Японы их сургуулийн оюутан төгсөлтийн арга хэмжээндээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийг дуурайн хувцаслажээ. Тэрээр Зеленськийтэй ижил урт ханцуйтай цамц, өмд өмссөн бөгөөд сахлаа ургуулахад гурван сар зарцуулсан гэв.
Тэрээр Киото хотын Урлагийн их сургуулийг төгсөж байгаа ба төгсөлтийн ёслолын үйл ажиллагаанд оюутнууд хүссэн хувцсаа өмсөх боломжтой юм байна. Оюутнууд Покемон, Есүс Христ гээд төрөл бүрийн дүрд хувиран дипломоо гардан авдаг байна.
Твиттерт Амики нэрээр бүртгэлтэй тус оюутан ноён Зеленськийг дуурайн хувцасласнаар Украинтай зүрх сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлж байна гэж Японы хэвлэлд ярьжээ. Тэрээр "Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш би сахлаа ургуулж байна. Намайг хүмүүс Ерөнхийлөгч Зеленськийтэй адилхан байна гэсэн" хэмээн ярьжээ.
Энэ жилийн төгсөлтийн ёслолд цар тахлаас хойш гурван жилийн хугацаанд оюутнууд анх удаа биечлэн оролцож буй аж.
Эх сурвалж: ВВС