Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Улаанбаатарт ном хямдхан худалдаж авах 8 арга

Аравдугаар ангид ордог намраа танил бус гудмаар гэмгүйхэн алхаж яваад “Номын их дэлгүүр” гэх сүрдэм нэр хаягтай нэгэн газрыг өөртөө нээж олсон нь Интерном байв. Хэмжээ дамжаагаараа миний мэддэг Улсын их дэлгүүртэй ер адилгүй ч, номын худалдааг Урт цагааны асар майхантай дамын наймаачдаар л төсөөлдөг надад бол тэрхүү булангийн мухлаг “их дэлгүүр” шиг л санагдсан. Мэдээж арваад жилийн өмнөх ядруухан сурагч хөвүүнд таалагдсан номоо тэр даруй худалдаад авчих бэлэн зэлээхэн мөнгө гэж юу байх билээ. “Дараа заавал орж ирнэ дээ” гэсээр тэндээс гарсан. Хожим би амлалтаа хэтрүүлэн биелүүлсээн. Дунд сургуулиа төгсөхийн өмнө тийш зорин очиж, хэдэн ном аваад зогсохгүй арваад жилийн турш ахин дахин очсоор л байна. Гэвч Улаанбаатар хотод маань номын дэлгүүрүүд улам олшрохын зэрэгцээ ном худалдаж авдаг арга барил маань ч гэсэн улам нарийсжээ. Нэг ажлаа удаан хийх тусам түүндээ улам гаршдагтай адил “номны наймаа”-нд ч бас гаршиж болно. Энэ салбарт гаршиж чадвал Интерномд ч, аль эсвэл өөр дэлгүүрүүдэд ч яг ижилхэн үнэтэй байгаа номыг илүү хямдаар авч сурна гэсэн үг.

Ингээд арваад жилийн туршлага ч гэх юм уу, башир арга ч гэх юм уу, за юу гэж ч тодорхойлсон бай, төрж өссөн Улаанбаатар хотынхоо булан тохой бүр дэх номын дэлгүүрээр ядаж нэг удаа шагайж үзсэн хүний хувьд ном хямдхан худалдаж авах дараах хялбархан аргуудыг залуухан номын хорхойтнууддаа сонирхуулж байна. Мэдээж архагуудад зөвлөгөө минь илүүц биз. Гэхдээ би ч, чи ч, энэ хот ч санаанд оромгүй хурдан хэмнэлээр хувьсан өөрчлөгдөж буй тул өнөөдөр “шинэ” гэгдсэн зүйл маргааш хуучирсан байхыг хэн ч тааж мэдэшгүй билээ. Тиймээс энэхүү бяцхан нийтлэлээ жил бүрийн эхэнд, орчин үеийн ярианы хэллэгээр бол “апдэйт”, харин монголоор бол сайжруулан засаад явна.

[Хувилбар 1 – 2017.02.18.]

1. Хавар, намрын номын яармагийг хүлээ

ХЯМДРАЛЫН ЗЭРЭГ: +5

Жил бүрийн 5, 9-р саруудад төв талбайн уудам зайг дүүргэн асар майхнууд босож, хоёр өдрийн турш номын яармаг худалдаа болдог. Нийслэл хотын маань номын хорхойтнуудын хувьд энэ өдөрлөг бол “тэмдэглэлт баяр” нь юм. Сүүлийн хоёр гурван жил дараалан очсон туршлагаасаа сонирхуулбал, өдөрлөг бүр дээр Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай “Юм юмнаасаа” гэх зузаан номоо жирийтэл нь өрчихсөн жижигхэн ширээний ард цомцойтол суучхаад гарын үсгээ нямбайлан зурж, аялагч Амай асар майхныхаа үүдэнд гарч ирээд “музейн үзмэр” мэт ажин түжин зогсож, нэрт гүүш Г.Аким гуай бүрх малгайндаа шигдчихсэн, Ж.Нэргүй гуай хөрвүүлсэн, хөрвүүлээгүй олон номоо өмнөө өрчихөөд үнэ ханш асуусан уншигч руу хайнгадуухан өлийж байгаа харагддаг юм. Аль асар майхан хамгийн цочир хямдралтай буйг овоорон бужигнах олны хөдөлгөөнөөс төвөггүй мэдэж болдог. Ном орчуулдаг, зохиодог, туурвидаг, эрхлэн гаргадаг, худалдаалан борлуулдаг бүхий л номын хэнээтнүүд яармагийг зорин ирсэн уншигч бүрт зориулж “хямдралын хур”-аа харамгүй буулгадаг. Би лав хэд хэдэн удаа түрийвчээ түнтийтэл зузаалж гараад (учир нь энд картаар үйлчилдэггүй) хямдралын хуранд нь “шалба норж” билээ. Даацтай, цочирдом хямдралыг энэ өдөрлөгийн үеэр л мэдэрдэг. Жишээ нь номын дэлгүүрт 66,000 төгрөгийн үнэтэй гэгдэх, түүхч С.Чулуун гуайн эмхлэн гаргасан “Монгол орон, монголчууд” гэрэл зургийн номыг ердөө 30 мянган төгрөгөөр наймаалцаж чадсан юм даг. Тиймээс жилдээ хоёр удаа болдог эл өдөрлөгийг тэвчээртэй хүлээж л чадвал, ихийг хэмнэнэ гэдэгтээ итгэлтэй байж болно шүү.

2. Номын дэлгүүрүүдийн хямдралыг хүлээ

ХЯМДРАЛЫН ЗЭРЭГ: +4

Номонд дурлагсдад хавар, намрын яармагийг хүлээнэ гэдэг урт хугацаа. Тэгвэл удаах аргыг санал болгоё. Интерном, Аз хур, Мир ном гэх Улаанбаатарын урдаа барьдаг гурван том сүлжээ дэлгүүр тус бүр “уламжлалт хямдралын өдөрлөгүүд”-тэй. Интерном ихэнхдээ 12-р сард, бас Цагаан сарын өмнөхөн, харин Мир ном 10-р сард номуудаа хямдруулдаг бол Аз хур үе үе огцом, цочир хямдрал зарладаг. Гэхдээ уншигчид маань хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын дэлгүүр гэх гурван тусдаа ойлголтыг хольж хутгаад байх шиг санагддаг. Жишээ нь “Монсудар” гэдэг бол хэвлэлийн газар, “Адмон” гэдэг бол хэвлэх үйлдвэр, “Интерном” бол номын дэлгүүрийн сүлжээ юм. Эднийг Роозонгийн Энхбат гуай үүсгэн байгуулсныг бид мэдэх билээ. Р.Энхбат гуай эхлээд жижигхэн хэвлэлийн газар үүсгэж, дараа нь бүтээгдэхүүнээ хэвлэхийн тулд хэвлэх үйлдвэр байгуулж, дараагаар нь хэвлэснээ борлуулахын тулд номын дэлгүүр нээсэн гэдэг. Нэгэнт тэрбээр энэ зах зээлд анхдагч, манлайлагч болж чадсан учраас араас нь гарч ирсэн өрсөлдөгчид нь түүний нэвтрүүлсэн “гурвалсан” зарчим руу улам тэмүүлээд байх шиг. Хэдэн жилийн өмнө “Мөнхийн үсэг”-ийн хэвлэх үйлдвэрт орж үзээд “үйлдвэр гэж үүнийг л хэлэх байх даа” гэж уулга алдсанаа тод санаж байна. Гэвч эднийхэнд дан ганц “хэвлэж барлах” нь хангалттай санагдсангүй, дэргэдээ байгуулсан “Болор судар” гэх хэвлэлийн газар, “Аз хур” гэх номын дэлгүүрийн сүлжээгээ богино хугацаанд уншигчдын танил болгож чадлаа. “Мирном” ч бас зөвхөн номын сүлжээгээр хол явахгүй гэдгээ ухааран дэргэдээ “Мирном” хэвлэлийн газар байгуулж “Шерлок Холмс”-ын цуврал тэргүүтэй олон номыг орчуулан гаргасныг уншигчид андахгүй биз ээ. Миний мэдэхийн Непко хэвлэлийн газар мөн адил хэд хэдэн жижиглэн худалдааны мухлагаа хотын төв дэх гоёмсог шилэн барилгуудын нэгдүгээрт давхарт нээгээд байна. Эндээс нэг дүгнэлтийг хийж болохоор. Уншигчид маань “Интерном”-ын хямдралтай өдөрлөгт “Монсудар”-ын номууд, Аз хурын өдөрлөгт “Болорсудар”-ын номууд, Мирномын өдөрлөгт “Мирном”-ын номууд даацтай хямдарна гэдгийг сайтар ойлгоод авчих хэрэгтэй. Даацтай гэдэг нь +30%.

3. “Непко”-гийн номыг жилийн турш 20 хувиар

ХЯМДРАЛЫН ЗЭРЭГ: +3

Би лав Непкогийн номыг дэлгүүрээс авч үзээгүй. Баруун дөрвөн замын Голомт хотхон дахь Непко хэвлэлийн газар очоод л ямар ч номыг нь 20 хувиар хямдруулаад авчихдаг. Хааяа ном авах гээд ормогц өрөөнийх нь онгорхой хаалгаар Баабар гуай iMAC-аа товшчихсон, хянуур суугаа харагддаг юм. Нэг удаа Фукаямагийн “Улс төрийн тогтолцооны сурвалж”, Хэнри Киссинжэрийн “Хятад” гэх хоёр номны алийг авах вэ гээд хоёуланг нь гартаа барьчихсан тээнэгэлзэж зогстол Баабар гуай дэргэдүүр өнгөрөхдөө “Төрийг ойлгоё гэвэл энийг, Хятадыг ойлгоё гэвэл энийг” гэж хэлээд явчихаж билээ. Бас нийтлэлч Цэнддоо гуайтай хэд хэдэн удаа таарсан шүү. Хамгийн сүүлд, сэтгүүлч Ганчимэг эгчийн “Аав бид хоёр”-ыг Непкогоос авсан юм байна. Мэдээж 20 хувь хямдруулж. Олж уншъя даа гэж бодож байсан номоо олоод авчихсан даа тун ч их хөөрөн догдолж билээ.

4. Номын нээлтэн дээр оч

ХЯМДРАЛЫН ЗЭРЭГ: +3

Мэдээж номын нээлт бүр “хямдралтай” гэж ойлгож болохгүй. Гэхдээ санаанд оромгүй сайхан боломж олгодог өдөрлөгүүд үе үе тохиодог шүү. Г.Аюурзана гуайн хөрвүүлсэн, Буриадын яруу найрагч С.Тумуровын “Хүннү уулын нойрсогч өвс” номыг нээлтэнд нь очсон хүн бүрт үнэгүй өгсөнийг уншигч та бүхэн дуулаагүй л биз дээ. Муракамагийн 1Q84-ийн нээлтэн дээр, түрүүлж ирсэн 1+9+8+4 буюу нийт 22 хүнд онцгой хямдрал үзүүлсэн юм даг. Даанч би хоцорч очсон л доо. Мөн “Тагтаа”-гийнхан шинэхэн ном бүрээ нээдэг уламжлалтай. “Цас”-ыг нээсэн, “Кафка”-г нээсэн, “Тэжээвэр”-ийг ч нээсэн. Чингэхдээ нээлт бүрийнхээ үеэр бүх номоо 20 хувь хямдруулчихдаг. Би лав Тагтаагийн номыг дэлгүүрээс ер авдаггүй. Хүлээж байгаад нээлтэн дээр нь очоод л авчихдаг юм. Харин сүүлд “Тэжээвэр”-ийг гарахад нээлтээ хийхгүй мөн ч удсан шүү. Арав хонолоо, байдаггүй. Хорь хонолоо, байдаггүй. Хүмүүс “Тэжээвэр”-ийг уншсанаа яриад л байдаг. Гэхдээ би нээлтийг нь тэвчээртэй хүлээхээр шийдээд, бас унших хорхойгоо дарахын тулд номын шүүгээндээ буй “Монголын сонгомол тууж”-аасаа “Тэжээвэр”-ийг нь сугалаад уншчихсан юм даг. Ийнхүү удаан хүлээсний эцэст “Тэжээвэр”-ийн нээлт ч болж, би 20 хувийн хямдралтайгаар шинэхэн номоо аваад зогсохгүй, Далхаагийн Норов гуайгаар гарын үсэг зуруулж амжсан. Гол нь хүлээх л чухал байгаа биз.

5. Номын зохиогч, орчуулагч, эрхлэн гаргагчтай нь холбогд

ХЯМДРАЛЫН ЗЭРЭГ: +3

Саяхан би Ломбын Нямаа гуайн “Миний амьдардаг ертөнц” номыг олж авахсан гэж мөн ч их мөрөөсөл болов оо. Цахимаар ч эрлээ, мухлагаар ч явлаа, бүр олддоггүй шүү. Тэгэхээр нь Нямаа гуай руу залгаад “Таны номыг унших гэтэл хаанаас ч олддоггүй ээ” гэж хэлтэл өвгөн зохиолч маань “Алив надаас ирээд авчих” гэдэг юм байна. Тэгэхээр нь тэр даруй давхиж очоод, бүр үнэгүй төдийгүй гарын үсэг зуруулж авсан. Гэхдээ иймэрхүү аз завшаан үргэлж тохиогоод байхгүй ч зохиогчтой нь холбогдож чадвал 20 хувийн хямдрал элбэг тохиох магадлалтай шүү. Номын дэлгүүрүүд ном бүрээс 30 хувийн шимтгэл авдаг тул ном эрхлэн гаргагчид 20 хувийн хямдралаас төдийлөн татгалзаад байдаггүй. Гол нь тэдэнтэй холбогдож чадах нь л чухал. За тэгээд, Фэйсбүүк байхад бүх юм болно доо.

6. Хуучин номын мухлагуудаар яв

ХЯМДРАЛЫН ЗЭРЭГ: +1

Арслантай гүүр, Төв шуудангийн булан, МУИС-ийн 2-ийн урдах талбай, Цамбагарав гэх хуучин ном худалдаалдаг төвлөрсөн цэгүүд Улаанбаатар хотод хэд хэд бий. Үнэ нь хэлбэлзэлтэй, үүдээр нь орох болгонд “Ямар ном хайж байна, ямар ном зарах уу” гэх зэргээр худалдагч бүр нь уйгагүй шалдаг гээд дурлаж очмоор газар биш ч үе үе гэмгүйхэн шагайж байхад илүүдэхгүй. Нэг үгээр, ийш санаандгүй зорьж ирээд ямархан ховор номтой учрахыг хэн ч таашгүй билээ. Харин англи хэл дээрх хуучин ном сонирхож байвал УИД-ийн баруун урд тал дахь подвалийн жижигхэн дэлгүүрийг санал болгоё. Тэнд TIME, National Geographic сэтгүүлүүдийн нэг их хуучраагүй дугааруудыг боломжийн үнээр зардаг шүү.

7. Фэйсбүүк дэх номын бүлгэмүүдэд нэгд

ХЯМДРАЛЫН ЗЭРЭГ: +3

Миний хамгийн зочлох дуртай газар бол “НОМ авна, зарна, солино, түрээслэнэ, хайж байна….” гэх жигтэйхэн урт нэртэй сошиал бүлгэм. Эндээс мөн ч их ном дамлан авсан даа. С.Эрдэнийн 20 ботийг санаанд оромгүй бага үнээр авч чадсан шүү. Хүсвэл би яг одоо “Стив Жобсын бүрэн цадиг” номыг дэлгүүрийн үнээс 50 хувь доогуур олж чадна гэдгээ бардам хэлэхээр байна. Ингэхийн тулд бүлгэм рүүгээ нэвтрэхэд л хангалттай. Бүр гялгар уутнаас нь задлаагүй, шив шинэ хувилбарыг шүү. Ийм л шидтэй бүлгэм дээ. Би “Гурван улсын үлгэр”-ийг үнээр нь авсандаа одоо болтол харамсдаг юм. Манай бүлгэмд тус номыг хоёр, заримдаа гурав дахин хямдруулчихсан зарж байгаа харагддаг л юм. Одоо яая гэхэв.

8. “Аз хур”-ын 10 хувь ч алдартай шүү

ХЯМДРАЛЫН ЗЭРЭГ: +2

Номыг хямдралтай олж авах энэ бүх аргыг хоёр хэсэгт тоймловол нэг нь хүлээх, нөгөө нь эрж хайх гэж хэлж болохоор. Номын яармаг, хямдралт өдөрлөг, номын нээлтийг тэвчээртэй хүлээхээс гадна ном эрхлэн гаргагчдыг эрж олох, фэйсбүүк дэх зарын бүлгэмийг харуулдах, хуучин номын мухлагуудаар хэсэх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхэн үнэнхүү залхуутай санагдвал Аз хур дэлгүүрийг Бямба гараг бүр зориод л оч. Бүх ном 10 хувийн хямдралтай. Гэхдээ Аз хурд “Монсудар”-ын номууд, эсрэгээрээ Интерномд “Болор судар”-ын номууд зарагддаггүй гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Ер нь номыг хямдралтай хүртэнэ гэдэг мэдээлэлтэй байхын нэр юм. Мэдээж ихэнх мэдээлэл фэйсбүүкээр дамжиж тархдаг. Тэгэхээр дараах пэйж хуудсуудыг заавал LIKE дарсан бай. Үүнд: Монсудар,Интерном, Болор судар, Аз хур, Мирном, Тагтаа, Непко. Гэхдээ LIKE дарсан л бол санаа амарч болохгүй. Үргэлж эргэж тойрч бай хэмээн эцэст нь зөвлөе дөө.

Жич: Ном хямдхан олж авах ч яахав. Гол нь уншиж хэвших хэрэгтэй. Тиймээс буурьтай уншигч болмоор байвал “Унших эрдэмд дурлахуй” бичвэрийг заавал уншаарай.

Э.ЭНХЦОЛМОН

ЭХ СУРВАЛЖ: http://enkhtsolmon23.blogspot.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр