Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Лхагважав: Уул уурхайгаас босгосон хөрөнгө оруулалтын 90 хувь нь оффшорт бий

МҮХАҮТ-ийн дарга, эдийн засагч Б.ЛХАГВАЖАВТАЙ ярилцлаа.

-Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар судалгаа, уулзалтууд хийж эхлээд байна. Манай Улс үнэхээр энэ хөтөлбөрт хамрагдахаас аргагүй нөхцөл байдал үүссэн үү. Эдийн засагчийн хувьд энэ хөтөлбөрт та ямар байр сууринаас ханддаг вэ?

-Манайулсөмнөньбуюу2009онднэгудааэнэхөтөлбөртхамрагдсаншүү дээ. “Стэнд бай” хөтөлбөрийг зургаан сарын турш амжилттай хэрэгжүүлсэн хүмүүс өнөөдөр ч байгаа. Тухайлбал, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар гэх мэт. Ийм туршлагатай хүмүүсээ ашиглаж, тэднээс туршлага судлах хэрэгтэй. Тэд энэ хөтөлбөрт амжилттай хамруулж, өмнө нь хасах 1.6 хувьтай эдийн засгийг 17 хувь руу аваачихад гол суурийг нь тавьсан. Тэгэхээр бид гаднаас хайгаад байх шаардлагагүй гэсэн үг. Дээр дурдсан хүмүүсийнхээ туршлагыг нь сонсч, харах зүйл л харагдахаа больчихоод байгаа юм даа. Миний анзаарснаар энэ хөтөлбөрт цоо шинээр хамрагдах гэж байгаа юм мэт хандлага харагдаад байна. Хэрвээ ингэнэ гэвэл туршлага дутаж магадгүй байгаа.

 

“СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ ХЯМРАЛААС ГАРСАН САЙХАН ТҮҮХ БИДЭНД БИЙ

-Энэ хөтөлбөрт хамрагдахыг та дэмжиж байна гэсэн үг үү?

-Өнөөдрийн манай гадаад нөхцөл байдал болон эдийн засгийн үнэлэгдэж байгаа байдал “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар бид эдийн засгийнхаа гол хөшүүргийг цэгцтэй болгох боломжтой. Гэхдээ хэдий хугацаанд хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. 2009 онд бол жилийн хугацаанд гэж тооцоолсон ч зургаан сарын дараа бүх асуудлаа шийдсэн л дээ. Ер нь “Стэнд бай” хөтөлбөрийн нэг мөн чанар нь дэгтэй, цэгцтэй болгодог явдал. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн бодлогыг онолын дагуу явуулах бололцоотой болгодгоороо давуу талтай. Эдийн засгийн хямралын гол үндэс нь макро эдийн засгийн загвар алга. Ядаж бид нийт зах зээлийнхээ 60 хувиас татвар авч чадахгүй байсан. Ил тодын тухай хуулиар энэ нь ил гарч байлаа шүү дээ. Тэгэхээр 60 хувиасаа татвар авч чадахгүй, 60 хувьдаа статистик гаргаж чадахгүй байна гэдэг бид тэр аяараа буруу мэдээлэл дээр явсны илрэл. Дээрээс нь улс төрөөс гарч байгаа бүх бодлого буруу байсан. Тиймээс би байнга хэлж байгаа. “Стэнд бай” хөтөлбөрөөсөө өмнө Ил тодын хуулиар ил болгосон 34 их наяд төгрөг дээрээ ажиллах хэрэгтэй байна. НӨАТ-ын тухай хуулиар бол 137 их наяд төгрөг хэвлэчихсэн шүү дээ. Гэтэл манай улсын нийт төсөв 40 гаруй их наяд төгрөг гэдгийг шууд батлаад байгаа юм.

-Та гаднынхантай уулзахаасаа илүү дотоод нөөц бололцоо ашиглах зааврыг өгч байгаа байх нь ээ?

-Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд цоо шинийг эрэлхийлэх шаардлагагүй. Шинэ загвар ажиллуулах нь чухал. Мэргэжлийн хүмүүс, их сургуулиудын төлөөллийг ажиллуулаад шинэ загвараа гаргах хэрэгтэй. Энэ загварт улс төрийн шийдвэр гаргах нь УИХ-ын асуудал. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн хажуугаар нь дээрх санааг ажилууллах хэрэгтэй. Өмнө нь юуны тулд Ил тодын тухай хуулийг баталсан юм. Үүн дээрээ үндэслээд зөв статистиктай ажиллахгүй бол хөтөлбөрийн үр дүн бага байж болох юм гэдгийг хэлье.

-Засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнуудыг оффшор бүсэд данстай байхыг хориглох шийдвэр гаргалаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ шийдвэр сөргөөр нөлөөлж болох уу?

-Манайхан үүнийг сонгуулийн өмнө улс төрийн шоу болгочихсон л доо. Ер нь Монгол Улс уул уурхайгаасаа гол хөрөнгө оруулалтаа босгодог. Гэтэл энэ хөрөнгө оруулалтын 90 хувь нь оффшор дансанд байгаа. Өнөөдөр бидэнд гаднын хөрөнгө оруулагчийн оруулж ирсэн хөрөнгийг хамгаалах эрх зүйн орчин хэрэгтэй байна. Шүүх, Арбитр, төсвийн орчинд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах орчин бидэнд байхгүй. Өмчийн харилцаан дээр ч гэсэн том асуудал байгаа. Учир нь төрийн, нийтийн хамааралтай хууль гэж өнөөдрийг хүртэл байхгүй. Энэ бол өмчийн тухай гол хууль л даа. Уул уурхайн өмч бол төр, нийтийн хамааралтай өмч буюу газар, түүний хэвлийн баялаг дор явдаг. Гэтэл энэ өмч нь өнөөдөр төрд бий. Гэсэн атлаа Өмчийн тухай хуулийг 23 жил гаргаагүй учраас тухайн өмчид хөрөнгө оруулалт хийж, бизнес хийх гэтэл баталгаагүй болчихож байгаа юм. Оффшор бүс бол оруулсан хөрөнгийнхөө баталгааг 100 хувь авдаг, эрх зүйн орчин бүх талаасаа бүрдсэн газар. Хууль шүүх тэндээ байдаг учраас найддаг юм шиг байгаа юм. Энэ бизнес талаасаа байдаг нэг процесс. Тиймээс үүнийг нэг их үгүйсгээд байх шаардлагагүй гэж хардаг. Хэрвээ бид нэг тэрбум ам.долларын хөрөнгө авах гэж байвал нөгөө талын хөрөнгө оруулагчийнхаа тавьсан болзлыг хангах л ёстой биз дээ.

-Гэхдээ улсын хөрөнгө зувчуулсан тохиолдолд үндэслэж Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан гэж ойлгож байгаа?

-Нөгөө талаас төсвийн буюу нийтийн хөрөнгөөс хулгайлж, зувчуулаад авлига хээл хахууль авчихсан. Түүнийгээ оффшор бүсэд байршуулаад буцаан оруулж ирэх буюу мөнгө угаах процесс өрнөж байвал харин илрүүлдэг газар нь арга хэмжээ авах нь зүй ёсных юм. Энэ хариуцлагаас хэн ч бултаж чадахгүй, хэнийг ч бултуулж болохгүй. Тэгээд ч мөнгө ул мөрөө үлдээхгүй явна гэж байдаггүй юм. Нөгөө талаасаа бид дуулианаар явах нь хэр зөв юм гэдэг асуудал гарч ирнэ. Бид хавтгайруулаад байдаг, гэтэл дэлхий дээр 100 гаруй оффшор бүс бий шүү дээ. Заримтай нь гол гэрээнүүд хийчихсэн яваа. Ганцхан жишээ, Оюутолгойг харахад гол санхүү нь оффшор бүсэд байх жишээтэй. Энэ утгаараа оффшор бүс бол бизнесийн нэг л арга. Түүнчлэн ффшор дансанд мөнгө хуримтлуулдаг нь төрөөр дамжуулаад явахад эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, аль ч газрын төр хулгайч, авлигач ихтэй. Түүгээр ороод замхардаг учраас хүмүүс мөнгөө цэвэр, гамтай байлгахын тулд тийшээ нэгддэг байж болох юм.

 

ТӨР ХУЛГАЙЧИЙГ ӨӨГШҮҮЛСНИЙ ГОР ГАРЧ БАЙНА

-Төсвийн тодотголын хүрээнд Засгийн газраас татвар нэмэх талаар хэд хэдэн шийдэл оруулж ирсэн ч хамгаалж чадсангүй уначихсан. Та энэ процессыг хэрхэн дүгнэсэн бэ. Эдийн засаг хүндрэлтэй үед татвар нэмэх хэцүү ч нөгөө талдаа орлогоо хаанаас бүрдүүлэх вэ гэдэг асуудал байна л даа?

-Татвар нэмнэ гэдэг галаар тоглосон хэрэг. Татварын чиглэлээр арваад жил ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд нөхцөл байдлаа ойлгохгүй байгаагийн шинж гэж дүгнэх байна. Бид өмнө нь 45 хувийн татвартай байж байгаад арав болгосон. Ингэснээр улсынхаа төсвийг 2-3 дахин нэмж байсан тохиолдол бий. 2006 оны дөрөв арвын бодлого л доо. Ер нь ч бид өмнө нь эдийн засгийн хямралаас зөөлөн бодлогоор гарч байсан болохоос хатуугаар гарч байсан түүх байхгүй. Засгийн газар татвар нэмэх дээр сая жаахан судалгаагүй хандчихав уу гэж харсан. Нөгөө талаас дээр дурдсанчлан НӨАТ-ын тухай хуулиар дамжуулаад буцаагаад татвар авдаг бүх системээ ажиллуулаад эхэлчихсэн шүү дээ. Энэ системийг зөв явуулахын төлөө Засгийн газар ажиллах ёстой. Улс төрийн золиос болгоод “Хар машиныг өмнөх хүмүүс хийсэн, одоо шатаана” гэдэг байдлаар хандвал 23 жилийн турш бид татвар авахгүй явсны гай буцаад гарч ирнэ гэсэн үг. Бид 60 хувиасаа татвар авалгүй явж ирснээс болоод өнөөдрийн нийгмийн хямрал, ядуурал үүсчихээд байна. Нэг ёсондоо төр өөрөө хулгайчийг өөгшүүлсний гор өнөөдөр гарч байна л даа. Харин өөгшүүлэхгүй систем ажиллаад жил гаруй болж байна. Үүнийг л цаашдаа дэмжих ёстой гэж хардаг.

 

-Төсөв дөрвөн их наядаар тасарчихсан энэ үед орлогоо хаанаас бүрдүүлэх вэ. Таны хувьд ямар гарц харагдаж байна?

-Бид хуучин зах зээлийнхээ 60 хувиас татвар авч чадахгүй байсан. Харин НӨАТ-ын шинэ системээр өнөөх 60-ийн 10 хувиас татвар аваад эхлэхээр татварын орлого бараг тэр чигээрээ гараад ирж байгаа юм. Үүнийг цаашаа 20-30, болж өгвөл 50 хувьд хүргэчихвэл төсвийн орлого биелэлттэй гарна. Төсөв гол нь зардал байгаа шүү дээ. Өнөөдөр 185 мянган төрийн албан хаагч байгаа. Тэднээс үйлчилгээний 110 мянгыг хасахад цаана нь 40-50 мянга үлдэнэ. Удирдах ажил хийж байгаа 40-50 мянган хүнийг тэжээх нь хямралын үеийн зовлон болчихдог л доо. Тиймээс энэ тоог зоригтой халах, цомхон болгох чухал. Нөгөө талаас бид бизнесийн салбарын хөдөлмөрийн бүтээмжид үндэслэж, гурван талт хэлэлцээр явуулдаг. Гэтэл 160 мянган төрийн албан хаагчийн хөдөлмөрийн бүтээмжийн талаар статистик судалгаа нэг ч байдаггүй. Бүтээмж нь өссөн эсвэл багассан эсэх нь мэдэгддэггүй. Тэгэхээр энэ том институтээс бүтээмж шаардах нь бидний эрх байхгүй юу.

 

-Аж ахуйн нэгжүүд Ерөнхий сайдтай уулзахдаа Bank of china-г оруулж ирэх санал тавьсан. Эдийн засгийн хямралын үед гаднын банк оруулж ирэх нь хэр зөв шийдэл вэ?

-Өнөөдрийн манай хямралын нэг үндэс бол мэдээж санхүү, татварын систем. Татвар дээр тодорхой өөрчлөлт өрнөж байгаа. Харин санхүүгийн монополь байдал руу өрсөлдөөн оруулахгүй байх нь үе үеийнхний үндсэн зорилго байдаг. Энэ салбарт жаахан өрсөлдөөн оруулах гэхээр янз бүрийн айлгах процесс хүртэл өрнүүлдэг. Манай бизнесийн орчныхон хэлдэг. “Хэн хямдхан мөнгө өгч чадна, тэнд бид зээл авъя” л гэж байгаа. Харин гадна дотно байх нь чухал биш. Ер нь манай банкууд ломбардын системээр яваа учраас хүмүүсийн багахан өмч хөрөнгө банкуудын өмч рүү шилжих аюултай. Ер нь гурван шугамаар мөнгөний урсгалыг зохицуулдаг. Нэгдүгээрт, арилжааны банк, хоёрдугаарт, банк бус санхүүгийн байгууллага, гуравдугаарт ломбард. Гэтэл энэ гурван урсгалын хоёрт ерөөсөө хямдхан мөнгө өгдөггүй. Зөвхөн арилжааны банкинд хямд мөнгө өгдөг атлаа нөгөө хоёрт нь маш үнэтэй мөнгө өгөөд байдаг. Эцсийн дүнд нь энэ үнэтэй мөнгө нь эцсийн хэрэглэгч буюу жирийн иргэдэд маш үнэтэй очдог. Тиймээс банкны системийн өөрчлөлт бол өнөөдрийн хямралаас гарах нэг хөшүүрэг. Яг өнөөдөртөө гаднын банк оруулах тал дээр онолын болон улс төрийн үүднээс оройлж байгаа хүн алга.

 

ОРОН НУТГИЙГ ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ НАМЫН САВРААС ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ

-ИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нь өгөх ёстой тухай ярьж байна л даа. Ингэвэл аймаг, дүүргүүд төсвөөс хараат бусаар хөгжих ёстой гэдэгт таны байр суурийг сонсъё? -Орон нутгийн өөрөө удирдах байгууллага 1992 оны Үндсэн хуулийн нэг том бүлэг. Өнөөдрийн байдлаар энэ байгууллага эрх чөлөөгөө эдлэх нь чухал. Санхүүгийн хувьд 1992 оноос хойш орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ямар ч эрх чөлөө өгөөгүй. 2006 оноос арай гайгүй болсон ч удирдлагын хувьд намууд очоод ааглаад суучихсан. Тийм учраас улс төрийн талаасаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг намын савраас чөлөөлөх ёстой. Иргэд нь өөрсдийнхөө төлөөллийг ажиллуулах учиртай юм. Нөгөө талаар 2006 оны аравдугаар сарын 19-нд Татварын хуулиудыг өөрчлөхдөө орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн санхүүгийн эх үүсвэр нь хувь хүний орлогын албан татвар болж орж ирсэн. Өнөөдөр ч гэсэн төсвийнх нь гол орлого болчихоод байгаа. Гэтэл үүн дээр ажиллах механизм нь дэлгэрэнгүй биш. Жишээлбэл, Засгийн газар хувь хүний орлогын албан татварыг гэнэт өсгөсөн. Гэтэл Засгийн газар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эх сурвалж буюу хууль эрх зүйн орчинд нь халдсан халдлага болсон. Эндээс харахад төвлөрөл хэцүү. Нөгөө талаас 2006 оны хуулийг хэрэгжүүлэхдээ нэг алдаа хийсэн нь дүүргүүдээс цугласан хувь хүний орлогын албан татварыг нийслэлд төвлөрүүлсэн. Аймаг, суманд цугласан мөнгийг аймагт төвлөрүүлээд аймаг бүх мөнгийг дахин хуваарилдаг болсон. Энэ бол хуучин буюу социалист арга юм л даа. Нэг ёсондоо нийтийн цугласан мөнгөнд дахин хуваарилалт хийхээр шог хуваарилалт, авлига, хээл хахууль гарч ирдэг. Иймэрхүү байдлаас харахад 1992 онд баталсан Үндсэн хуулийнхаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүлэгт ерөөсөө анхаарал тавьж чадахгүй байна. Өнөөдөр ч нийслэл нь дүүргээ, дүүрэг нь хороогоо мэддэг. Хөдөөд аймаг, сум, баг гээд явчихдаг. Засгийн газрын тодорхой нэг бодлогыг хэрэгжүүлэхэд л босоо удирдлагыг хэрэглэдэг болохоос орон нутгийн өөрөө удирдах байгууллага уг нь хэвтээ юм шүү дээ. Үүний мөн чанарыг өнөөдрийг хүртэл буюу сүүлийн 23 жил бид олж чадаагүй. Нөгөө талаас Үндсэн хуулийн энэ бүлэг өнөөдөр хүртэл “унтаж” байгаа. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль болох гэж байна. Энэ сонгуулиар иргэдэд нь удирдлагаа өгөөч гэдгийг хэлмээр байна. Ядаж төрийн бус байгууллагуудад эрх өгөөч гээд байгаа юм. Цаад утгаараа орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг намын дарангуйллаас чөлөөл гэсэн үг л дээ.

 

М.Өнөржаргал | Үнэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zochin
2017-03-10 10:29:47

gadnii bank orox ni zuv. Ix xvvtei zeelend ard tvmen tuildaj bna. xarin ajil xiij bgaa 2.000.000 tugruguus doosh tsailantai xvmvvsiin tatvariig nemex ni buruu. ter TUK-iin zaxiraliig UIX, tsalind avchrax xeregtei

БИ МОНГОЛ ХҮН
2016-11-05 00:00:53

ҮХЭН ХАТАН ЗҮТГЭДЭГ ДАРГА ЭРХ МЭДЭЛТЭНИЙ ТООГ ЭРС ЦӨӨЛӨЕ ҮҮНИЙГ ДАГАСАН УРСГАЛ ЗАРДАЛУУД ЭРС БУУРНА

Зочин
2016-09-28 08:32:21

...жил тэжээсэн ГОК-ЫГ НЬ худалдаад авчихаж бна .Ер нь гадны ганц гэлтгүй олон банкийг оруулах хэрэгтэй шүү .тэгвэл бүх үйлдвэрлэгчид дэмжих нь гарцаагүй дээ.

зочин
2016-09-28 08:29:46

гадны банкийг оруул ах нь зөвөө.Одоо аж ахуйн нэгжүүд мөнгөгүй болоод зогсчихсон байна тэдэнд бага хүүтэй удаан хугацааны зээл маш чухал байна үүнийг Монголын ямар ч банк олгож чадахгүй мөртлөө өндөр хүүгээр аж ахуйн нэгжүүдээ дампууруулаад Монголыг ..

Зочин
2016-09-26 20:03:21

Монголд нүүрэлсэн хулгайг зогсооход л эдийн засаг сэргэнэ

Ард иргэд
2016-09-26 14:49:53

Ард тумний емч хилийн цаана нуусанг мэдсээр байж ард тумний хармаа ухаад нет суглаа гэж чи зохиогоо биз дээ чаддаг юм бол тэр опшороо оруулж ирэх сугалаа явуулаач чи ч хогийн гардаа чадаххгуй л дээ

Ажлын байр