Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Алтанхуяг 7 давхар шилэн барилгаасаа болж шударга бусын хонгил руу орох уу?

 

 Өчигдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газраас дуудан, эрүүгийн 201501000009 дугаартай хавтаст хэрэгт сэжигтнээр тооцон мэдүүлэг авав. Дөрвөн цаг үргэлжилсэн мөрдөн байцаах ажиллагааны өмнө Н.Алтанхуяг өөрийн хардлага, таамгаа сэтгүүлчидтэй хуваалцсан. Тэрбээр "Цөөхөн хүн Монголын хамаг баялагийг сорчлоод завшаад байна гээд хэлчихсэн чинь манай энэ Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм шиг байна. Ер нь Ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийнхэн хууль хяналтын байгууллага дотор хонгил үүсгэчихсэн тухай ярьж байсан. Тэр хонгил руугаа намайг шахаж оруулах гэж олон жил оролдож байна. Ц.Элбэгдорж бид хоёр 1990 оноос Ардчиллын төлөө явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог тийм ардчиллын төлөө би яваагүй. Түүний үгэнд ормооргүй байна" гэх түүний энэ мэдэгдэл цаашид нөхцөл байдал яаж ч хувирч болзошгүйг сануулсан мессэж бололтой.

Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг шударга бусын хонгил руу шахаж эхэлсэн үү

Н.Алтанхуягийн тухайд Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Л.Гансүх, Б.Мөнгөнчимэг нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлсэн шударга бус бүлэглэлийн толгойлогч бол одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард зарлаж байв. Хариуд нь Ц.Элбэгдорж, "Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" хэмээсэн. 

Үүний дараа Н.Алтанхуяг Туушин зочид буудалд хийсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших  тухай мэдэгдэлдээ,  "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байна. Би ард түмнийхээ эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална, зүтгэнэ. Энэ бол миний хувьд улстөрчийн шийдвэр юм" хэмээн зарлаад магадгүй энэ шийдвэрийн араас намайг хууль хяналтын байгууллага мөрдөж мөшгин, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх бүхий л аргыг хэрэглэх болов уу гэсэн утгатай үгийг зөгнөн хэлснийг нь хэвлэлүүд онцолж байв.

Үүнээс улбаалаад Н.Алтанхуяг гэм буруугүй атал Ц.Элбэгдорж өөрийнхөө бий болгосон "шударга бусын хонгил"-руу түүнийг түлхэж оруулах гээд байна уу гэх мэт асуултад олон нийт өчигдрөөс эхлэн хариулт нэхэж байна.

Үнэхээр Н.Алтанхуягийн хэлсэнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Шударга бус бүлэглэлийн толгойлогч байвал яах вэ. Ашиг сонирхлын маш том бүлэглэл үүсгэж, сөрөг хүчинтэйгээ халаас нэг болчихоод намын нөхрөө замаасаа зайлуулахын тулд бүхнийг хийж байгаа бол энэ нь өөрөө асар том асуудал. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг эрт орой хэзээ нэгэн цагт сөхөгдөх нь тодорхой. Ил тод өрнөж буй тэдний тэмцэлд хэн нь ялж, хэн нь ялагдал хүлээх нь вэ гэдэг асуудал анхаарал татаж буй нь нууц биш.

Н.Алтанхуягийг яагаад хуулийн байгууллага шалгаж болохгүй гэж

"Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ" гэдэг шиг асуудалгүй цэвэр хүнийг шалгана, дуудаж авч ирээд байцаана гэдэг бол эрхзүйн хувьд боломжгүй зүйл гэлцэх. Ер нь Н.Алтанхуяг нь ч байна уу, хэн нь ч байсан ялгаагүй хуулийн байгууллага дуудаж байхад очиж мэдүүлэг өгөн, хууль бус үйлдэл хийсэн бол түүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Энэ бол тэдний бий болгосон ардчилсан нийгмийн зарчим, үнэт зүйлийн нэг хэсэг, шударга ёсны илрэл.

Прокурорын ерөнхий газраас саяхан, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн ажиллагаа явуулж БСШУЯ, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хууль бус тендерийн хэрэгт Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан болохыг зарлаж, Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү гэдгийг тодотгосон юм.

Бидэнд олдсон баттай эх сурвалжийн мэдээллээр бол АТГ Н.Алтанхуягийг  Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон асуудалтай холбогдуулан буруутайд тооцон шалгаж  байгаа юм билээ.

Үүн дотроо Н.Алтанхуягийн гэх тодотголтой 7 давхар шилэн барилгын асуудал цаашид дуулиан тарьж болзошгүй нь. Учир нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа огт мэдүүлээгүй байсан нь өдгөө асуудал дагуулж хуулийн байгууллагад дуудагдах үндэслэл болсон талаар манай сайт мэдээлсэн.  Харин үүнийг Н.Алтанхуягийн талынхан үндэслэлгүй гүтгэлэг, Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед энэ барилга баригдаагүй байсан хэмээн тайлбарласан. Ямартай ч хуулийн байгууллага огтын үндэслэлгүй зүйлээр бусдыг тэр тусмаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгнийг хуулийн нэрийн өмнөөс  дуудаагүй болох нь ойлгомжтой. Тэгэхээр Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягт ямар нэгэн "но" байна аа л гэсэн үг.

Х.Онон

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ББ
2016-12-01 15:36:05

Мэдээ баримт байгаа бол тэрийгээ л хэлнэ биз. Сүүлд нь нотой энэ тэр гэж дүгнэлт хийх нь өөрөө хир ёс зүйтэй вэ? Гэм бурууг зөвхөн шүүхээр тогтоодог биз дээ.

Ажлын байр