УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Би асуудлыг баримт нотолгоотой л хэлж, ярьж байгаа. Шинэ Монгол телевизээр Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшортой гэсэн мэдээлэл маш тодорхой цацагдсан байдаг. Саяхан есдүгээр сарын дундуур Багамын баримт бичгээр Монголын алтны компанийн эзэмшигч, ерөнхий сайд хийж явсан Сү.Батболдын нэр бас л ил болсон. Панамын баримт бичгээр Сү.Батболдын төрсөн ах Сүхбаатарын Бат-Очир гэж хүнийх бас л ил тод болсон байгаа. Энэ хуулийг голчлон боловсруулсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Сү.Батболдын зөвлөх хийж байсан хүн. Сү.Батболд анх Б.Энхбаярыг МАН руу хөтөлж оруулаад, дэд сайд болгож өгсөн. Тийм учраас би дэд сайд Б.Энхбаяр Сү.Батболдыг хамгаалах гэсэн ашиг сонирхолын зөрчилтэй, ажлын хэсэгт байж болохгүй гэж үзэж байгаа. Үүнийгээ хэлсэн.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд ч тэр. Төсвийн нөр их асуудлын дунд яагаад дутуу боловсруулалттай хууль яаран оруулж ирсэн бэ гэдэг асуудал байна. Яагаад тусгаар улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн “Хууль ёсны эрүүл оффшорыг хамгаална” гэж яриад байна? Хууль ёсны эрүүл оффшор гэж дэлхийн хаана байгаа юм бэ. Хаана ч байхгүй. Бүгдээрээ хууль бус. Тиймээс энэ асуудлыг Хууль зүйн сайд С.Бямбацогттой тухайлан ярих ёстой юм байна гэж харсан. С.Бямбацогт хэний захиалгаар ийм зүйл яриад байна  гэдгийг тодруулах хэрэгтэй. Цаашид оффшор дансны мэдээлэл улам олноороо ил болно. Би өөрт байгаа мэдээллүүдээ нягтлаад явж байгаа.