Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хөрөнгө оруулалтын банкыг байгуулах том шалтгаан

Манай Улсад нэн хэрэгтэй хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа нар өргөн барьсан. Тэдний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа юм. Хэрвээ хууль батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, тэр хэрээр зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж буй.

Учир нь Монгол Улстай ижил төстэй, нээлттэй эдийн засаг бүхий жижиг улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, цаашлаад банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой байдаг аж.

Тиймдээ ч энэ бүхнийг тооцоолон Хөрөнгө оруулалтын банк байгуулж, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг өргөн барьжээ.

Гэхдээ Хөрөнгө оруулалтын банк нь томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох, зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах. Мөн зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй  байдаг аж.Харин хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх, хараат болон охин компани байгуулахыг хоригложээ.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулах зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулах банкууд хуулийн төсөлд заасан үйл ажиллагаа явуулах хязгаарлалтын дагуу дотоодын зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээс бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн хадгаламж, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй харилцах байдлаар санхүүгийн эх үүсвэр татах боломжгүй байх зохицуулалтыг санал болгож байгаа юм.

Хуулийн төсөлд зааснаар Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй, харин хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байх юм.

Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гадаадын банкыг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэх эрх зүйн орчинг бүрдүүлж, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг нээж өгнө гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Хууль санаачлагч Б.Жавхлан "Нэг талдаа энэ хуулийг одоо байгаа банкны системдээ хамгаалалт хийж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн хүрээнд орж ирж ажиллах гадны банк, дотоодын банкуудын зах зээлд ажиллахгүй. Иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж татахгүй, жижиг зээл олгохгүй. Зөвхөн өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхээр зохицуулж өгч байгаа. Дотоодын банкуудын хүрч ажиллаж чаддаггүй томоохон төслийг санхүүжүүлнэ. Мөн банк хоорондын зах дээр ажиллаж болно. Ингэснээр манай арилжааны банкуудын том хэмжээний хямд эх үүсвэр татах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд дотоодын банкуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нээлттэй байхаар зохицуулалт оруулсан" гэсэн юм.

Нэгэн жишээ авч үзэхэд, нэгэн иргэн өөрийн авсан зээлийн эргэн төлөлтийн хүснэгтийг фэйсбүүктэй оруулсан нь олны анхаарлыг ихэд татсан. Учир нь тус иргэн 2013 онд банкнаас 30 сая төгрөгний зээл авсан байдаг. 2017 он буюу дөрвөн жилийн хугацаанд тус иргэн нийт 24 сая төгрөг төлж барагдуулсан байдаг ч 21 сая төгрөг нь хүүнд ердөө тавхан сая төгрөг үндсэн зээлээс нь хасагдсан байдаг. Тэгэхээс тус иргэн дөрвөн жилийн хугацаанд авсан зээлийнхээ 90 гаруй хувийг зөвхөн хүүнд өгсөн байгаа юм.

Үүнээс харахад манай банкууд монополдож, үйлчилгээ нь тааруу, зээлийн хүү дэндүү өндөр байгаа нь харагдаж байна. Ийм байхад дотоодын үйлдвэрлэл сэргэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих тухай бодох нь бараг илүүц зүйл болж байгаа юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын банк байгуулвал энэхүү монополдсон байдал үгүй болох хамгийн том боломж нээгдэх юм.

Мэдээж иргэдийн хэлж байгаа шиг гадны банк орж ирж, үүнээс шалтгаалан эдийн засгийн хараат байдлаа алдах вий гэсэн айдас байгаа хэдий ч үүнд тавих хараа хяналтыг сайжруулж, холбогдох зохицуулалтыг хийж өгвөл бид ийнхүү Монголд буй монопол банкуудын үйлчилгээ, зээлийн хүүгийн дарамтанд  дарлуулахгүй  байх том боломж бий болох юм.

Б.Анир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр