Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Захирлын ширээнээс “олдсон” сайн мэдээ буюу Тавантолгой 5 тэрбум $-ын үнэтэйг баталсан TTJV-ийн захидал

 

Эхлээд Тавантолгой ямар орд вэ гэдгийг тодорхойлъё. Тавантолгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг 300 жил “тэжээнэ” гэдгийг эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг. Жилд 30 сая тонныг олборлож байж тэр шүү дээ. Харин өнөөдөр 17 орчим сая тонныг л олборлож байна.

Дээрээс нь Тавантолгой зөвхөн маш сайн нүүрсний асар том орд биш. Энэ орд газарт метаны хий хэмээх баялаг асар их хэмжээгээр бий. Харамсалтай нь энэ талаар хэн ч ярьдаггүй, хэмжээ дамжааг нь хэлдэггүй. Товчхондоо, метаны хий гэдэг хийн түлш гэсэн үг. Асар үнэтэй баялаг. Бас нэг том боломж бол Таван­толгойд олборлолт явуу­лахад Оюутолгой шиг өндөр технологи хэрэг­­гүй. Манайхан нүүрс­ний уурхайд хэрэг­лэж буй одоогийн арга технологиороо л олбор­лоно. Энэ бол монголчууд бидний боломж гэсэн үг.

Нөгөө талаар өнөөдөр Тавантолгой хэний өмчлөлд байна вэ гэдгийг харъя. Санхүүгийн зохи­цуу­лах хороонд байгаа мэдээллээр Тавантолгойн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12 433 326 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2 558 175 510 ширхэг нь иргэдийн нэр дээр, 0.06 хувь буюу 8 497 671 ширхэг хувьцаа 553 аж ахуйн нэг­жийн нэр дээр байдаг юм байна.

Уг нь УИХ-ын 2010 оны долдугаар са­рын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 2-т “…“Эрдэнэс Таван­тол­гой” компанийн хувь­цаа­ны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх: …Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөр­гүй эзэмшүүлэх” гэж заасан.

Мөн Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний 350 дугаар тогтоолд … “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд эзэмшүүлэхээр тооцож нэр, оршин суугаа хаяг болон үнэт цаасны данс нээх асуудалтай холбоотой бусад мэдээллийг агуулсан иргэдийн мэдээллийн санг бий болгох” гэсэн байдаг.

Харин Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй болгожээ. Гэвч олон улсын жишиг, санхүү, хувьцааны зах зээл дээр ийм компанид саналын эрхгүй хувьцаа гэдэг ойлголт байдаггүй байна. Тиймээс Тавантолгойн 17 хувийг эзэмшиж буй Монгол Улсын иргэд, тэднийг төлөөлөн УИХ-д сууж буй 76 гишүүн өнөөдөр яригдаж буй Тавантолгойн 49 хувийг урд хөрш рүү 400 сая ам.доллараар наймаалах гэж байгаа асуудлыг маш сайн мэдэж байх ёстой. Мэдэх байтугай зөв, бурууг нь шийдэх учиртай.

Гэтэл өнөөдөр ард түмэн ч, УИХ-ын гишүүдэд ч бүх мэдээлэл хаалттай байгааг нотлох нэгэн баримтыг бид олж авлаа. Тэр бол Чалкод төлөх өрийг дуустал энэ ажлыг хариуцан ажиллахаар байгуулагдсан TTJV компанийн захидал юм. TTJV компаниас саяхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод захидал ирүүлсэн байна. Д.Ариунболд захирлын ширээн дээр хэвтэж буй энэ захидалд Чалкогийн өрийг 2017 оны эхний улиралд багтаагаад төлөх боломжтой, оны эцэс гэхэд 300 сая ам.долларын орлоготой ажиллана. Улмаар   төмөр зам ашиглалтад орохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ 5 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг хийснээ дурдсан байна. Түүнчлэн “…энэхүү нүүрсийг овоолго руу зөөвөрлөн 2017 оны эхний улирлын өндөр үнээр борлуулах ажлыг гүйцэтгэхэд “Эрдэнэс Тавантолгой”-г TTJV -тэй хамтран ажиллахыг бид хүсч байна” гэсэн байна. Энэ нь 2017 он гаргалгүйгээр Тавантолгойг худалдах гэж байгаа тухай мэдээллийг TTJV авсан байх магадлалтайг харуулж байгаа юм. Мөн “…“Эрдэнэс Тавантолгой” TTJV -ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Нүүрсний үнийн өсөлтийн үед тасралтгүй хэвийн үйл ажиллагаа болон нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн олборлолтод анхаарлаа хандуулан ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой”-гоос бид хүсч байна. “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн хамтын ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл олон нийтэд өгч байгаа талаар бид олж мэдсэн. Нууцлал хадгалах талаар хүлээсэн үүргийнхээ дагуу TTJV нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн зөвшөөрөлгүйгээр аливаа мэдээлэл задруулах эрхгүй. “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV хамтын ажиллагааны талаарх буруу ташаа мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа буюу TTJV-тэй хамтран шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байна” гэсэн нь Чалко-д төлөх өрийг ирэх оны эхний хоёр сард төлж дуусгах бодит мэдээллийг болон бусад талаар олон нийтэд буруу мэдээлэл өгч байгааг TTJV хэлсэн байна гэж харж болно. Эдгээрийг баталж өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг “Шинхуа” групп болон зарим компанийн төлөөлөлтэй уулзсан байдаг. Сайд “…Засгийн газраас Тавантолгой төслийн хэлэлцээг үргэлжлүүлэхдээ ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх бодлого барьж байна” гэсэн. Мөн Хятадын “Чалко” компанид төлөх өр асар их, төлөх бололцоо маш муу гэсэн “бор шувуу” нисээд удаж буй. Ядахад яр гэгчээр эдийн засгийн хямрал гээч монголчууд бидний яс маханд тултал мэдрэгдэж байна. Түүнчлэн сүүлийн үеийн гадаад харилцаан дахь зарим үйл явдлууд эргэлзээ төрүүлж байгааг нуух юун. Ийм байхад “Тавантолгой чинь ашигтай. Удахгүй өр чинь дуусна, ирэх оны сүүлээр 300 сая ам.долларын орлого олно. Хэтдээ, тун удахгүй 5 тэрбум ам.долларт хүрнэ” гэсэн албан ёсны захидал ирсэн байна. Энэ бол алга ташмаар үйл явдал. Гэтэл энэ тухай өнөө хэр нь хэн ч мэдэхгүй, зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын ширээн дээр хэвтэж, наагуур нь эрх баригчид дэлхийн 10 том ордын нэг Тавантолгойг 400-хан сая ам.доллараар худалдана гэсэн мэдээлэл ил болоод байна. Зарим уулзалтыг дээрх байдлаар ил хийж эхэлснийг юу гэх вэ? Юутай ч та бүхэн  TTJV-ээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболдод ирсэн захидалтай танилц. 1990-ээд оны дундуур Ерөнхий сайд Ж.Наранцацралт “Эрдэнэт”-ийн талаар Орос руу захидал бичээд огцорч байлаа. Төрийн хэрэг тийм том. Тэр тусмаа Тавантолгойн асуудал бол монголчуудын, Монгол Улсын 300 жилийн ирээдүй юм. Гэтэл энэ тухай маш ноцтой захидал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын ширээн дээр хэвтэж байна. Энэ тухай төрийн түшээд, түмэн олон огт мэдээгүй байдаг. Захидлыг сийрүүлье.

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд танаа

Финанс төв Жигжиджавын гудамж

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот

Хүндэт Ариунболд,

Өчигдөр үдээс хойш биднийг хүлээн авч уулзсанд тань баярлалаа. Уулзалтын үеэр тохирсны дагуу хэлэлцсэн асуудлуудын талаар TTJV дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ:

1. Нүүрсний үнэ болон TTJV-гийн өрийг барагдуулах:

IV улирлын Чалкогийн үнийн индекс 3З ам.доллар байна. Бидний урьдчилсан тооцоогоор үнийн индекс 2017 оны эхний улиралд 50 гаруй ам.доллар болж улмаар 60 ам.доллар хүрнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн TTJV -д төлөх өр өнөөгийн байдлаар 60 сая ам.доллар болсон. Дор дурдсан зүйлийг гэрээний дагуу тохиролцсон тохиролцооноос гадуур нэг удаа анхаарч үзэхээр бид шийдлээ:

I. “Эрдэнэс Таван­тол­гой” хүчин төгөлдөр үйл­чилж буй гэрээний дагуу 1 тонн нүүрсийг 33 ам.дол­лараар бус одоо бай­гаа овоолгоос 500,000 тонн коксжсон нүүрсийг 1 тонн нь 50 ам.доллараар TTJV -д нийлүүлнэ. Энэхүү то­хи­­рол­цоо нь коксжсон гаа­лийн хяналтын бүсэд хийг­дэх ба төлбөрийн хэм­жээ 25 сая ам.доллар болно.

II. “Эрдэнэс Таван­толгой” одоо байгаа 1 сая тонн исэлдсэн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” TTJV -д нийлүүлнэ. Өмнө 8 ам.доллараар худалдахаар тохирсон байсан ч “Эрдэнэс Тавантолгой” уг үнийг 15 ам.доллар болгохоор санал тавьсан. Энэ үнийг баталгаажуулахын тулд TTJV нүүрсний техникийн мэдээлэл тооцоог шалгаж үзэх шаардлагатай. Хэрэв TTJV 1 тонн нүүрсийг 15 ам.доллараар авахыг зөвшөөрвөл үүгээр дахин 15 сая ам.долларын төлбөр барагдах болно.

III. 2016 оны 12 дугаар сард нүүрсийг 1 тонныг нь 50 ам.доллараар худалдан авахыг TTJV үүгээр хүлээн зөвшөөрч байна. Нийлүүлэлт 500,000 тонн болсон тохиолдолд үнийн дүн 25 сая ам.доллар болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн TTJV-д төлөх өр ойролцоогоор 12-13 сая ам.доллар гэдгийг анхаарна уу. Энэ нь 12-13 сая ам.долларын өрийг барагдуулах боломж бий болгоно.

IV. Хэрэв бид дээр дурд­саныг зөвшөөрвөл 2016 оны сүүлч гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн TTJV -д төлөх өрийн үлдэгдэл 7-8 сая ам.доллар болсон байна. Энэ дүнг 2017 оны 1 дүгээр сарын эхний 2 долоо хо­ногт бүрэн төлж дуусгаж болно.

2. Чалкогийн өрийг буцаан төлөх:

Танай урьдчилсан тооцоогоор 2016 оны сүүлч гэхэд Чалкод төлөх өрийн төлбөр 80 сая ам.долларт хүрнэ. Хойшлуулсан хүчин зүйлийн улмаас 2017 оны эхний улиралд Чалкогийн үнийн индекс 60 ам.доллар болно. “Эрдэнэс Таван­толгой” сар бүр 300 мян­ган тонн нүүрс Чалкод нийлүүлнэ гэж үзвэл 2017 оны эхний улирлын сүүлчээр ойролцоогоор 1 сая тонн нүүрс нийлүүлсэн байх ба өр төлбөр 60 сая ам.доллараар буурна, 500,000 тонныг TTJV -д 60 ам.доллараар ний­лүүлнэ гэж бодоход, сар бүр TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-д ойролцоо­гоор 15 сая ам.долларын (TTJV нэхэмжлэхийг хасаж тооцсоны дараа) өглөгтэй болно. 2017 оны эхний улирлын эхний 2 сард TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-д 30 сая ам.доллар төлөх ба үүнийг Чалкогийн үлдэгдэл 20 сая ам.долларын өрийг төлөхөд ашиглаж болно. Хэрэв бидний ажил амжилттай болбол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Чалко”-д төлөх өрийг 2017 оны эхний улирлын сүүлээр тэглэх боломжтой. Нүүрсний үнийн индекс дор хаяж 50 ам.доллар байна гэж тооцвол 2 дугаар улирлаас 2017 оны эцэс хүртэл “Эрдэнэс Тавантолгой” сар бүр 25 сая ам.доллар [(50 ам.доллар х 800,000) -15 сая ам.доллар (TTJV зардлууд)], 2017 онд нийт 225 сая ам.долларын орлого олно. Энэхүү орлогын түвшинг сард 800,000 тонн (ойролцоогоор жил бүр 10 сая тонн) олборлолтод үндэслэн гаргасан юм. Хэрэв олборлолт 15 сая тоннд хүрвэл бүтээгдэхүүн борлуулсан татвар, НӨАТ болон төрийн байгууллагад төлөх бусад татварыг төлсний дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого 300 сая ам.доллар хүрэхээр байна. Дээрх тооцоолол нь аливаа саад, сул зогсолтыг оруулалгүйгээр нэмэгдүүлсэн олборлол­тод (600.000-800.000) үндэслэн хийгдсэн.

“Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн үйл ажиллагаанд аливаа саад бэрхшээл учирсан тохиолдолд энэхүү үр дүн ихээр өөрчлөгдөж болох юм.

3. Жижиг Таван­тол­гой­той тасралтгүй хэвийн бөгөөд нэмэгдүүлсэн олборлолт/хил залгаа талбай/

Өмнө нь ярилцаж байсанчлан жижиг Тавантолгойтой хиллэж буй талбайн дээр хөрс хуулалтын коэффициент нь 1-тэй ойролцоогоор 3,5 сая тонн коксжсон нүүрс байгааг бид олж мэдсэн билээ. Тиймээс энэхүү нүүрсийг овоолго руу зөөвөрлөн 2017 оны эхний улирлын өндөр үнээр борлуулах ажлыг гүйцэтгэхэд “Эрдэнэс Тавантолгой”-г  TTJV -тэй хамтран ажиллахыг бид хүсч байна. Уг нүүрсний нийт үнэ 10 ам.доллараас бага байна. Нэг тонн 60-50 ам.доллараар борлуулна гэж үзвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэмэлт орлого 140-175 сая ам.доллар болно. Энэ тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2017 оны нийт орлого нь 500 сая ам.долларт хүрнэ. Нэгж хувьцааны зах зээлийн үнийг 10 дахин үржүүлэн тооцвол төмөр зам ашиглалтад орохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ 5 тэрбум ам.долларт үнэд хүрнэ. Энэ эь ирээ­дүйд “Эрдэнэс Таван­толгой”-д хөрөнгө оруу­лах боломжтой хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд тус нэмэр бо­лох юм. “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшихэд 2,5 тэрбум шаард­лагатай. Дээр дурд­сан боломжуудыг аль болох хурдан хугацаанд ашиглан “Эрдэнэс Таван­толгой” энэхүү үр дүнг бий болгоосой гэж TTJV хүсч байна.

4. TTJV -ийн олбор­лолтын зардал:

TTJV-ийн олбор­лол­тын зардал нь Мон­голын нүүрс олборлогч компаниудтай харьцуу­лахад боломжийн үнэ юм. Сайдад тайлбарласны дагуу, жишээ болгох үүднээс бид Хонг Конгийн биржид гаргасан “Саус Гоби”-ийн 2016 оны улирлын санхүүгийн тайланг шалгаж үзсэн (энд хавсаргасан холбогдох хуудсууд болон тодруулсан мэдээллийг үзнэ үү). Нийтэд мэдээлсэн нэг тонн түүхий нүүрс болон хөрс хуулалтын коэффициентээс үзэхэд, “Саус Гоби”- ийн уулын цулын ханш (бэлэн мөнгөний зардлын суурь) 2 дугаар улирлын турш бараг 4 сая ам.долларт хүрсэн байна. [(14.79/3.71=3.98)] уулын цулын ханш (бэлэн мөнгөний зардлын суурь) нь 3 дугаар улиралд бага зэрэг өссөн боловч уулын цулын ханш 3.17 ам.доллар байна. [(9.39/2.93=3.17)] “Саус Гоби”-ийн мэдээлснээр энэхүү бэлэн мөнгөний зардлын тооцоололд сул зогсолт болон хөрөнгө оруулалтыг буцаан төлөх зардал ороогүй юм. Түүнчлэн, бага тэсэлгээ шаарддаг харьцангуй нимгэн хөрс хуулалт хийдэг. Сул зогсолтын зардал, хөрөнгө оруулалтын буцаан төлөлт зэргийг нэмсэн нөхцөлд “Саус Гоби”-ийн уулын цулын үнэ 5 ам.доллараас ч илүү өндөр болох болно.

Мөн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу TTJV нь уулын цулын тэсэлгээний үйлчилгээнд 0.8 ам.доллар, “Моннис”, “Хишиг Арвин”-д хөрс хуулах, тээвэрлэх үйл­чил­гээний төлбөрт 2,5 ам.дол­лар тус түс төлдөг. Энэ нь удирлагын багийн зар­дал, санхүүгийн зардал, хөрөнгө оруулалтын бу­цаан төлөлт зэргийг нэмэ­хээс өмнө уулын цул бүрт 3,3 ам.доллар болгож байна.

5. Ачилтын зардал:

Дээр дурдсаны дагуу, TTJV -ийн “Эрдэнэс Тавантолгой”-д олборлож буй уулын цулын үнэ нь харьцангуй өрсөлдөхүйц юм. Ачилтын төлбөрийг бууруулах нь TTJV -ийн төслийн ашгийг удаашруулах болно. Хамтран ажиллахын зорилгын үүднээс, энэхүү алдагдлыг өөр хэлбэрээр нөхөн төлөх тохиолдолд TTJV энэхүү асуудлыг анхаарч үзэх болно. Урт удаан хугацааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд TTJV дээрх асуудлыг нэг багц хэлбэрээр авч үзэх ба “Эрдэнэс Тавантолгой” TTJV -ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Нүүрсний үнийн өсөлтийн үед тасралтгүй хэвийн үйл ажиллагаа болон нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн олборлолтод анхаарлаа хандуулан ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой”-гоос бид хүсч байна. “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн хамтын ажил­лагааны талаар бу­руу ташаа мэдээлэл олон нийтэд өгч байгаа та­лаар бид олж мэдсэн. Нууцлал хадгалах талаар хүлээсэн үүргийнхээ дагуу TTJV нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн зөв­шөөрөлгүйгээр аливаа мэ­дээлэл задруулах эрхгүй.

“Эрдэнэс Таван­тол­гой”, TTJV болон хамтын ажиллагааны талаарх буруу ташаа мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа буюу TTJV -тэй хамтран шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байна. Энэхүү буруу мэдээлэл удаан хугацаанд үргэлжилбэл “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV, улмаар Тавантолгойн ордын уурхайн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулах болно” гэсэн байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Тавантолгойн 49 хувийг зарах талаар бидэнд албан ёсоор танилцуулаагүй учраас хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Надад ямар ч мэдээлэл алга. Мэдээлэл хийсэн Ж.Батзандангаас асуусан нь дээр байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ер нь энд тэндээс өгсөн мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-МАН-ын гишүүдийг шинэ жил хэсч явах хооронд чинь Тавантолгойн асуудал явах нь. Гурван сая хувьцаа эзэмшигчтэй компанийг бүлэглэлийн савраас өнгөрсөн жилүүдэд АН-ын бүлэг арайхийж авч үлдсэн. Тавантолгой бол 80 сая ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй, одоо ашигтай ажиллаж байгаа компани.  Гэтэл өнөөдөр хэсэг бүлэг этгээд Тавантолгойг хятадуудад өгөхөөр маш бага үнээр нийлж өрийг нь хаахаар улайран зүтгэж байна. Хоёр жилийн өмнө зүтгээд бараагүй. Гэтэл өнөөдөр яг энэ схемээрээ зүтгэж байна. МАН-ын бүлгийн сэргэг байхыг хүсье. Сонгуулийн үеэр ямар чухал асуудлууд хаалганы цаана болоод өнгөрснийг мэдэж байгаа байх. Засгийн газрын байгууллагууд худал мэдээлэл өгч, мэдээллийг нууж байна. Оффшор, Хөгжлийн банк гээд нэг асуудлыг ярихаар тэрний ард байна гэж ярьдагаа болих хэрэгтэй.

12-16-1a5

 

 

 

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:

Тайлбар өгөх боломжгүй.

zahialga

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2016-12-19 13:45:03

http://Cash4Visits.com/ref.php?refId=343294энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох

Ажлын байр