Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сэлэнгэ мөрнийг гатлах зургаа дахь гүүр ашиглалтад орлоо

Булган аймгийн Сэлэнгэ суманд 40 метр урт, 44 тоннын даацтай, ган төмөр дам нуруу бүхий төмөр бетон гүүрийг энэ сарын 16-ны өдөр хүлээн авч, ашиглалтад оруулжээ.

Зам,  тээврийн хөгжлийн яам захиалгаар “Хотгор зам” компани барилгын ажлыг гүйцэтгэсэн “Ингэтийн гүүр” хэмээн нэрийдэх энэхүү гүүр нь Монгол Улсад анх удаа дотоодын компани шинэ технологиор гүйцэтгэсэн байна. 

Гүүрний нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, БСШУ-ы дэд сайд Ё.Отгонбаяр, Булган аймгийн удирдлагууд, ургац тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл болон орон нутгийн ард иргэд оролцлоо.

Энэхүү гүүр ашиглалтад орсноор Булган аймгийн ард иргэдийн аж амьдралд дэмжлэг болж, ургацын тээвэр саадгүй зорчихоос гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Зөвхөн Булган аймгийн ард иргэдээс гадна Сэлэнгэ, Орхончууд, ургац тээвэрлэгч аж ахуй нэгжүүд энэхүү гүүрээр зорчих боломж бүрдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат гүүрийг нээх арга хэмжээний үеэр онцлов.

Тэрбээр “Зам дагаж хөгжил гэдэг. Газар тариалангийн бүс нутагт дотоодын аж ахуй нэгж, компаниуд нийгмийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахуйц томоохон бүтээн байгуулалтыг шинэ технологиор анх удаа бий болгосон нь улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

Энэ нь ургац тээвэрлэлтийн үйл ажиллагааг түргэсгэх, тээвэрлэлтийн зардлыг багасгахаас гадна сум, орон нутгийн иргэд болон нийгэм эдийн засагт онцгой ач холбогдолтой бөгөөд 120 гаруй км тойрч холбогддог байсан замыг ийнхүү товчлох болсонд нутгийн иргэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр