Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Жавхлан: Төрийн ордон дотор ороод би сэтгэлээрээ даардаг, гадагшаа гараад дулаацдаг

УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр Засгийн газрыг яаралтай байгуулах шаардлагатай байгаа талаар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр, "УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 07-нд болж, 08-нд Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн. Би энэ үед улс орон даяар өвлийн бэлтгэлдээ яараад цаг хугацаатай уралдаж байна. Та бүхэн өвлийг хэр өнөтэй давах вэ гэдгийг хэлэлцэх ёстой. Гэтэл Засгийн газрын хэрүүл хийснээс  болж монголчууд хохирч байна. Та бүхнийг ингэж хэрэлд, хувиа хичээ гэж монголчууд төрд гаргаагүй. Өөрсдийн амин хувийн зүйл 2-3 цагийн дотор бүтдэг. Түмэн олны хүнд асуудлыг хэлэлцэж, анхаарал тавих болохоор Засгийг эзгүй орхиод явж болохгүй” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрүүл дуусахгүй, засгийг эзэнгүйдүүлж байна.  Тиймээс 10 хоногийн дотор Засгийн газраа эмхлэн байгуулахыг шаардаж байна.

Өнөөдөр багш, эмч нарын хэлж байгаа асуудлыг харж,  зарим нутагт үер усны аюултай байгаагийн дээр малын гоц халдварт өвчин асар их тархаж байгаа өдгөө цагт хариуцах эзэнгүй байгаа нь хамгийн буруу.  Малын тарга тэвээрэг маш муу авсан байна. Үүний бүх хариуцлагыг эрх баригчид үүрэх ёстой.

Би  Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүллээ.  “УИХ-ын гишүүн миний бие улс орны өмнө тулгамдсан асуудал, малын гоц халдвар, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх хариуцлагатай үед Засгийн газрыг огцруулж байгаа талаар УИХ дээр сануулсан.  Миний бие хэдийгээр нам, бүлэггүй ч гэлээ энэ асуудалд анхаарал тавьж байна. Тиймээс надад бичгээр албан ёсоор хариу өг” гэдгийг албан бичигтээ дурдсан гэв.

УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Та УИХ-д орж ирээд нэг жил болж байна. Та ярьж  байгаа ч үр дүн нь хэр байна вэ?

-Монголчуудын оюуны дархлаа, зөн сэрэхүй, сэтгэл дотор байгаа нянгууд арилах ёстой. Энэ нянгуудыг арилгахын тулд ярих ёстой. Жавхлан зүгээр суугаагүй. Энэ 65 гишүүн хэрэлдэж байхын оронд өвөлжилтийн бэлтгэл яаж байгаа талаар тойргоороо яв гэж хэлмээр байна. Би энэ долоо хоногоос тойргийнхоо төлөөлөлтэй уулзана. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг.

-Засгийн газрыг огцруулах кнопыг дарахдаа хэн нэгний нөлөөнд автсан уу?

-Хамаг Монголыг ярьж, Монгол орноо сурталчилж явсан Жавхлан надад нутаг усны асуудал ярихаа боль. УИХ дээр намайг үг хэлэхээр инээгээд байдаг улс над дээр ирж кноп дараад өгөөч гэж гуйсан. “Би та нарын хэрүүл дотор хавчуулагдахгүй, өөрсдөө учраа олцгоо гэсэн. Би өөрийн үзэл бодлоороо явсан.

-Та УИХ дотор ганцаарддаг юм шиг санагддаг?

-Төрийн ордон дотор ороод би сэтгэлээрээ даардаг, гадагшаа гараад дулаацдаг хүн. Төрийн ордныг гал орсон гэр шиг дулаахан болгоно. Би нэг зүйл рүү зорьсон бол зорьсон шиг зүтгэдэг. Тийм учраас би Бурхан халдун хайрханд очиж андгай тангараг өргөсөн. Монгол орныхоо төлөө андгай тангараг өргөсөн. Надад няцах сэтгэл байхгүй.

-Та нэг хэсэг чуулганд харагдаад, нэг хэсэг байхгүй болдог. Яагаад?

-Дуучнаар бол өдөр болгон Бөхийн өргөөнд тоглолт хийгээд байвал хүмүүс ирж үзэх үү. Түүнтэй адил. Шат дараатай судалгаа хийж, явж байна.

-Та намрын чуулгандаа идэвхтэй оролцох уу? Хаврын чуулганы хуралдааныг тасалсан гишүүдийн тоонд багтсан байсан.

Би хамгийн идэвхтэй суусан гишүүдийн тоонд орох байх. Зарим гишүүд гадаадад сууж байгаагаа өвчтэй, чөлөөтэй гэж явдаг юм байна. Би хуралдаанд ирсэн болгондоо идэвхтэй оролцдог. Чуулганы хуралдаанд суугаагүй үедээ судалгаа явуулдаг. Гэтэл хуралдаан бүрт суудаг хэрнээ хувь нэмрээ оруулдаггүй, чимээгүй нөхөд байна.  Монголын цус цэвэр ариухан болтол нь С.Жавхлан тэмцэнэ. Тасалсан гэж яриад байгаа нөхөд явуулга хийж байна. Энэ намрын чуулганы нээлтийг харж л байя.
-Шинэ Засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүн юу хийх ёстой гэж боддог вэ?

-Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг энэ томилгоон дээр гаргаж ирэх нь чухал. Тэгэхгүй бол ах дүү нартайгаа хувааж иддэг хүмүүсийг гаргахын эсрэг би тэмцэнэ.  Одоо огцорч байгаа сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэй. 27 жилийн турш олон Засгийн газар унасан байдаг. Гэтэл идсэн, уусан нөхдөд хэзээ ч хариуцлага тооцдоггүй.  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.