Эрх баригчид, Засгийн газар авлигатай тэмцэх уриатай УИХ-ын хаврын чуулганаа сүртэй эхлүүллээ. Шүгэл ажиллагаа гээд шилжсэн утгатай болов уу гэж ойлгож байтал сайд нар нь төрийн ордон дотроо шүгэл үлээж элийрээд Ерөнхий сайдаа дэмжээд байгаа юм уу даапаалаад байгаа юм уу гэмээр үйлдлийг кабинетын сайд нь гаргалаа. Төрийн ордонд хүүхдийн хүчирхийлэл байхгүй шүү дээ. Ажилчдынхаа хүүхдийг ч оруулдаггүй төрийн хамгаалалттай байшин. Ард түмэнд шоудах чинь муухай харагдаад байна л гэх гэсэн юм. За тэр яахав.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн чуулганд УИХ-ын гишүүн С.Одонтуяа сонирхолтой мэдээлэл хэлсэн. 10 их наядын зээл тараасны дараа хадгаламж 5 дахин өссөн гэсэн гэв. Хэний хадгаламж өсөв. Шувуу ч билүү шүгэл ч билүү тэр ажиллагааныхаа хүрээнд энэ зээлийг шалгамаар байна. Сонсгол энэ тэр хиймээр байна. МАН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газраас Эрүүл мэндээ дэмжих, эдийн засгаа зэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулснаа зарлаж, ажлын байрыг нэмэгдүүлэх 3 хувийн хүүтэй зээл олгоно гэсэн. Юм хийх гэсэн ч хөрөнгө мөнгө дутмаг аж ахуйн нэгжүүдэд үнэхээр таатай санагдсан. Харин хадгаламж өссөн гэдэг мэдээллийг сонсоод ажлын байр ер нь энэ зээлийн хүрээнд хэрхэн өссөн бол гэх адийн бодол төрөөд байгаа юм л даа. Аж ахуйн нэгжүүд ер нь энэ зээлд хэр олон хамрагдсан байдаг юм бол. Одоогийн сангийн сайд Б.Жавхлан бол их л үр дүнтэй, хэний ч санаанд оромгүй төлөвлөгөө боловсруулж, санхүүжүүлсэн гээд байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг сайхан уриан дор эрх мэдэлтнүүдийн эргэн тойрныхон хадгаламж бий болгочихоод хачин сэхүүн амьдарч байгаа юм биш биз. Уг зээлийг олгоход банкны эдийн засагчид бас хэтэвч нь зузаарсан сураг бий. Авлигатай тэмцэх гэж байгаа бол өөрсдөөсөө эхэлмээр байна. Ам ажил зөрөхөд ард түмэн дургүй байна. Сангийн сайдыг байлцуулаад УИХ дахь Хянан шалгах түр хороо сонсгол зохион байгуулвал ямар вэ. Эсвэл зээл авсан иргэдийн жагсаалтыг ядаж үзье. Сүүлд нь Хөгжлийн банкны зээл шиг бантан багсарч суумааргүй байна, хэдүүлээ.