Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АН-ын мөрөөдлийг биелүүлэх үү

МАН бол Монголын улстөрийн ууган хүчин. Ардын хувьсгал, эрх чөлөөний тэмцэл, социализмд хүрэх агуу их тэмүүлэл гээд орчин цагийн Монгол Улсын бүхий л түүх, уналт, босолтын шалтгаан энэ намтай холбоотой. Өнгөрсөн нийгмийн үед намын гишүүн болох нь хувь хүний нэр хүндийн асуудал байсан тул шалгуурт нийцэхийн тулд дор бүрнээ хичээнгүйлэн бэлддэг байсан. Харин намаас хөөгдөх, намын хурлаар хэлэлцэгдэх гэдэг нь хамгийн ичгүүртэй явдлын нэг байлаа. Тиймдээ ч МАН өнөөдөр ч боловсон хүчний бааз сууриараа тэргүүлж, дотоод эв нэгдэл, удирдлагын хариуцлагатай байдлаараа бусад намаас ялгарч байгаа.

Энэ хэрээр ах нам улстөрд хүчирхэг байр суурь эзэлсэн. Гэхдээ ардчилалд хөл тавьснаас хойш өдгөөг хүртэл олонх, сөрөг хүчин, цөөнхийн аль алиныг гүйцэтгэсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, МАН-д ялагдах үе цөөнгүй байсан. Гэсэн ч ялагдал нь гудамшигт явдал, төгсгөл биш учраас өөрт ногдсон үүргийг нэр төртэйгөөр биелүүлсээр ирсэн гэхэд болно.

Харин 2016 оны сонгуулиар МАН парламентад хэт олонхийн суудлыг авч, өдгөө УИХ, Засгийн газрыг дангаар шахам бүрдүүлж байгаа. Энэ хэрээр тус нам Монгол Улсын өмнө алдах эрхгүй асар өндөр хариуцлагыг нуруундаа авсан билээ. Өөрөөр хэлбэл, улсыг удирдах бүх эрх мэдэл одоо МАН-д төвлөрч байгаа гэхэд буруудахгүй. Гэвч МАН-ын дотоодод асуудал үүсч эхэлсэн. Учир юу гэвэл, энэ өндөр хариуцлагыг бүхнийг захирах, зарцуулах эрх мэдэл гэж андуурсан бүлэг нам дотор бий болжээ. Гэхдээ тэд балар цагийнх шиг удирдлагуудаа шууд үгүй хийж, эрхийг гартаа авах боломжгүй тул МАН-ыг хагалах, хуваах, цаашилбал энэ санаагаа гүйцэлдүүлж  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож чадсан нь нэлээн эртнээс төлөвлөсөн ажил байжээ гэж харагдаж буй юм.

Өөрөөр хэлбэл, тэд  санасандаа хүрсэн. Тодруулбал, АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намыг бүрэн хүчин чадлаар ажиллах боломж өгөлгүй  намынхан нь даргыг нь ялагдалд хүргүүлж Ерөнхийлөгчийн сэнтийш өөрсдийн болгосон нь эхний алхам. Улмаар тэдний  энэ санаархал дуусаагүйгээр үл барам МАН-ыг хувааж, Засгийн газрыг нь  унагааж, хамтарсан засаг байгуулахыг битүүхэн мөрөөдөж байна.

Яг үнэндээ  өнгөрсөн жилүүдэд АН-ын Засгийн газар  Монгол Улсыг урагшлах тэнхээгүй болгож, яг одоо МАН-ыг элдэвлэж байгаа шигээ өвөр зуураа хэмлэлдсээр олигтой ганц ч зүйл бүтээлгүй дөрвөн жилийг урсгасныг мартаагүй байгаа билээ. Ямартай ч 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх АН-ын хүсэл мөрөөдлийг биелүүлэх болов уу.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр