Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

А.Уранбилэг: Би экстрим, амь өрссөн зүйлд дуртай

Өнгөрсөн жилийн “Авъяаслаг монголчууд-1” шоунд үегүй юм шиг нугарч үзэгчдийг гайхшруулж байсан шилдэг оролцогч А.Уранбилэг саяхан “Dark side of Me” хэмээх шинэ уран бүтээлээ гаргаад байгаатай нь холбогдуулж цөөн хором ярилцлаа.

-“Авъслаг монголчууд” шоунд орсноороо та ямар өөрчлөлтийг хийж чадсан гэж боддог вэ?

-Манай үндэсний өв болох уран нугаралтыг хүмүүс тэр бүр ойшоогоод байдаггүй. Яг л хуучны сэтгэхүйгээрээ зүгээр л ширээн дээр гараад  л нугараад байдаг гэж ойлгодог. Энэ ойлголтыг үзүүлбэрүүдээрээ эвдэхийг хичээсэн, бага ч болов нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна.

-Таны бодлоор өнгөрсөн жилийн “Авьяаслаг Монголчууд 1” шоу энэ жил зохиогдож буй “Авьяаслаг Монголчууд 2” шоунаас юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жилийн шоуны оролцогчид түрүү жилийхтэй харьцуулахад илүү мэдээлэл сайтай байгаа юм шиг санагдаж байна. Өмнөх жилийн оролцогчдыг аль талаараа үзэгчдийг татах вэ гэдэг тал дээр туршлага дутуу байсан гэж боддог.

-Энэ жилийн шоуны санал, шүүлтийг юу гэж бодож байна?

-Манай Монголчууд аливаад их сэтгэл хөөрлөөр ханддаг юм шиг санагддаг. Үүнээсээ ч болж санал өгч гаргасан хүнээ дараа нь шүүмжилдэг тал их анзаарагдсан.

-Өмнөх жилийн шоун дээр “Алтан базер” гээч зүйл байгаагүй шүү дээ. Хэрэв таны оролцсон уг шоунд энэ байсан бол яах байсан бэ?

-Яг сайн хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ байсан ч, байгаагүй ч өөрийнхөө чадлын хэрээр үзүүлбэрээ үзүүлэх л байсан болов уу даа. Би энэ алдартай шоуны анхны дугаарын оролцогч болсондоо их бахархаж явдаг.

-Энэ удаагийн шоунаас ямар оролцогчийг дэмжиж байна вэ?

-Би оролцогч Шижирбат болон Алтай хамтлагийг дэмжиж байгаа.

-Танд шүүгч нараас хэн нь хамгийн их таалагддаг вэ?

-Надад Дээгий шүүгч их таалагддаг. Өөрийнхөөрөө, илүү дутуу зүйлгүй шулуухан зантай бас их чадварлаг нэгэн шиг санагддаг.

-Одоогоор юу хийж байгаа вэ?

-Одоо бол Улаанбаатар чуулгын дэргэдэх циркт ажиллаж байна.

-Саяхан  “Dark side of Me” хэмээх уран бүтээл гаргасан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Өмнө нь би Ата Боргужин болон Рияа нартай хамтран “Гоо” хэмээх уран бүтээл гаргаж байсан ч “Dark side of Me” нь миний хамгийн анхны бие даасан клип юм. Би өөрөө нэгэн хэвийн зүйлд дургүй, бас бусдын зүйлийг хуулбарлах дургүй учир энэ клипэнд илүү өөр зүйл харуулахыг хичээсэн. Жирийн үед инээгээд явж байдаг Уранбилэгийн дотоод ертөнцийг харуулахыг хичээсэн гэж хэлж болно. Мөн энэ клипний аяыг Германд цуг ажиллаж байсан Германы хөгжмийн зохиолч Dennis Pabst найз маань надад зориулж төрсөн өдрийн бэлэг болгон зохиож өгсөн.

-Цаашдаа яг ямар чиглэлээр уран бүтээл хийх бодолтой байгаа вэ? Ирээдүйн зорилго тань юу вэ?

-Цаашдаа дэлгэцийн болон тайзны чиглэлээр уран бүтээл хийх бодолтой байгаа. Мөн уран нугаралтыг ирээдүйд илүү олон хүнд хүргэж, тануилахын төлөө хичээнэ дээ. Мөн олон шинэлэг зүйлийг хийх хүсэлтэй байна.

-Уран нугаралтаараа багшилж байгаа юу?

-Одоохондоо үгүй, арай болоогүй байгаа. Илүү ихийг туурвиж бүтээснийхээ дараа багшилна гэж бодож байгаа.

-Таныг хурцалдаг зүйл юу вэ?

-Би хөгжмөөс их эрч хүч авдаг. Хөгжимгүйгээр миний амьдрал яг л зогсонги мэт болох байх. Мөн надад анх уран нугаралтыг зааж өгсөн Төрийн соёрхолт, МУГЖ Мажигсүрэн багшаасаа маш их үлгэр дуурайлал авдаг. Багш маань Монголд хамгийн анх сэлмэн дээр амаараа тогтох өвөрмөц техникийг нээсэн хүн.

-Хувь хүний тань баримтлаж явдаг зарчим юу вэ?

-Хүн ганц л амьдрана. Тэгэхээр хором бүр маш их үнэ цэнэтэй бөгөөд дахин давтагдашгүй. Чи бид хоёрын өнөөдрийн уулзалт ч мөн дахин тохиохгүй учир, эдгээр хором бүрээсээ аз жаргалыг мэдрэхийг зорьдог.

-Уран нугаралтаасаа гадна ямар хоббитой вэ?

-Би их экстрим, амь өрссөн зүйлд дуртай.

-Найз залуутай юу?

-Одоогоор бол байхгүй ээ.

Ямар төрлийн эрчүүдэд дуртай вэ?

-Буурь суурьтай, халамжтай хамгийн гол нь итгэдэг, ойлгодог хүнд дуртай. Гэхдээ л хүний зан аашийг дэлгүүрээс сонгож авдаг бараа шиг өөртөө тааруулах боломжгүй учир аль болох эр хүн шиг хүнийг л хүндэлдэг дээ.

-Өөрийнхөө үеийнхэн болон дүү нартаа хандаж ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Аливаа зүйлийг их дурлаж хийвэл амжилт нь бусдаас илүү ойр байдаг. Аль болох хүний юмыг харалгүй өөрийхөөрөө хийх хэрэгтэй. Мөн хүмүүс язгуур урлагаа илүү сонирхож ухаарч хараасай гэж хүсч байна.

Ярилцсан А.Буянгэрэл

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр