Эмнэлгийн оочер дараалал авахад хүндрэлтэй, танил талаа оочер дугаар дайруулж оруулах асуудлууд их байдгаас иргэдийн дүргүйцэл ихээр хүрдэг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын зүгээс чиглэл өгсний дагуу Нэгдсэн эмнэлэгт цаг захиалгын утсыг 4 дүгээр сараас эхлэн ажиллуулж эхэлсэн.
Ингэснээр хөдөө орон нутгаас ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэд маань урьдчилан утсаар цаг авдаг болсон нь цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэсэн үр дүнтэй ажил болсон юм.
Харин энэ удаад иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн цагийн дарааллыг ил тод болгох зорилгоор Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн кабинетуудын үүдэнд 40 ширхэг дэлгэц, цахим бүртгэлийн танхимд бүх кабинетуудын оочер дарааллыг харуулсан лед дэлгэцийг тус тус суурилуулсан байна.
Үүний үр дүнд иргэд тухайн тасгаар үйлчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг харж байгаа тул урьдчилан цаг аваагүй иргэд урдуур нь орох боломжгүй болж байгаа юм. Мөн цахим бүртгэлийн танхимд байрлуулсан дэлгэцээр амбулаторийн тасгуудын үйлчлэх хүчин чадал, тухайн өдөр үзүүлэх цаг үлдсэн эсэхийг харах бүрэн боломжтой болсон байна. Ингэснээр ард иргэд цаг заваа хэмнэхийн сацуу эрхээ тэгш эдлэх боломжтой болж байна.