Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шигэхиро Шинозаки: Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид бараагаа борлуулах ямар ч ойлголтгүй байна

ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтгэх: Эрсдэл, сорилт ба боломжууд” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Хуралд Монгол, Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Малайз, Филиппин, Шри Ланка, Вьетнам зэрэг орны 50 гаруй мэргэжилтэн оролцов. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны Санхүүгийн ахлах шинжээч Шигэхиро Шинозакитай ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэр Азид ямар төвшинд хөгжиж байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэр Азийн эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дотоодын үйлдвэрлэлд ДНБ-ний 42, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүний 50, ажил эрхлэлтийн 60 хувийг эзэлж байна. Хэдийгээр эдийн засагт оруулах хувь нэмэр нь улс бүрт харилцан адилгүй ч эдийн засгийг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал хөдөлгүүр болж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид эдийн засагт эрүүл өртөг бүхий бүтээгдэхүүн гаргахаас гадна ажлын байр олноор бий болгодог. Энэ нь ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

- Жижиг, дунд үйлдвэрийн дэлхийн үнэ цэнийн сүлжээний талаар мэдээлэл өгөөч?

-Энэ сүлжээ нь бүс нутгийн жижиг дунд үйлдвэрлэлд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг олгож, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлдэг. Жижиг, дунд үйлдвэрийг олон улсын хэмжээнд хөгжүүлэх боломжтой ч бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээн дэх оролцоог нь хангахын тулд олон асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгардаг. Үүнд, санхүүжилт, менежментийн ур чадвар, технологийн шинэчлэл, бизнесийн сүлжээг бий болгох зэрэг асуудал орно. Үүнээс гадна зохих тээвэрлэлт, дэд бүтэц, зохицуулалт хийх зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны орчинг дэмжих шаардлага бий болдог. Жижиг, дунд үйлдвэрийн оролцоо нь улс орны онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг.

-Энэхүү үнэ цэнийн гинжин хэлхээнд нэгдэн ороход жижиг, дунд үйлдвэрлэгчид юу хийх ёстой бол?

-Азийн улсуудад жижиг, дунд үйлдвэрлэлээр олон улсын зах зээлд гарах маш том боломж бий. 1990-ээд онд Азийн улс орнууд жижиг, дунд үйлдвэрлэлээр хөдөлмөрийн зах зээлд тэргүүлж байсан бол 2000-аад он гарснаар өөрчлөгдсөн. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн боломж буурсантай холбоотойгоор дэлхийн эдийн засаг удааширч байна. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг зөвхөн орон нутаг, улсын хэмжээнд авч үзэх нь буруу юм. Олон улсын зах зээлд гаргах хэрэгтэй. Гэхдээ асуудлыг шийдэхийн тулд тухайн улс өөрсдийн үндсэн асуудлыг тодорхойлж, хүчтэй болох хэрэгтэй. Тухайн үйлдвэрлэгч өөрсдийн хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлт, анализ хийдэг байх хэрэгтэй. Мөн үйлдвэрлэгчид хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй. Аж үйлдвэрийн хөгжлийн асуудалд том компаниудын үүрэг чухал бөгөөд компани хоорондын сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны хамааралтай практик асуудлаар харилцан дэмжлэгтэйгээр ажиллах нь үнэ цэнийн гинжин хэлхээнд нэгдэн ороход чухал юм.

- Олон улсын өртгийн сүлжээ нь хэдэн төрөлтэй вэ?

-Хоёр үндсэн төрөлтэй. Босоо тэнхлэгийн сүлжээг аж үйлдвэр, боловсруулах салбарт түгээмэл ашиглаж байна. Тухайлбал, цахилгаан бараа болон үйлдвэрлэл, техник технологи, мэдээллийн технологи, автомашин үйлдвэрлэлд өргөн ашигладаг. Гэхдээ энэ тэнхлэгийн өртгийн сүлжээнд асуудал бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүрэг маш хязгаарлагдмал. Зөвхөн нэг түүхий эдээс ч юм уу, нэг эд ангийг үйлдвэрлэх, нийлүүлэх үүрэгтэй. Үндсэндээ дэлхийн үндэстэн дамнасан томоохон корпорацууд маркетинг, менежмент, борлуулалтын ажлыг авч явж, жижиг, дунд үйлдвэрлэгчид энэ асуудлаас гадна үлдэж байна. Энэ сүлжээнд жижиг дунд үйлдвэрлэгчид орлого олж байгаа ч тэдний хувьд өсч дэвших боломж нь хомс байдаг. Нөгөө нэг төрөл нь хэвтээ тэнхлэгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн өртгийн сүлжээ юм. Энэ сүлжээ нь хөдөө аж ахуй, гар урлал, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн ашиглагддаг. Энд бол жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үүрэг харьцангуй өндөр байдаг.

-Манай улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын ДНБ-ны 30 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тиймээс Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрээр олон улсын зах зээлд гарах маш том боломж байгаа гэсэн үг. Монгол Улс байгалийн баялгийн асар их нөөцтэй. Энд зөвхөн уул уурхайг дурдаагүй юм шүү. Хөдөө аж ахуй, ноос ноолуур, хүнсний баялгийг хэлж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Азид хөдөө аж ахуйн гүйцэтгэх үүрэг урсгал зардалтай харьцуулахад бага болоод байна. Хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг ажил олгогчид болон ажил эрхлэгчид олон улсын өртгийн сүлжээнд нэгдэж ороогүйгээс экспорт маш муу байна. Хэрэв андуураагүй бол өнгөрсөн жил танай улсын хөдөө аж ахуйн салбарт 4.8 хувийн өсөлт гарсан. Энэ нь уул уурхайн салбартай харьцуулахад бага боловч тийм ч муу үзүүлэлт биш. Монгол Улсын Засгийн газар яагаад энэ их боломжийг ашиглаж хөдөө аж ахуйг хөгжүүлж, олон улсын өртгийн сүлжээнд нэгдэж болохгүй гэж. Монгол Улс малын түүхийн эдээр баян учир жижиг, дунд үйлдвэрлэгчид ноос ноолуур, махны үйлдвэрлэлээр түгээмэл ажиллаж байна. Гэхдээ танай улсад томоохон брэнд байхгүй. Үүнээс болоод Монголын түүхий эдийг гаднын компаниуд авч ашиглаад өөрсдийн улсын бүтээгдэхүүн гэж борлуулж байна. Энэ нь маш эмгэнэлтэй зүйл. Тиймээс Монгол дотооддоо брэнд хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын эдийн засагт ихээхэн өгөөжтэй. Цаашдаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдээ өөрсдөө боловсруулж нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд хамгийн ойрын хөрш БНХАУ, ОХУ-д өөрийн нэрийн брэндээ нийлүүлэх учиртай.

-Монгол Улсад хөгжүүлэх боломжтой жижиг, дунд үйлдвэрийн салбарыг юу гэж үзэж байна вэ. Бидэнд олон улсын зах зээлд гарах боломж бий юү?

- Миний бие 2015 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт судалгаа хийхээр Монгол Улсад анх ирж байлаа. Тухайн үед Хөвсгөл, Дархан-Уул, Улаанбаатарт ажиллаж маш олон тооны жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй уулзсан. Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл маш өргөн хүрээг хамарч байсан. Гэхдээ эдгээр бизнес нь ихэвчлэн бичил хэмжээний гэр бүлийн шинж чанартай байсан. Тэд зах зээл дээр бараагаа борлуулах маркетингийн талаар ямар ч суурь ойлголтгүй байв. Үүнээс үүдээд бүтээгдэхүүнээ дотоодод болон гадаадад гаргахад хүндрэл учирч байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар, маркетингийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна төр таатай орчинг нь бүрдүүлэх шаардлагатай. Заавал төрөөс зээл өгөөд байх биш. Хамгийн гол нь бизнест гаднын хөрөнгө оруулалт хийхэд саадгүй болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Монгол Улсад хөгжүүлэх боломжтой салбар олон бий. Нэн тэргүүнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт технологид суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа ноос ноолуур, арьс ширийн үйлдвэрлэл хөгжүүлж экспортод гаргах боломжтой. Үүнээс гадна энэ салбарынхан санхүүгийн бэрхшээлтэй үргэлж тулгардаг. Тиймээс Засгийн газраас санхүүгийн хүртээмжид анхаарах хэрэгтэй. Үүнийг шийдэх нэг арга зам нь цахим санхүүжилт байж болох юм.

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрөөс ямар бодлого явуулах хэрэгтэй вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Засгийн газар чухал үүрэгтэй. Засгийн газар хууль, эрх зүйн орчинг сайжруулахаас гадна шаардлагатай эдийн засгийн дэмжлэгийг үзүүлэх ёстой. Засгийн газраас ямар чиглэлийн үйлдвэрлэгчийг олон улсын сүлжээнд нэгтгэх вэ гэдэг стратегийг боловсруулах учиртай. Мөн Засгийн газрын зүгээс дэмжлэг болохуйц чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийг байгуулахад анхаарах хэрэгтэй. Хөгжиж буй улс бусад орны загварыг шууд хуулбарлах бус өөрийн хөрсөнд буух төлөвлөгөөг боловсруулах учиртай юм.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.