Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МАН ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлж болохгүй

Хэдхэн хоногийн өмнө улсын баатар Э.Бат-Үүлийг цагдаа, тагнуулынхан С.Зоригийн хэрэгт дахин сэжиглэн яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдэн түүнийг өөрийг нь болон ард олны сэтгэл зүйг хүнд байдалд оруулав. Гэхдээ хамгийн сонирхолтой нь түүнийг сонгуулийн дараа ингэж хэрэгт сэжиглэсэн нь ихээхэн гайхал төрүүлж байна гэх хүмүүс олон байгаа нь нууц биш. Э.Бат-Үүл өөрөө сонгуулийн үр дүнг “энэ удаагийн сонгууль бол жинхэнэ цунами “ байлаа гэж мэдэгдсэн. Харин цунамигийн үр дүнд ялалт байгуулсан коммунистууд гэж нэрлэгддэг МАН-ынхан сонгуулийн үеэр маш сайхан зүйлүүдийг амлаж, мөрийн хөтөлбөртөө түүнийгээ тусгасныг хэн хүнгүй санаж байгаа байх. МАН сонгуулийн дараа шинэ УИХ-ыг эмхлэн байгуулж, өнөөх газрын наймаачин гэгддэг байсан, мөн өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхболдыг УИХ-ын даргаар томилчихож билээ. Тэгээд намынхаа шилдэг боловсон хүчин ,шилдэг эдийн засагчдийн нэг гэгддэг Ж.Эрдэнбатыг Ерөнхий сайдаар томилсон. Гэхдээ хамгийн гайхалтай нь МАН засгийн эрхийг авснаасаа хойш нэг юмыг байнга ярьдаг болсон нь Ардчилсан намынхан Монгол улсыг будаа болгоод хаячихаж, тэд өнгөрсөн хугацаанд төрийн эрхийг барихдаа энэ улсын эдийн засгийг сүйрүүлчихсэн байна гэж ярьдаг болсон.

Харин өнөө АН-ынхан болохоор бид гайгүй төсөвтэй ,гайгүй эдийн засагтай улс орныг тэдэнд хүлээлгэж өгсөн гэж хэлдэг. Тэдний хэн нь үнэн яриад байгаа юм, хэн нь худлаа яриад байгаа юм бүү мэд. Ямартай ч МАН засгийн эрх авснаас хойш тувт ийм юм ярьсаар ард түмний сэтгэл зүйг бүр хүнд байдалд оруулчихлаа. Нэг үгээр хэлбэл “бид сүйрсэн улс орныг хүлээж авлаа ,та нар минь бүсээ чангал, АН-ын луйварчид л ийм байдалд оруулсан” гэж хэлж ярьж буй. Энэ нь үнэндээ ард түмний чихэнд аймшигтай сонсогдож байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нэг сонирхолтой юм нь юу вэ гэхээр өмнө нь хотын дарга байхдаа өчнөөн хэл аманд өртөж, газрын наймаа хийсэн бас Ерөнхий сайд байхдаа чадваргүй эдийн засагч гэдгээ харуулсан М.Энхболдыг УИХ-ын даргаар томилсон нь ,олон түмнийг үнэхээр гайхшруулсан явдал болсон. Олон түмэн санаж л байгаа байх. Ардчилсан намынхныг засгийн эрх авахаас өмнө МАН-ынхан бас л сайжруулна, сайн сайхан болгоно гэж ярьдаг байсан. Тэгээд яалаа. Тэр нь бас л худлаа хоосон амлалт болж өнгөрсөн. Гэтэл сая сонгуулиар ялалт байгуулчхаад, бас л өнөө юмаа яриад уналаа. Хамгийн наад зах нь л гэхэд дарга даамал хийх хүнээ ч олигтой сонгоод томилчихож чадахгүй,юу ч мэдэхгүй хүмүүсийг томилж байгаа нь үнэхээр дургүй хүргэмээр.Тэр ч бүү хэл дэд сайдын албан тушаал ийм болчихсон юмуу гэлтэй очиж очиж бүр нусгай бандийг орлогч сайд болгочихож байна.

МАН анх сонгуулийн үеэр маш их сайхан юм амлаж, гарч ирснээ санах, бас ухамсарлах хэрэгтэй. Юм л бол эдийн засаг хүнд байна, энэ бол АН-ынхны хийсэн ажил гэх мөртөө, өөрсөддөө болохоор улсын төсвийн хөрөнгөөр хачин сайхан цагаан байшин бариулаад авсан. Гэтэл саяхнаас МАН-ын нөгөө амлаад байсан мөрийн хөтөлбөрүүд нь огт биелэх шинжгүй нь илт болоод ирлээ. Анхнаасаа хийж бүтээж чадахгүй, биелүүлж чадахгүй байсан юм бол, яах гэж худал амалсан юм? Өнөөдөр МАН-ынхан тэрний татварыг тэгж нэмэгдүүлнэ,тэрийг тэгж хэмнэнэ гэж байнга ярьж байна. Ингэж билэг дэмбэрэлгүй юм ярьсаар байгаад ард түмнийг бүр туйлдуулж гүйцэх нь . Дэлхийн зарим улс орны гэмт хэрэгтнүүд хүртэл “улс орны эдийн засаг хүнд байгаа үед ч гэсэн орлогын эх үүсвэр хаа нэгтээ байж л таарна” гэж ярьцгаадаг юм билээ. Түүнээс биш дэлхийн улс орны удирдагчид бүгдээрээ эд нар шиг “эндээс тэдэн төгрөг иджээ,тэндээс тийм авлига авчээ” тийм болохоор хасаад, хэмнээд байхаас аргагүй гэж ярьдаггүй л байх.Улс орныхоо эдийн засгийг сэргээгээд ирсэн хамгийн тод жишээ гэхэд л хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путиний хийсэн бүтээсэн зүйл байна.

В.Путин ч гэсэн ялгаагүй авлига, хээл хахуульд идэгдсэн, олигархууд нь дураараа дургисан, энд тэндгүй бөмбөг дэлбэрсэн, танхай балмад явдал нь гаарсан, тийм л улс орныг хүлээж авсан. Тэгээд юу боллоо. Ганц хоёрхон жилийн дотор тэр хүн Орос орныг хөл дээр нь босгоод ирсэн. Харин манай энэ хэдэн нөхдүүд яадаг бол? Нуухийг авах гээд нүдийг нь сохилчихдог бол уу? Ёстой нөгөө Балбын дархан балбаж хийсэн,харин манай дархан яаж хийсэн бэ? гэдэг шиг улсаа дэлхийн дээвэр дээрх ,доорх амьдралтай тэр улс тай адилхан болгочих юм биш биз ? Ямар ч байсан МАН өөрсөд нь итгэл хүлээлгэж ,сайн санаж сонгосон олон түмнийхээ итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Тэрнийгээ сайн ухамсарлах хэрэгтэй . Сайд ,дарга болох сайхан ч тэрнийг дагаад хариуцлага гэж нэг юм ирдэг гэдгийг тэд ойлгох ёстой. Ард түмнийхээ амьдралийг сайжруулна гэж гарч ирчихээд хасна ,хэмнэ гэж ярьж болохгүй , ард түмэн чинь та нараас их юм хүсэн хүлээж байгааг ухамсарлах ёстой ,тэд нарынхаа ачийг бачаар, биш ач буянгаар хариулах ёстой шүү гэдгийг хэлье.

Ж.Батдорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр