Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал

 

ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Х.БАТТУЛГА ТАНАА ӨРГӨХ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

     Хүндэт  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон энэхүү захидлыг болгоон  уншиж буй нийт ард иргэд , уншигч та бүхний  энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.

БЗД-ийн иргэдийн хувьд дүүрэгт үүссэн өнөөгийн нөхцөл байдалд ундууцан бухимдаж, олонхи иргэдийн санал бодлыг төлөөлөн аргагүйн эрхэнд энэхүү захидлыг илгээхэд хүрлээ.

     2016 оны 10-р сард болсон орон нутгийн сонгуулиас хойших хугацаанд БЗД-ийн ИТХ болон ЗДТГ нь намуудын талцалд хуваагдан төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зарчмыг умартан цалгардуулсанаас болж иргэд бид ажил амьдрал, бүх талаараа хохирсоор ирлээ.

     Дүүрэг хороодын захиргааны хаалга давангуут хий хоосон улс төржсөн яриа эсвэл төр захиргааны үйлчилгээ үзүүлэх ёстой газар, хэлтсүүдэд суудлаа хамгаалан үлдэхээр өөр хоорондоо тэмцэлдсэн маргаанаас өөр ид шид харагдахгүй байна.

     Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлэжээ !!!

   Өнгөрсөн 4 жил Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Д.Пүрэвдаваа гэгч этгээд эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан нь намынх нь гишүүд болон жирийн иргэдийн дургүйцлийг хүргэж түүний явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, хууль зөрчсөн увайгүй үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцсээр олон сарыг үзэж байна.

     Д.Пүрэвдаваагийн удирдсан 4-н жилийн хугацаанд дүүргийн хөгжил хоцрогдож хогондоо дарагдлаа, хороодын үйл ажиллагаа зогсонги байдалд орж иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх бүрэн хязгаарлагдлаа.

     Нийслэлийн хамгийн том дүүргээр тоглож, ард иргэдээ доромжилсон Д.Пүрэвдаваа гэгч эрхэмийн ганц хийдэг ажил нь албан тушаалын наймааг найз нөхдөөрөө хуйвалдан цэцэглүүлэх бөгөөд энэ нь ил болж хэвлэлийн баатар болсоор удлаа.

     Гэтэл дээрх увайгүй нөхөр дүүргийн Засаг даргын албан тушаалаас зугтан алга болж Монгол Улсын Ерөнхийлөгч Таны Зөвлөхөөр ажиллахаар болж нуувчинд орсоныг саяхан сонсоод туйлаас их харамсаж байна.

     Бүхэл бүтэн дүүргийг улс төрийн ашиг хонжооны үүр уурхай болгосон хүнээр Монгол улсын төрийн тэргүүн зөвлүүлээд суух нь хэр зохистой үйлдэл вэ?

     Баянзүрх дүүрэгт үүссэн засаглалын хямралыг дээд цэгт нь тулгасан таны зөвлөх Д.Пүрэвдаваад хэн хариуцлага тооцох вэ?

    Дүүргийн одоогийн хууль бус удирдлагууд нь Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудынхаа үйл ажиллагааг хаан боогдуулж тамгын газраасаа хөөж гаргасан байдал юуг харуулж байна вэ?

    Дүүргийн Ардчилсан нам нь ч тэр, Ардын нам нь ч тэр олон удаагийн жагсаал цуглааныг хийсээр иргэдийн дунд зөрчилдөөн улам ширүүсч газар авсаар байна. Энэ нь цаашдаа юунд хүргэхийг төрийн тэргүүн, Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Монгол улсын Ерөнхийлөгч танд хамгийн их хамааралтай гэж бодож байна.

    Энэхүү нээлттэй захидлаар дүүргийн  МАН болон АН-ын аль нэгнийх нь үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, буруу зөвийг шүүх гэсэнгүй.

     Гагцхүү хууль ёсны дагуу дүүргийн иргэдийн сонголтоор сонгуульд ялсан нь бүрэн эрхээ хэрэгжүүлж, олонхи болж чадаагүй нь дүүргийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэн хамтран ажиллах зарчимийг хангаж, засаг захиргаа, төрийн албаа  эмхлэн байгуулахыг дүүргийн иргэд шаардсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл ахиц гарсангүй.

   Баянзүрх дүүрэгт төрийн хууль хэрэгжихгүй, хууль ёсны Засаг даргагүй, Иргэдийн төлөөлөгчидийн хурал нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нэг жилийг үдэж байгааг анхааралдаа авч, ард иргэдийн зөрчигдсөн  эрхийг хамгаалах үүднээс Намын эрх ашигийг ангид орхиж, төрийн тэргүүний ухаалаг бодлогыг Баянзүрх дүүрэгт  чиглүүлж өгнө гэдэгт  найдан Танд энэхүү нээлттэй захидлыг хүргүүлж байна.

Таныг хүндэтгэсэн: 

БЗД-ийн     2 дугаар хорооны иргэн Балжиннямын Галбадрах

3 дугаар хорооны иргэн Балингийн Бат-Очир

3 дугаар хорооны иргэн Жанчивдоржийн Өсөхбаяр

6 дугаар хорооны иргэн Намжигийн Дулмаа

9 дүгээр хорооны иргэн Нэргүйн Болормаа

 

2017 оны 09 дүгээр сарын 12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-09-15 19:18:26

Дур зоргоороо авирласан хүмүүс л олширсон. Энэ байдал ажил амьдралд сөрөгөөр нөлөөлж байна.

Ажлын байр