ХЭНТИЙ АЙМАГ ТӨРӨӨС ОЛГОСОН ЗЭЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ЗАРЦУУЛЖ, АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөлд зориулж иргэдэд барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай олгодог. Энэхүү зээлийг ил тод олгох зорилгоор Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар өнгөрөгч 5 дугаар сард ЗДТГ-ын хэвлэлийн алба, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа хамтран “Амжилтын гүүр” нэвтрүүлэг бэлтгэн иргэдийн өмнө нээлттэйгээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ шарк танк нэвтрүүлгээс санаа авч зээл хүссэн иргэд шүүгчдийн өмнө, олон нийтийн хяналтан дор төслөө танилцуулсан бөгөөд хамгийн өндөр оноо авсан иргэд зээлийн дэмжлэг хамрагдсан юм. Анх удаагаа хийж байгаа учраас эхний ээлжинд аймгийн төв буюу Хэрлэн сумыг сонгож авсан бөгөөд тус сумын 8 багаас 57 иргэний материал ХХҮГ-т ирснээс нээлттэй сонгон шалгаруулалтаар 13 төсөл шалгарч тус бүр 10 сая нийтдээ 130,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Ингээд зөвхөн сонгон шалгаруулалтыг ил тод явуулаад зогссонгүй энэ сард дэмжлэг авсан 13 иргэний үйл ажиллагаагаанд хяналт шалгалт хийхэд зээлийн дэмжлэг авсан иргэд зээлээ зориулалтын дагуу зарцуулж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд эргэн төлөлт ч хэвийн үргэлжилж байна. Мөн үүнийгээ дагаад орон нутагт 30-40 бодит ажлын байр нэмэгджээ. Хэнтий аймгийн Засаг даргын хувьд “Төрөөс олгодог зээлүүд нь иргэд, татвар төлөгчдийн мөнгө байдаг. Тэгэхээр энэ мөнгийг ямар журмаар яаж зарцуулж, ямар үр дүн гарч байгааг иргэн бүр харах, мэдэх эрхтэй. Тиймээс бид тус нэвтрүүлгээр дамжуулан энэхүү эрхийг иргэдэд нээж өгч байгаагаас гадна тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилж, үйлчилгээг нь улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж үзэж байгаа юм байна. Мөн цаашид энэхүү ажлаа үргэлжлүүлэх, бусад сумдын зээл олголтыг ил тод болгох үр дүнг нь тооцох чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: ХЭНТИЙ АЙМАГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ:Ч.ЭНХМАА
Нийтэлсэн огноо: 2022-09-16 00:02:19