
-Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, зөөврийн бассейнд хараа хяналтгүй орхихгүй байх
-Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
-Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.
Хүн усанд живж байгаа үед авах арга хэмжээ:
-Аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах
-Усанд осолдогчийг орчноос хамааран  усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж  аврах
-Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах
-Усанд осолдогч ухаангүй  байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ  харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх
-Амьсгал, зүрх судсыг дэмжих /зүрхэнд массаж хийх буюу цээж шахалт 30 удаа, амнаас амруу 2 удаа амьсгал өгөх арга хэмжээг ээлжлэн хийх/ 
МОГОЙД ХАТГУУЛАХ
Зуны улиралд иргэд зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог.Могойд хатгуулсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай.
-Могойд хатгуулсан газрыг усаар үрэхгүйгээр урсгаж угаана /амаараа сорж болохгүй/
-Хатгуулсан хэсгийг зүрхний төвшингээс дээш өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
-Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгээс дээш 5-10 см хүртэлх хэсгийг  чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
-Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.
-Шингэн зүйл их уулгах
-Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно
-Мөс, хүйтэн жин тавьж болно. Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
-Эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй
-Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал байдаг.Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.
Уул, устай байгальд аялж буй бол юуг аяны цүнхэндээ хийх хэрэгтэй вэ?
Аялалд гарахдаа хүмүүс ямар нэгэн зүйлийг заавал мартсан байдаг. Хэрвээ та уул усаар их явж хол замыг туулах тул үүргэвчээ хамгийн хөнгөн хэрнээ хамгийн хэрэгтэй зүйлсээр дүүргээрэй. Зуны халуун өдөр аялалд гарсан ч ус, салхи нэвтрүүлдэггүй урт өмд, ханцуйтай цамц өмсөх нь оновчтой. Хөдөө хээр, эсвэл уулын оройд салхитай, хүйтэн байдаг. Үүргэвчинд заавал байх зүйл бол мэдээж анхны тусламжийн хайрцаг. шархны наалт, шавьж, хорхойнд хазуулахаас сэргийлэх тосон түрхлэг эсвэл цацлагыг авч явахад буруудахгүй. Мөн саравчтай малгай, нарны шил зэрэг зүйлс мэдээж хэрэг болно. Мөн авч явах зайлшгүй хэрэгтэй зүйлс бол ямар ч чийгтэй үед найдвартай асах асаагуур, гар чийдэн, дуран гурав юм.. Дээр нь гар утас, камер зэргээ цэнэглэх нэмэлт зай, зай хураагуурыг ч мартаж болохгүй. Ой мод, уулаар аялах үедээ ус цэвэршүүлэгч шүүлтүүртэй усны савтай яваарай.
Шаардлагатай үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
Анхны тусламж гэж аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай туслалцаа үзүүлэхийг хэлдэг.
1.Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглах, чихээ цээжинд нь нааж чагнах, хамрын үзүүрт нь хөвөн, утас, үс барих, гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх аргаар шалгаж болно. Хэрэв амьсгалахгүй, амьсгалын зам бөглөрсөн гэж үзвэл яаралтай түргэн тусламж дуудна. Энэ хугацаанд амьсгалын замыг чөлөөлөх зохиомол амьсгал, зүрхний иллэг хийж анхны тусламж үзүүлнэ,
2. Гэмтсэн хүнээ дээш харуулж хэвтүүлж толгойг гэдийлгэн эрүүг өргөнө. 2. Гарын эрхий, долоовор хуруугаараа хамрын үзүүрийг чимхэн духан дээр байрлуулж, нөгөө гараа эрүүгээс татаж эрүүг дээшлүүлэн амыг нь ангайлгана. 3. Зохиомол амьсгалыг а. Амнаас аманд б. Амнаас хамарт в. Амнаас ам, хамарт нэг удаа 1,5-2 секунд орчим өгч цээжний хөдөлгөөнийг харна.
3. Тусламж үзүүлэгч гэмтсэн хүний цээжийг ил гаргаж эхлээд өвчүүний дээд доод өнцгийг олно. Энэ 2 цэгээсээ өвчүүний гол уруу ижил хэмжээ зайнд орших цэг буюу өвчүүний голыг олно. Энэ цэгт нэг гарын алганы ирмэгийг байрлуулна. Нөгөө гараа дээр нь давхарлан байрлуулж атгана. 2 гараа нугалахгүй, босоо чиглэлээр, эгц доош, цээжийг 4-5 см хотолзтол дарна. 1 удаагийн даралтын дараа даралтын хүчийг бууруулж сулруулаад гараа цээжнээс салгахгүй дараагийн даралтыг үргэлжлүүлнэ.
Эмнэлгийн тусламж ирэхээс өмнө шаардлагатай үед хугацаа алдахгүйгээр анхны тусламж үзүүлэх аргачлалыг мэдсэнээр та хэн нэгний амь насыг аврах бүрэн боломжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.