Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Францын тэргүүн хатагтайн ярилцлага "Elle" сэтгүүлийн борлуулалтыг дээд амжилтад хүргэв

 

Францын тэргүүн хатагтайн хувиар Брижит Макрон анх удаа “Elle”  сэтгүүлд ярилцлага өгчээ.

Нийт 10 хуудас бүхий тус ярилцлагыг “Elle”  сэтгүүл наймдугаар сарын 18-ны дугаартаа нийтэлж худалдаанд гаргажээ. Түүнээс хойш 530 мянган хувь борлогдсон нь дээд амжилт болсон байна. Энэ сүүлийн арван жилд гарсан томоохон амжилт юм.

Францын тэргүүн хатагтай эдүгээ 64 настай. Түүний нөхөр болох Ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрөөс нь 25 насаар дүү.

Хатагтай Брижит Макрон нөхрийгөө дунд сургуулийн сурагч байхад нь багшаар ажиллаж байсан гэх.

Францын тэргүүн хатагтайн ярилцлага гарсан даруйдаа шуугиан тарьж, 30 сая хүн үзэж сонирхжээ. Олон нийтийн сүлжээнд түүний ярилцлагын талаар хэлэлцүүлэг өрнөж, зөвхөн твиттерт 3,5 сая хүн жиргэжээ.

Францын тэргүүн хатагтай ярихдаа нөхөртэйгөө маш энгийн харилцаатай байдаг. Гэр бүлийнхэн нь Э. Макроныг “Залуу нас нь түүний ганц дутагдал” гэж хошигнодог гэв.

Брижит Макрон Елисейн ордонд нүүж очсон талаар нь сонирхоход тэрээр “Э. Макронтой нэр холбогдсон үеэс л амьдрал нь элдэв ер бусын адал явдлаар дүүрэн байж ирсэн. Дараа юу болох бол гэсэн асуултыг өдөр бүр тавьсаар нэг мэдэхнээ 20 жил болжээ” гэв.

Мөн тэрээр ярилцлагынхаа үеэр анхны нөхрөөсөө салсан нь хүнд цохилт байсан, хүүхдүүдийнхээ өмнө буруутайгаа үргэлж мэдэрдэг. Гэвч Э. Макронтой холбогдсон нь зөв сонголт байсан. Эс бөгөөс бүхий л амьдралаа алдах байлаа гэж ярьжээ.

Түүнчлэн тэрбээр “Миний бодлоор XXI зуун эмэгтэйчүүдийн зуун байх болно. Зөвхөн эмэгтэйчүүд л зөв шийдвэрийг гаргах болно” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Францын тэргүүн хатагтай түүнчлэн Елисейн ордны цахим хуудаснаа хийх ажлын талаараа зарлаж тайлагнах болно.

Тэрбээр “Энэ нь ард иргэд миний юу хийж буйг мэдэхэд хялбар байх юм. Өмнөх тэргүүн хатагтай нарын адил үүрэгт ажлаа олон нийтэд ил болгохыг хичээнэ” гэв.

Тэрээр гурван туслахтай. Гэвч өмнөх тэргүүн хатагтай нартай харьцуулахад энэ тоо цөөн аж.

Өмнөх тэргүүн хатагтай Валери Триервейлер гэхэд таван туслахтай байжээ. Харин Францын Ерөнхийлөгч Жак Ширакийн гэргий Бернадет Ширак 20 ажилчинтай байв.

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах эмчилгээ зэрэг асуудлыг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж “Elle” сэтгүүл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр