Монгол хэл бичгийн шалгалт энэ жил гурван удаа зохион байгуулагдахаар боллоо.
2022 оны Монгол хэл бичгийн шалгалт дөрөв болон тавдугаар сард болсон. Хоёр шалгалтад босго оноогоо давж чадаагүй 1,180 шалгуулагч энэ жил их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болоод байгаа юм. Иймд тэдэнд боломж олгохын тулд монгол хэл бичгийн шалгалтыг наймдугаар сард дахин зохион байгуулахаар болжээ.
"2020, 2021 онуудад цар тахлаас болон хичээл сургалтын үйл ажиллагаа завсардсан нөхцөл байдлыг харгалзан зөвхөн энэ удаад сурагчид дахин боломж олгох зорилгоор наймдугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулахаар болсон. Эдгээр шалгуулагч үлдэж буй хугацаанд хичээж, босго оноогоо давуулж чадах юм бол энэ жил их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг нь хангаж өгнө" гэж БҮТ-ийн захирал Л.Ганбат хэллээ.