Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д амин дэм, кальци хангалттай авбал ямар эерэг нөлөөтэй вэ

АНУ-ын Массачусетсийн их сургуулийн дэргэдэх Эмхёрстийн Нийгмийн эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны сургууль болон Харвардын их сургуулиас гаргасан шинэ судалгаагаар хоол хүнснээсээ хангалттай Д амин дэм, кальци авснаараа эмэгтэйчүүд цэвэршилт эрт явагдахаас урьдчилан сэргийлж чаддаг болохыг тогтоожээ.

Кальци нь яс, булчингийн агшилт, цусны бүлэгнэл зэрэгт сайнаар нөлөөлдөг талаар ихээр ярьдаг. Тэгвэл дээрх судалгаа нь тус эрдэс бодис эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн системд ч мөн чухал нөлөөтэй болохыг баталж байна.

120 000 эмэгтэйчүүдийг хамруулж, 30 жилийн турш явуулсан энэхүү судалгаанд оролцсон эмэгтэйчүүд судалгаанд анх хамрагдахдаа 25 болон 49 настай байсан аж. Судалгаагаар хоол хүнснээсээ хангалттай хэмжээний кальци авдаг байсан эмэгтэйчүүд 45 нас хүрэх үедээ цэвэршсэн тохиолдол тус эрдэс бодисыг хангалттай авч чаддагүй байсан бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад 13 хувиар бага байжээ.

Түүнчлэн хоол хүнснээсээ Д амин дэм хангалттай авах нь цэвэршилт эрт явагдахыг 17 хувиар бууруулдаг болохыг тогтоосон байна.

Сүү бол кальци, Д амин дэмээр баялаг хамгийн шилдэг бөгөөд олонд хүртээлтэй бүтээгдэхүүн. Кальци нь буржгар байцаа, брокколи зэрэг навчит ногоонууд болон сардин загасанд ихээр агуулагддаг. Туна, хар амар, яргай зэрэг загаснууд болон бяслаг, өндөгний шар нь Д амин дэмээр баялаг байдаг.

Эпидемиологийн докторант Александр Пурдю-Смит, “Өмнө нь ямар ч судалгаан дээр Д амин дэм болон кальцийн хэрэглээг эмэгтэйчүүдийн цэвэршилт эрт явагдах эрсдэлтэй холбон тайлбарлаж байсангүй.” хэмээн ярьсан байна.

Эрт цэвэрших явдал нь нийт эмэгтэйчүүдийн 10 орчим хувьд тохиолддог ба цэвэршилт эрт явагдсан эмэгтэйчүүдэд зүрх судасны эмгэг, ясны сийрэгжилт, сэтгэн бодох чадвар буурах зэрэг шинж тэмдгүүд эрт илрэх эрсдэл өндөр байдаг аж.

Судалгаагаар хоол хүнснээсээ хангалттай Д амин дэм, кальци зэргийг авдаг эмэгтэйчүүд өдөрт дунджаар хагас литр сүү уудаг болохыг тогтоожээ.

Эрдэмтэд судалгааны явцад оролцогчдын хүнсний ногооноос авах уургийн хэмжээ, архи согтууруулах ундааны хэрэглээ, биеийн жингийн индекс, тамхи татдаг эсэх зэрэг бусад хүчин зүйлсийг ч авч үзсэн байна.

“Маш том хэмжээний судалгаа байсан учраас бид амьдралын эрүүл хэв маяг зэрэг нөлөөлж болох бусад бүх хүчин зүйлсийг авч үзсэн. Гэсэн хэдий ч эдгээр нь бидний судалгааны үр дүнд ямар ч нөлөө үзүүлээгүй.” хэмээн Александр Пурдю-Смит ярьжээ.

Урьд нь кальци болон Д амин дэмийн хомсдол нь өндгөвчний олон уйланхат хам шинж, эндометриоз, сарын тэмдгийн өмнөх хам шинж зэрэг  үүсэхэд нөлөөлдөг талаар ярьдаг байсан. Тэгвэл Д амин дэм, кальцийг хангалттай хэмжээгээр авах нь төрөлтийг нэмэгдүүлэх боломжтой аж.

Эмэгтэйчүүд 30 нас гараад 40 нас хүрсэн хойноо хүүхэд төрүүлэх явдал нэмэгдсэн энэ үед дээрх судалгаа нь цагаа олсон хэмээн эрдэмтэд онцолж байна.

“Өнгөрсөн 10 жилд төрөлтийн тоо огцом буурч, эмэгтэйчүүд эрт цэвэрших явдал ихэссэн. Цэвэршилт эрт явагдах нь хүссэн үедээ хүүхэдтэй болох боломжгүй хосуудын хувьд сэтгэл санааны болон эдийн засгийн хүндрэл учруулдаг. Тийм ч учраас эрт цэвэршихэд нөлөөлдөг хүчин зүйлүүд тэр дундаа хоол хүнсний нөлөөг тодорхойлох нь чухал байсан.” хэмээн судалгааны багийнхан онцолжээ.

Судалгааг American Journal of Clinical Nutrition сэтгүүлд нийтэлсэн байна.

www.telegraph.co.uk

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр