Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ

УИХ болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ дагуу эрх баригч хүчин Үндсэн хуульд “Гар хүрэх”, эсэхийг судлах хоёр ч ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Тодруулбал, анх удаагаа Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах санаачилга гаргав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бол УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Лүндээжанцан гишүүнээр удирдуулсан ажлын хэсгийг ч байгуулсан. Ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхэд судалгаа хийж, ажлын төлөвлөгөөний хар зургаа УИХ-д хүргүүлсэн.

Хэлэлцүүлэгт оролцогсдод урьдчилсан болзол тавихгүй

Энэхүү төлөвлөгөөний дагуу УИХ-аас анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн хавар зохион байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг нэг шат урагшлуулсан. Үүний дараа УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг төслийн хар зургаа бэлэн болгож, өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай зэрэгцүүлэн ард түмнээсээ асуухаар төлөвлөсөн ч хойшлуулсан юм. Харин ирэх есдүгээр сар хүртэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ дагуу бүх нийтийн хэлэлцүүлэг өнөөдрөөс орон нутагт эхэлсэн бол нийслэлийн хэмжээнд ирэх сарын 15-31-нд үргэлжилнэ. Аймаг, сум, баг, хороо бүрт харилцан адилгүй цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 5 гэхэд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, есдүгээр сарын 10 гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр товложээ. Түүнчлэн баг, хороодын хэлэлцүүлэгтээ оролцож амжаагүй хүмүүс онлайнаар болон шуудангаар саналаа илгээж болох аж. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэн, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв ганцхан Үндсэн хууль, түүний заалтууд байх бөгөөд өөр бусад хуулийн талаарх саналыг хүлээн авах боломжгүй юм байна. Мөн хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэд оролцоно. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд саналаа цахим хаягаар өгч болно. Түүнчлэн оролцогсдод урьдчилсан болзол тавихгүй, олон нийтэд нээлттэй, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны төлөөллийг бүрэн хамруулсан, оролцогчдын үндэс угсаа, хэл, нас, хүйс, нийгмийн байдал, ажил, албан тушаал, боловсролын тэнцвэртэй харьцааг хангасан байх аж. Ингээд хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналуудыг тусгах, эсэхийг төслийг боловсруулах ажлын хэсэг шийдвэрлэх аж. Төслийг хэлэлцэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахын тулд иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга явуулсан бөгөөд иргэдээс гарсан саналыг уг төсөлд тусгасан юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасахаар тусгажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн болон Засгийн газар л хууль санаачлах эрх эдлэх аж. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод хуваагдахаар тусгасан байна.

Аймаг нь сум, хотод, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдах аж. Үүнтэй уялдуулан аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот, дүүргийн Засаг даргыг харьяалах дээд шатны Засаг дарга, баг, тосгон, хорооны Засаг даргыг мөн л харьяалах дээд шатны Засаг дарга дөрвөн жилийн хугацаатайгаар томилохоор тусгасан байна.

Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор төсөлд тусгажээ. ингэснээр УИХ-ын гишүүн “Давхар дээл”-тэй байх боломж бүрдэж буй. Мөн Засгийн газрын бүтцийг хуульчилжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, сангийн яам, гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын яам болон Байгаль орчны яам гэсэн үндсэн таван чиг үүргийн яамтай байх аж.

Ингэснээр Засгийн газар солигдох бүрт яамдын нэрийг сольж, төрийн албан хаагчдыг хоморголон халдаг тогтолцоог тодорхой хувиар бууруулах боломж бүрдэж байгаа юм. Ерөнхий сайдад нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн долоо хүртэл яамыг нэмж байгуулах боломжийг олгожээ. Онцлоход, УИХ нэгдсэн төсвийг батлахдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг Үндсэн хуулиар хориглох аж. Ингэснээр УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо хөрөнгө оруулалт нэмэх боломжийг хумина хэмээн тооцжээ.

Үндсэн хуулийн төслийг есдүгээр сарын 10 гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр товложээ

Үүнээс гадна УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн, 35 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор байсныг 40, 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болохоор байсныг 30 нас болгон нэмэгдүүлжээ. Эцэг хууль хэмээн нэрлэдэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд иргэн нэг бүрийн санал чухал байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо. 

ЗГМ: Байр суурь

-Үндсэн хууль бол нийгмийн талуудын зөвшилцлийн гэрээ, ард түмний бүтээл юм. Иймээс ард иргэдийнхээ дуу хоолой, санал бодлыг сонсохын тулд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж иргэдийнхээ оролцоог хангах үүднээс УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай тогтоол батлаад байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж, УИХ-д аравдугаар сарын 1-ний дотор өргөн мэдүүлэхийг ажлын хэсэгт даалгасан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

-Үндсэн хуулийг бид анх 1992 онд батлахдаа бүх ард түмнээрээ хэлэлцүүлээд, бүх процесс биелүүлсэн. Хэрэв өөрчлөх гэж байгаа бол тэр процесс адилхан л явах ёстой. Гэтэл одоогийн тавьж байгаа хугацаа нь дэндүү бага. Наймдугаар сарын 10 хүртэл гэж байна. Хэлэлцүүлгээ есдүгээр сар дуустал хийх хэрэгтэй. Яарах хэрэггүй. Эхлээд 2000 оны Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй. Ингээд Үндсэн хууль өөрийн хөрсөндөө буусных нь дараа бүх ард түмнээрээ хэлэлцсэн, парламентын бүх шатыг дамжсан, бүх холбогдох байгууллагаас саналаа авсан тохиолдолд Үндсэн хуулийн талаар хэлэлцэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Болд

Б.Бямбасүрэн
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр